Жижи Хадид, Кэндис Свейнпол ба Пэрис Жексон нарын оролцсон 2018 оны хуанли

Раф Симонсын шинэ загваруудаар гоёсон загвар өмсөгчид гүйлтийн зам дээр гүйж, гарын дасгал хийж байна

Францын Vogue сэтгүүлийн домогт редактор ба стилист Карин Ройтфельд өөрийн үүсгэн байгуулсан CR Fashion Book сэтгүүлийн вебсайт дээр 2018 оны хуанли нийтэллээ. «CR Girls 2018» хэмээн нэрлэгдсэн энэхүү хуанлид төрөл бүрийн үндэс угсаатай алдарт загвар өмсөгчид оролцсоноор онцлог болжээ. Тэр дунд Жижи Хадид, Жоан Смоллс, Хейли Клаусон, Пэрис Жексон, Бинкс Уолтон, Victoria's Secret-ийн шинэ нүүр царай Грейс Элизабет, Кэндис Свейнпол ба хижаб өмссөн модель Халима Аден нар багтаж байгаа юм.

Хуанлийг бүрдүүлсэн нийт 12 зургийг алдарт зурагчин Стивен Кляйн авсан байна. Тэрээр өмнө нь Balenciaga, Alexander Wang, Louis Vuitton ба Roberto Cavalli брэндүүдэд зориулж өдөөн хатгасан төслүүд гүйцэтгэж байсан туршлагатай юм. Сэтгүүлийн хамт олон мөн энэхүү хуанлийг бүтээхдээ TechnoGym гэх фитнессийн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг брэндтэй хамтран ажилласан байгаа.

Карины онцолж буйгаар энэхүү зураг авалт нь "2018 оны эмэгтэйчүүдийн олон талт байдлыг харуулахаар зорьсон" аж.

Хуанлийн хэвлэсэн хувилбарыг худалдан авахын тулд crgirls@crfashionbook.com хаяг руу и-мэйл илгээх хэрэгтэй бөгөөд борлуулалтаас олсон бүх хөрөнгө сэтгэцийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба насанд хүрэгчдэд зориулагдсан "Special Olympics" санд хандивлагдах болно.

Buro.Mongolia

2017-12-11, 11:00

  • Зураг: