Шилдэг аксесуар
Fendi биднийг зугаатай, өхөөрдөм аксесуарууудаараа баярлуулсаар байна. Брэндийн ээлжит бүтээл “Strap You” цүнхний оосор таны мөрөөдлийн зүйл болох нь гарцаагүй
Бүтээлч захирал Карл Лагерфельдын удирдлага доор үйл ажиллагаагаа явуулдаг Fendi загварын ордон сүүлийн жилүүдэд илүү зугаатай бас өвөрмөц гар цүнх, түүнийг дагалдах аксесуар гаргах болж, өндөр амжилт олоод байгаа билээ. Тэд өмнө нь үсэрхэг мангас бүхий цүнхний зүүлт, Карл Лагерфельдийн дүрстэй зүүлт, мөн маш жижиг хэмжээтэй (хоёр ширхэгтэй Snickers шоколад шиг урттай) цүнх гаргасныг та санаж байгаа биз ээ. Харин хамгийн сүүлд, арваннэгдүгээр сард брэнд Strap You цуглуулга танилцуулсан юм. Цүнхний бие даасан, салгагддаг оосроос бүрдсэн цуглуулга анх resort 2016 каталогид харагдсан бөгөөд худалдаанд гарснаасаа хойш бүсгүйчүүд дунд маш эрэлттэй байна.
"Strap You" цуглуулгад сонгодог аль эсвэл могойн арьстай, олон өнгийн чимэглэл хадаастай гэх зэрэг есөн төрлийн өөр загварууд багтсан ба оосор бүр тусдаа худалдаалагдаж байна. Бүх оосор хоёр талаараа өөр өнгөтэй бөгөөд алтан эсвэл мөнгөлөг бэхэлгээний сонголттой аж. Түүнчлэн худалдан авагчид оосор дээрээ өөрийн нэрний эхний үсгээ хоёр төрлийн үсгийн хэмжээгээр сийлүүлэх боломжтой юм. Оосрын бас нэгэн давуу тал нь тэд зөвхөн Fendi-гийн гэлтгүй аливаа цүнхэнд бэхлэгдэж болно.
Оливия Палермо, Чиара Феррагни ба Изабель Гулар гэх загварын одууд аль хэдийнэ шинэ цуглуулгын оосрыг Fendi-гийн цүнхтэй хослуулан барьснаар street style зурагчдын дуранд өртсөн байна. Дашрамд дурдахад шинэ цуглуулгын оосор удахгүй болох хавар-зун 2016 загварын шоуны тайз дээр гарах талаар мэдээлэл Fendi-гийн албан ёсны Instagram хуудас дээр тавигджээ. Энгийн цүнхийг илүү сонирхолтой болгох, хувцаслалтыг илүү өнгөлөг болгох энэ оосор танд хэр таалагдаж байна?
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт