Загвар өмсөгч Ж.Энэрэл Милан, Парис, Португалийн загварын долоо хоногт амжилттай оролцсоны дараа эх орондоо ирээд удаагүй байна. Тэрээр Бюро 24/7-гийн редакцаар зочилж, өнгөрсөн намар-өвөл 2017 улирлын загварын долоо хоногуудад оролцсон сонин сайхнаасаа хуваалцлаа
Бюро 24/7-гийн уншигчид Ж.Энэрэлийг Милан, Парис, Португалийн загварын долоо хоногуудад оролцож, 12 шоуны тайзан дээр алхсан зургуудын олонхийг харсан биз ээ. Тиймээс бид энэ удаад түүнээс загварын шоугүй үеэр юу хийсэн, өөрт нь ямар сорил тулгарч, хэрхэн даван туулж байсныг асууж тодрууллаа. Түүний хувьд энэ улиралд амжилттай, сайхан мөчүүд олон байсан ч томоохон брэндүүдийн шоунд тэнцэж чадаагүйдээ шантрах үе ч тохиолджээ. Гэвч Ж.Энэрэлийг ирэх намар болох "Хавар-зун 2018" улирлын загварын долоо хоног дахин хүлээж байна. Тэр үед NYC Muse Model Management, MP Paris, MP Milan, MandP London агентлагуудад харьяалагдаж буй загвар өмсөгч Ж.Энэрэл дахин Нью-Йорк, Милан, Парисын загварын долоо хоногуудад оролцож, амжилтаа ахиулах сорилд гарах болно.
Энэ улирлын гараагаа амжилттай дуусгасанд нь баяр хүргэе. Чи сая Лондонгийн загварын долоо хоногоос бусад гол гурван хотод бүгдэд нь шоунд оролцлоо. Хамгийн гоё шоу аль нь байсан бэ?
Бүх л шоу гоё. Ялангуяа сүүлд Португалийн загварын долоо хоногт оролцсон Carlos Gill шоуны хаалтын парадыг эхлүүлсэн нь их сайхан байсан. Дизайнер нь өөрөө маш мундаг бөгөөд шоуны дуу нь ч бас их гоё байлаа.
Европын агентлагуудад Ази моделиуд олон байна уу?
Тийм ээ. Маш их. Хятадууд олон байсны дээр над шиг ийм үс засалттай хятад моделиуд нэлээн харагдсан.
Хүмүүс чамайг бас хятад гэж хэлж байна уу?
Тэнд Ази хүн л байвал "Хятад уу?" гэдэг. Би өөдөөс нь "Үгүй ээ, үгүй" гэж маргалдаад л байж байлаа. (инээв)
Загварын шоугүй үеэр хийж байсан гол ажил нь юу байв?
Stella McCartney болон өөр нэлээн хэдэн брэндийн загварын байранд ажилласан. Тэдгээр брэндүүдийн харилцагч, худалдан авагчид захиалгаа өгөхөөр ирэхэд нь моделиуд хувцас өмсөж үзүүлдэг юм.
Олон цаг зогсох уу?
Үгүй дээ, ажилгүй үед утсаа харж сууж байгаад л, "За энийг өмс" гэхээр нь очиж, харуулчихаад байж байна.
Чи өнгөрсөн улиралд оролцсон Нью-Йорк, Милан, Парис, Португалийн загварын долоо хоногуудыг харьцуулаад харахад тэд юугаараа ялгаатай байна вэ?
Ерөнхийдөө надад Нью-Йорк, Парис, Миланд загварын шоу нэг стандартаар болдог юм шиг санагдаж, нэг их ялгаатай зүйл мэдрэгдээгүй. Ганц анзаарагдсан зүйл гэвэл модель сонголтон дээр Европт бага зэрэг рацист хандлагатай. Тэд илүү шар, цагаан арьстай моделиуддаа дуртай болохоор Ази юм уу, өнгөт арьст моделиудыг бага оруулдаг. Нүүр хувиргагчдын хувьд Европт M.A.C-ийн уран бүтээлчид тойроод ажилладаг бол Нью-Йоркт болохоор янз бүрийн брэндийн нүүр хувиргагчид ажиллаж байсан. Тэд загвар өмсөгчдийг тайзан дээр гарахын өмнө гарын хурууг хүртэл будаад, бүх зүйлийг төгс болгодог. Хамгийн сүүлд нь ахлах мэйк-апп артист, ахлах үсчин ирж шалгасны дараа дизайнер мөн өөрөө хувцас янзалж өгөөд гаргана. Тэгээд л тайзан дээр гараад алхахад шалнаас тааз хүртэл битүү зурагчид байдаг. Тэр олон камер өөдөөс зураг авч байгаа нь бас гоё сэтгэгдэл төрүүлдэг.
Чи "Mongolia's Next Top Model" шоунд оролцож байгаа охидод зориулж "Хэрхэн шалгаруулалтанд оролцох вэ" гэсэн сэдвээр зөвлөгөө өгсөн. Тэр видео бичлэгт чи, "Шантарч болохгүй шүү. Олон шоуны шалгаруулалтаас цөөнд нь тэнцдэг" гэж хэлж байсан. Энэ удаад чи хэдэн шалгаруулалтанд оролцов?
За, нэг загварын долоо хоногт 30-40 шалгаруулалтанд явсан байх. Одоо эргээд бодоход бас л "аймар" байна шүү. Португальд харин шалгаруулалтанд ороогүй. Парист миний хамгийн сүүлд оролцсон Luis Buchinho брэндийн дизайнер Португальдаа маш алдартай хүн юм билээ. Түүнтэй хамт модель шалгаруулдаг хүмүүс нь ирчихсэн байсан ба манай агентлаг руу шууд холбогдоод намайг оролцуулах болсон юм.
Ер нь загварын шоуны үеэр сэтгэл санаа тийм ч сайн байгаагүй. Dior, Hermès-ийн шалгаруулалтанд тэнцээгүй болохоор шантрах сэтгэл төрж, "За, за болъё. Би зүгээр Монголдоо амьдарлаа" гэж бодсон. Дараа нь сонсоод байхад "Эхний улиралд хэн ч, хэзээ ч тэгж том брэндийн шоунд шууд ордоггүй, цаана нь агентлаг болон шоу менежерүүдийн маш том бодлого явдаг. Чиний карьер чамаас шалтгаалахгүй" гэж хүмүүс хэлж байсан. Тэгэхээр бид нарын одоо хийх ёстой зүйл бол маш эрүүл хооллож, гоё биетэй, сайхан арьстай байж байх ёстой юм билээ.
Энэ зөвлөгөөг хэн өгсөн бэ?
Загвар өмсөгчид. Мөн агентлаг болоод шалгаруулалтын захирал хоёрын харилцаа моделиудад их чухал санагдсан. Жишээ нь хамгийн мундаг шоунуудыг зохиодог Пьер Жиоржио гээд нэг ижил хүйстэн залуу байдаг юм. Тэр л гэхэд загвар өмсөгчидтэй шууд хувийн үзэмжээр хандаж, шалгаруулалтанд сонгогдох үгүйг нь шийдэж байсан. Иймэрхүү жижиг зүйлсээс гадна ер нь гол бодлогын хувьд хятадаас гаралтай моделиудыг илүү дуртай авдаг. Учир нь тэд шоуны дараа борлуулалтанд сайн нөлөө үзүүлж чаддаг.
Б.Ялгуун та хоёр хамтдаа шалгаруулалтанд явж байв уу?
Тийм ээ, тусдаа байранд байдаг болохоор өдөр нь уулзаад л хамт явдаг байсан. Нэг удаа бид хоёр бүр сэтгэлээр уначихсан сууж байсан чинь 16 дах улиралдаа загварын шоунд оролцож байгаа гээд нэг охин хэсэг юм ярьж өгч, бид хоёрын сэтгэл жаахан онгойсон. Тэр охин 26 настай, тэгтлээ од болоогүй ч гэсэн том, том шоунд алхсан, яг л 18-тай юм шиг харагддаг. "Намайг 16 дах улиралдаа орж байгаа болохоор шалгаруулалтынхан <<Чи байсаар л байна уу>> гээд бүр үзэн ядаж байгаа. Тэгэхдээ л би тэднийг тоохгүйгээр энд байж л байна" гэж тэр ярьсан.
Зураг авалт чиглэлээр саналууд ирэв үү? Рекламанд оролцох, брэндийн нүүр царай болох түвшинд одоо юу хэрэгтэй байгаа вэ?
Миний зургийн танилцуулга одоогоор цөөн зурагтай байна. Танилцуулга сайжрах тусам рекламанд тоглох боломж ихсэнэ. Мөн загварын шоуны үеэр стилистүүдэд таалагдах юм бол шууд холбоо тогтоож болдог юм билээ. Elle сэтгүүлд авахуулсан тэр зураг ийм зарчмаар холбогдсон. Ер нь бол загварын долоо хоногийн үеэр бүгд шоунд анхаараад гэрэл зураг болон сурталчилгааны ажлууд хойш нь тавигддаг.
Энэ улирал чиний хувьд бас гоё аялал болсон байх. Очсон хотуудаас юу, юу нь хамгийн их таалагдав. Бас таагүй сэтгэгдэл төрсөн газар байв уу?
Милан хот бол үзэж, харах ганцхан юмтай, ер нь их уйтгартай юм билээ. Би тэнд түрийвчээ алдчихсан болохоор их дургүй байсан юм. Тэгтэл бүх л моделиуд "Би Миланыг үзэн яддаг" гэж ярьж байсан. Парист бол гоё, сайхан зүйл нь дуусахгүй их. Хүмүүсийн соёл ч, барилга байшин, музей, галерей нь ч тэр бүгд л гоё. Надад харин Португаль маш их таалагдсан. Уур амьсгал нь тайван, амгалан. Дэлгүүр нь нээлттэй хэрнээ дотор нь худалдагч байхгүй. Аягүй сонин. Кафе, ресторанууд нь үдийн цайны үеэр гээд 12:00-15:00 цаг хүртэл л ажилладаг. Тэгснээ орой 19:00 хүртэл ажил хийхгүй сууцгаачихна. Би 17 цагийн үед хоол идэх гэсэн чинь хүмүүс нь дотроо байгаа хэрнээ ажиллахгүй байсан. "Та нар байгаа юм чинь хоол хийгээд өгчихгүй юм уу" гэхээр, "Үгүй ээ, 19 цагаас ирээрэй" гээд ерөөсөө ашиг боддоггүй хүмүүс байна лээ. Миний орсон нэг паб яг л Таринтиногийн кино шиг сэтгэгдэл төрүүлсөн. Хөгшин залуугүй сонин, сонин ажлын хувцастай, бүгд л налайж, инээж хөөрөлдсөн хүмүүс байлаа. Тэнд мөн Порто, Лиссабон хотуудад болсон загварын шоунуудад оролцож байхдаа "Монголд ядаж нэг тийм түвшний загварын долоо хоног хийчихдэг бол ..." гэж бодогдсон.
Улаанбаатарын загварын долоо хоногтой болох талаар олон мэргэжилтнүүд ярьж, судлаж байгаа. Чиний бодлоор ийм загварын долоо хоног байвал нэн түрүүнд юу хэрэгтэй вэ?
Тайз, гэрэлтүүлэгний асуудал. Тэгээд л болоо. Бусад нь бол хөрөнгө босгох асуудал байх. Порто, Лиссабонд болсон шоунууд гаднаасаа хуучирсан барилга шиг хэрнээ дотроо өндөр тааз, урт зайтай байхад л болж байсан. Дээр нь сайн гэрэлтүүлэг суурилуулж, танхимдаа сандлаа янз бүрээр өрөөд байрлуулчихсан. Тэгээд л нэг, нэг цагийн зайтай дизайнеруудын шоу үргэлжилж болоод л. Ер нь л зохион байгуулалт сайтай байвал тийм ч хэцүү зүйлгүй харагдаж байлаа. Хэрэв монголд урин дулааны улиралд хийгээд, ирсэн зочид нь ч гэсэн гоё хувцаслаж street style давалгаа үүсгэвэл гоё байх аа.
Монголд байх хугацаандаа юу хийх бодолтой байна вэ?
Одоо тэгээд л турна даа. Би сүүлийн нэг сар бараг өдөр болгон чихэр, бялуу, шоколад, жигнэмэг идсэн байх. Тэнд ер нь ганцаараа байх их хэцүү. Өдөржингөө өөртэйгээ яриад л. Сүүлдээ бүр өөртэйгээ маргалдана, өөрөөсөө залхана. Тэгээд л уйдахаараа ч юм уу, ажлаа тарахаараа дэлгүүр орж амттай юм их идсэн.
Тэгэхээр одоо чи цаашдын карьераа хэрхэн үргэлжлэнэ гэж бодож байна вэ?
Ер нь л болчих юм шиг санагдаж байгаа. Ирэх намар Парис, Милан руу явна. Харин Нью-Йоркийн виз хараахан шийдэгдээгүй байгаа.
Сонирхуулах үүднээс тэнд загварын шоунуудад оролцох цалин ямар байдгийг хэлж өгч болох уу?
Тэнд цалинг Монголд байдаг шиг тайзны гараа биш шоугаараа тооцдог. Нэг шоунд доод тал нь 900 евро ба 1500 хүртэл янз бүр байдаг. Гэвч тэндэхийн татвар маш өндөр. Би чинь бараг 50 сая төгрөг олсон хүн шүү дээ. Тэгээд л татвар, агентлагийн мөнгө, амьдрах зардлаа хасахад 5 сая төгрөг үлдсэн. Францын татвар нь 40 хувь. Яриа байхгүй үүнийг төлнө. Агентлаг мөн цалингийн 30 хувийг авдаг. Амьдрах байр, амжиргааны өртөг, онгоцны тасалбар нэлээн өндөр үнэтэй. Тэгэхдээ яах вэ, загвар өмсөгчид ихэвчлэн агентлагтаа өртэй үлддэг. Тэдний хажууд би харин гайгүй сайн байсанд тооцогдоно байх аа.
Баяpлалаа, ирэх хавар-зун 2018 улиралд нь өндөр амжилт хүсье.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт