Хувцас ба стиль: 2019 онд та дараах зорилтуудыг урдаа тавиарай

Энэ оны гол уриа - “Бага бөгөөд ухаалаг худалдан авалт хий”

Шүүгээний гүнд байгаа хувцаснуудаа гаргаж ирэх

Хүмүүс ихэвчлэн өөрт таалагдсан, өөр хувцастай хялбархан хослуулаад сурчихсан цөөн хэдэн хувцсаа ахин дахин өмсөх хандлагатай байдаг. Өглөө яарсандаа ч юм уу, эсвэл зүгээр л залхуурсандаа бид шүүгээнийхээ тал хувийг л өдөр тутамдаа ашигладаг. Харин 2019 онд санхүүгийн ухаалаг зарцуулалт хийхийн төлөө мөн хог хаягдлыг багасгах зорилгоор шүүгээнийхээ гүнд байгаа хувцаснуудыг гаргаж ирэн шинэлэг байдлаар загварчлаад үзээрэй. Тэр ч бүү хэл шүүгээнд байгаа хувцаснуудаа ширхэг бүрчлэн өмсөж үзэхийг бид уриалж байна. Өөрт байгаа зүйлсээсээ таашаал авж сурцгаая.

Хэзээ ч өмсөхгүй хуучин хувцаснуудаа ялган хандивлах

Хүн бүрт өмсөхгүй гэдгээ мэдсэн хэдий ч шүүгээнд хөглөрөн үлдсэн, эсвэл ямар нэгэн дурсамжийн улмаас хадгалан үлдээсэн хуучин хувцаснууд байдаг. Энэ жил шүүгээгээ сайтар цэвэрлэж, хэрэггүй эд зүйлсээ хандив болгон өгөхийг гол зорилтоо болгоорой.

Сайн чанарын аксесуарын цуглуулгатай болох

Хувцас мэдээж чухал хэдий ч төрхийг илүү цэмцгэр, цэгцтэй, чанартай харагдуулдаг гол зүйл нь аксесуар гэдгийг эмэгтэйчүүд аажмаар ухаарч эхэлдэг. Олон жил эдлэгдэх, сайн чанарын гар цүнх, гутал, хүзүүний зүүлт, ээмэг, бүс зэрэг нь загварын ертөнц дахь хамгийн ухаалаг хөрөнгө оруулалт юм шүү. Тиймээс одооноос анхаарлаа аксесуар дээр төвлөрүүлэхийг бид санал болгож байна.



Илүү зоригтой байх

Хөлөөс толгой хүртлээ хар өнгөөр хувцаслах, эсвэл өөрт зохидог эсгүүрээ ахин, дахин өмсөх нь таныг үргэлж зохистой, цэгцтэй харагдуулах аюулгүй арга хэдий ч заримдаа мөн сонирхолтой, өвөрмөц төрх бүрдүүлэх хэрэгтэй шүү дээ. Энэ онд хэзээ ч өмнө нь туршиж үзээгүй тэрхүү неон шар өнгийн борооны цувыг, эсвэл хэтэрхий этгээд санагддаг байсан толгой эргэм хээтэй даашинзыг өмсөн хувцаслалтынхаа стилийг шинэчлээд нэг үзээрэй. Заримдаа яг л киноны гол дүр мэт эсвэл загварын зураг авалтад оролцох гэж буй мэт өнгөлөг, ганган, анхаарал татам хувцаслах нь таныг илүү өөртөө итгэлтэй болоход тусалж, эерэг энерги бэлэглэнэ гэдэгт итгээрэй.

Байгаль орчинд санаа тавьдаг жижиг брэндүүдийг дэмжих

Fast fashion зах зээлийн том компаниудаас худалдан авалт хийхийн оронд хог хаягдал багатай, байгаль орчинд санаа тавьдаг хараат бус дизайнерын гараар урласан эд зүйлс сонгох нь таны байгаль дэлхийд оруулж буй нэгэн хувь нэмэр юм. Ерөнхийдөө худалдан авахыг хүссэн зүйлээ сайтар тунгааж үнэхээр хэрэгтэй гэсэн зүйлээ л авах нь хог хаягдлыг багасгах чухал алхам болно.

Ө.Тодгэрэл

2019-01-07, 16:00