Нэг хувцас - долоон төрх: Говь брэндийн эрэгтэй, эмэгтэй пиджак

Хүн бүрийн шүүгээнд байвал зохих, мөнхийн сонгодог загвар

Ихэвчлэн ажил хэрэгч хэв маягаар тодорхойлогддог пиджакийг хэрхэн street style уур амьсгалд оруулж болохыг бид Говь брэндийн загварууд дээр харууллаа

Хэрвээ та сонгодог эсгүүртэй пиджакийг зөвхөн их сургуулийн өдрүүд эсвэл ажлын өмсгөлтэй холбож боддог бол дахиад нэг удаа эргэцүүлээд үзээрэй. Дэлхийн загварын салбарт 1980-аад оны power dressing буюу хүчирхэг, амжилттай эмэгтэйчүүдийг тодорхойлох хослолын стиль моодонд орсонтой холбогдуулан дизайнерууд пиджаканд цоо шинэ амьдрал бэлэглэж байна. Уйтгартай пиджакаа өнгөлөг коовт эсвэл гоёмсог захтай цамцаар чимдэг үе аль хэдийнээ өнгөрчээ. Одоо пиджак өөрөө анхаарлын төвд байна. 

Хамгийн гол нь дизайнерууд энэ хавар-зуны улиралд хянуур зангаа түр мартан, сонгодог пиджакийг хүссэнээрээ загварчлахыг уриалж байна. Бүр хүссэнээрээ шүү. Танд ердөө л бүтээлч сэтгэлгээгээ ажиллуулж, бусдаас өвөрмөц харагдах үлдлээ. Гэхдээ хэрвээ туслалцаа хэрэгтэй бол томоохон брэндүүдийн хамгийн сүүлийн цуглуулгыг харахад л хангалттай. Gucci брэнд тухайлбал пиджакандаа тод өнгө ба хээ оруулж, хошин байдлаар хослуулан өмсөхийг санал болгосон. Түүнчлэн Saint Laurent ордон алдарт Грейс Жонсыг санагдуулам тачаангуй стилиэр пиджакаа загварчилсан бол, DKNY ба Off-White брэндүүд спорт чиглэл баримтлахыг зөвлөсөн юм.


Харин дотоодын загварын зах зээлийг хараад үзвэл Говь брэнд уг чиг хандлагыг нэвтрүүлж байна. Сүүлийн жилүүдэд минимал чиглэл баримталж, орчин үеийн, цэмцгэр загварууд гаргах болсон Говь брэнд энэ хавар-зуны улиралд эрэгтэй ба эмэгтэй загварын цэвэр ноолууран пиджак танилцууллаа. Цайвар шар, саарал, хар гэх саармаг өнгөнүүдийн сонголттойгоор худалдаанд гарсан 100%-ийн цэвэр ноолууран пиджакууд минимал дизайн, сонгодог эсгүүрийнхээ ачаар ямар ч хувцастай зохицож, ямар ч төрх бүрдүүлэхэд тохиромжтой харагдана.

Олон жилийн турш зөвхөн ажил албаны үүрэг гүйцэтгэж ирсэн пиджакийг ихэнх хүмүүс өөр өнцгөөс олж харж чаддаггүй. Зөвхөн харандаа хэлбэрийн юбка, брюк өмд ба захтай цамцтай зохицох мэт санагдах уг загварыг үнэндээ спорт уур амьсгалд оруулах эсвэл бүр эсрэгээрээ high fashion болгон загварчилж болохыг бид доорх долоон жишээн дээр харууллаа.

Эмэгтэйчүүдэд



Энэ зуны үндсэн тренд болох бичигтэй футболкатай ямар загвар хамгийн ихээр зохицох вэ? Тийм ээ, мэдээж хэрэг пиджак. Торон юбка, бичигтэй футболка болон чокер зүүлт таныг Dior бүсгүй мэт харагдуулж, high fashion төрх бүрдүүлнэ. Говь брэндийн хар өнгийн пиджак бүх улиралд хэрэг болох, сонгодог загвар байх болно.  



Нью-Йорк эсвэл Парисын гудамжинд үзэгдэх загварлаг бүсгүйн дүрэмт хувцсыг та анзаарсан уу? Жийнсэн өмд, хөлд эвтэйхэн намхан ултай гутал, цагаан футболка, мөн минимал дизайнтай пиджак байхад л та street style од болон хувирна. Тэр дундаа саарал өнгийн пиджак ямар ч хувцастай сайхан зохицдог тул таны төрхөө бүрдүүлэх ажлыг хөнгөвчлөх болно. Төгс хийцтэй загварыг "Говь"-ийн үйлдвэрийн дэргэдэх төв дэлгүүрээс олох боломжтой байгаа. Гэрээс гарахдаа юу ч бодолгүй энэхүү маш хялбар аргаар хувцаслаарай бүсгүйчүүдээ. 



Пиджакийг юүдэнтэй цамцтай хослуулж болох уу? Болно эсвэл болохгүй гэсэн дүрэм байхгүй шүү дээ. Хамгийн гэнэтийн зохицолдоо сэдэж чадсан бүсгүй хамгийн загварлаг харагдах нь цөөнгүй. Харин цайвар өнгийн загвар дулаан улирлын шилдэг сонголт болно.

Эрчүүдэд



Орчин үед ямар ч насны эрчүүд нэгэн хэвийн баригдмал биш, харин биед эвтэйхэн бөгөөд бага зэрэг чөлөөтэй стилиэр хувцаслах дуртай болсон. Цагаан өнгийн кет, жийнсэн өмд, цагаан футболка, мөн футболка дээр давхарласан ноосон цамц, дахин дээрээс нь давхарласан пиджак өмссөнөөр та хичээл зүтгэл гаргаагүй атлаа цэмцгэр харагдана. Хамгийн гол нь хувцсыг олон давхарлаж өмсөх аргачлалд суралцаж, уг урлагийг өдөр тутамдаа хэвшүүлэх хэрэгтэй. Энэ нь орчин үеийн загварлаг эрчүүдийн нууц арга юм шүү.



Пиджакийг заавал захтай цамцтай хослуулах ёсгүй шүү дээ. Нимгэн кардиган цамц, брюк өмд ба цэмцгэр гуталтай хослуулсан пиджак нь таныг яг л загварын мэргэжилтэн мэт нарийн мэдрэмжтэй, орчин үеийн шийдэлтэй харагдуулна. Гоёмсог пиджакийн эрэлд гарсан хүмүүс "Говь"-ийн гүн цэнхэр өнгийн загвараас нүдээ салгаж чадахгүй л болов уу.



Ажил хэрэгч атлаа нэгэн зэрэг чөлөөтэй хувцаслах арга бий юу? Мэдээж хэрэг бий. Үүнд таны хувцаслалтын жижиг деталиуд үндсэн үүрэг гүйцэтгэнэ. Захтай цамцныхаа эхний хоёр товчийг суллах, өмднийхөө шуумгийг эргүүлэх, хөлд эвтэйхэн атлаа цэмцгэр дизайнтай кет сонгох, мөн эцэст нь эдгээр хувцаснуудаа минимал загвартай пиджактай хослуулах нь оффисд, үдшийн болзоонд, өдрийн зугаалгад гээд бүх үед загварлаг харагдах төрх бүрдүүлнэ. Дулаан өдрүүдэд тохиромжтой цайвар шар өнгийн пиджакийг Говь брэндийн салбар дэлгүүрүүдээс олж аваарай.



Минимал хувцаслах дуртай эрчүүдэд зориулж бид төгс төрхийг санал болгож байна. Брюк өмд, цагаан футболка, лофер ба пиджакийг хослуулаад өмсөөрэй. Хамгийн гол нь сонгосон загварууд тань ямар нэгэн хээ угалз, бичиг, логогүй байх хэрэгтэйг мартуузай. 

 

"Говь" ХК
Холбогдох утас: 70048888
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

Ө.Тодгэрэл

2017-06-20, 14:30