BURO.-гийн уншигчид Futuristic Type-ийн Munu-г 2019 оны шилдэг дизайнераар нэрлэлээ

Санал асуулгын үр дүн

"2019 оны Монголын шилдэг дизайнер хэн бэ?" санал асуулгад оролцсон 10 дизайнераас Futuristic Type брэндийн үүсгэн байгуулагч дизайнер И.Мөнхтуяа буюу Munu уншигчдын саналаар тэргүүн байр эзэллээ. Тэрээр уншигчдаас 45%-ийн санал авч, ийнхүү 2019 оны шилдэг дизайнераар нэрлэгдээд байгаа юм. Futuristic Type нэрийн дор шинийг эрэлхийлсэн, ирээдүйг зөгнөн дүрсэлсэн загвар урладаг Munu 2019 оны хавар-зуны улиралд зориулан ретро өнгө аястай цуглуулга, намар-өвлийн улиралд зориулан шинжлэх ухааны сэдэвтэй цуглуулгыг танилцуулсан байгаа.

2006 онд Урлах Эрдмийн дээд сургуулийг хувцас дизайн, загвар зохион бүтээгч мэргэжлээр төгссөн тэрээр 2014 онд ретро-футуристик хэв маягтай анхны загваруудаа танилцуулсан билээ. Үүнээс хойш Futuristic Type улирал бүр шинэ цуглуулга танилцуулан, Берлиний альтернатив фэйшн долоо хоног, Байкалын загварын долоо хоногуудад оролцон олон улсын загвар шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан төдийгүй өдгөө Монголын загварлаг залуусын дуртай брэндийн нэгээр зүй ёсоор нэрлэгддэг. Харин 2020 онд дизайнер бүсгүй шинэ цуглуулгуудаа танилцуулахын зэрэгцээ Futuristic Type брэндийн албан ёсны вебсайтыг хөгжүүлэхээр төлөвлөж буйгаа онцолсон юм.

BURO.-гийн зүгээс уншигчдын дунд явуулсан энэхүү санал асуулгад 2019 онд хамгийн багадаа хоёр шинэ цуглуулга танилцуулан идэвхтэй үйл ажиллагаа явуулсан нийт 10 дизайнер оролцсон билээ. Тэгвэл санал асуулгын хоёрдугаар байранд 29%-ийн саналаар Монголын шинэ мянганыхны дуу хоолой болоод буй 93//KiDULT-ын дизайнер М.Нямсүрэн бичигдсэн юм. Харин Michel & Amazonka брэндийн дизайнерууд Ч.Мишээл, Ч.Нямханд нар 10%-ийн саналаар гуравдугаар байрыг эзэлсэн байгаа.

Дашрамд дурдахад энэхүү санал асуулга нь уншигчдадаа дизайнеруудын ажлыг дахин нэг сануулж буй нийтлэлийн нэг хэлбэр бөгөөд ямар нэгэн албан ёсны шалгаруулалт биш юм. Санал асуулгад оролцсон бүх дизайнерууд тогтвортой үйл ажиллагаа явуулж, Монголын загварын ертөнцийн хөгжилд өөрсдийн гэсэн үнэтэй хувь нэмрийг оруулж буйг онцлох нь зүйтэй болов уу. Харин 2020 онд тэд бүр ч олон сонирхолтой загварууд, бүтээлч ажлуудыг танилцуулан, амжилтаар дүүрэн байна гэдэгт бид итгэлтэй байна.

Buro.Mongolia

2020-01-02, 11:27