Копенхагены гудамжаар: Street style төрхүүдтэй танилцъя

Загварын долоо хоногуудын street style төрхүүдээс тухайн улирлын чиг хандлага, бүтээлчээр загварчлах аргуудыг ажиглаж болдгоос гадна энэ нь орчин цагийн загварын ертөнцийг баримтжуулан үлдээж буй ач холбогдолтой юм. Копенхагены загварын долоо хоногийн хавар-зун 2025 улирлын хувьд хуран цугларсан хүмүүс нь голчлон байгальд ээлтэй байдлаар хувцаслажээ. Тэр ч утгаараа трифт, винтэж хэв маяг давамгайлсан байхаас гадна хуучин хувцсаа сэргээн засварлаж, бүтээлчээр загварчлан өмсжээ. Түүнчлэн скандинавчууд олон давхарлах аргачлалыг хэрэгжүүлэхдээ гаргууд болохыг street style сурвалжилгаас харах боломжтой. Тухайлбал, тэд bubble буюу хумьж хөвсийлгөсөн хормойтой юбкаг өмд дээр давхарлаж, ханцуйтай цамцан дээр богино майк өмсөж, мөн ирвэс, далматин, зураасан хээг хооронд нь уялдуулан төрхөө бүрдүүлжээ. Мэдээж хэрэг бие барьсан гэхээсээ илүү oversize силуэт зонхилсон бөгөөд минимал өнгө аяс ерөнхий уур амьсгалыг бүрдүүлсэн байна. Мөн урьд урьдын улирлуудад өндөр эрэлттэй байсан төрөл бүрийн гоёл чимэглэл энэ удаад цүнхний аксесуар болон эргэн иржээ. Харин цүнхний сонголтоо Loewe, Prada, Polene, Osoi, Bimba y Lola гэхчлэн брэндээс түлхүү хийсэн байна.

Б.Энххүслэн

2024-08-13, 15:51