Playtime 2022: Street Style. Нэгдүгээр хэсэг

Playtime 2022 хөгжмийн фестиваль эхэллээ. Бид уламжлалт ёсоор Монгол Шилтгээний талбайгаас шууд сурвалжилга хийж, street style төрхүүдийг дурандаа буулгалаа

Цар тахлын улмаас хоёр жил хойшлогдсоны эцэст, 20 жилийнхээ босгон дээр Playtime наадам эхэлж, хөгжимд хайртай залуус хуран цуглараад байна. Эдгээр өдрүүдэд фестивалийн өнгө аяс, уур амьсгалыг бүрдүүлдэг дүр төрхүүд шилдэг уран бүтээлчдийн тоглолтоос дутахааргүй их анхаарал татдаг билээ. Монгол Шилтгээний хаалгаар ормогц хар өнгө, гинжин аксесуар голлосон готик хэв маяг, сүлжмэл хийцтэй урт даашинз бүхий энэ улирлын чиг хандлага, хамгийн сонгодог фестивалийн гоёл болох жийнсэн өмд, бомбер хүрэм зэрэг төрөл бүрийн загварын урсгалыг илтгэсэн төрхүүд биднийг угтсан юм. 

Бүрхэг, бороотой эхний өдрийн нээлтийн үйл ажиллагаа 16:00 цагаас эхэлж, одоогийн байдлаар Bulsara, Teresa In The Moon хамтлаг болон Bata, Temka, KLY, Yesuu зэрэг DJ нар бүтээлээ толилуулаад байна. Үүний дараа  Монголын рок, метал урсгалын томоохон төлөөлөөгчдийн нэг болсон Хурд, Growl of clown, Metronome хамтлагууд тайзнаа гарах болно.

Б.Энххүслэн

2022-07-07, 20:36