Энэ улирлын хамгийн эрэлттэй загвар болох өргөн өмдийг хэрхэн загварчлах вэ

2021 оны хавар-зуны цуглуулга танилцуулах загварын долоо хоногийн гол дүрээр яахын аргагүй өргөн өмд тодорч, ирээдүйд тренд болох нь ойлгомжтой болсон. Өргөн гэхээр зөвхөн алдарт модель Лорен Хаттоны залуудаа өмсдөг байсан шиг шулуун загварын болон сул «клеш» өмдийг төсөөлөх нь учир дутагдалтай юм. Харин, намхан суудалтай, өргөн эсгүүртэй, маш урт загвар бол энэхүү трендийг илтгэх голлох шинж чанарууд юм. Яг ийм загваруудыг The Row, Louis Vuitton, Fendi болон бусад брэндүүдийн цуглуулгаас харж болно. Сонирхуулахад The Row брэндийн үүсгэн байгуулагч Олсен эгч дүүс өргөн өмдийг оверсайз цагаан цамц болон эрэгтэй пиджактай хослуулахыг зөвлөжээ.

The Row, хавар-зун 2021
Louis Vuitton, хавар-зун 2021
Fendi, хавар-зун 2021

Нэгэн цагт бие барьсан, скинни загварууд чиг хандлагыг тодорхойлдог байсан нь аль хэдийнээ ард хоцорсон гэж хэлж болно. Харин одоо загвар зохион бүтээгчдийн сул, оверсайз дизайн туурвих хүсэл нь нэмэгдэж байна. Бэлхүүс барьсан корсет, нуруу нь онгорхой даашинзаар гоёж секси муурын төрх бүрдүүлж болох ч биеийг тань бариагүй сул загварын хувцаснууд ч мөн ялгаагүй таныг дэгжин харагдуулах болно гэдэгт бид итгэлтэй байна. Түүнчлэн энэхүү өмд нь гоо зүйн хувьд «Tomboy» буюу эрэгтэйлэг хувцаслах хэв маягийг төгс илэрхийлээд зогсохгүй орчин үеийн загварын хорхойтнуудын хүсэлд нийцээд байгаа билээ.

Минималист бөгөөд оверсайз хувцаслалтаар сошиал хуудсаа «дүүргэдэг» блогерууд өргөн өмдийг хагас цахилгаантай цамц, зөөлөн ноосон оверсайз пиджак болон эрэгтэй пальтотой хослуулсан харагдаж байлаа. Харин бидний зүгээс эрэгтэйлэг төрх бүрдүүлэхээр зэхэж буй эмэгтэйчүүддээ томдсон блейзер, хөвөн даавуун цардуулсан цамц, «нуар» киноны мөрдөгчдийг санагдуулам нягт материалтай товчтой хантааз зэргийг нэмэхийг зөвлөж байна. Дотуур нь нарийхан мөртэй майк, свитер болон нимгэн материалтай кардиганыг сонгох нь хамгийн оновчтой шийдвэр байх болно. Кардиганы сонголтын хувьд товчнууд нь ялимгүй таталдаж багадсан мэт харагддаг загвар маш их эрэлттэй байна. Ийнхүү уншигчид та бүгд хувцасны шүүгээндээ өргөн өмдийг нэмээд загварлаг төрх бүрдүүлэх толгойн өвчнөөсөө салаад зогсохгүй хүчирхэг, тав тухтай мэдрэмжүүдийг аваарай.

Buro.Mongolia

2021-03-22, 16:24

  • Зураг: