Футуристик хувцсыг хэрхэн өмсөх вэ: Дөрвөн өвөрмөц дүр төрх

Ямар ч цаг агаарт тохирох загварлаг дүр төрхүүд

Уран зөгнөлт киноны найруулагч бүр бидний ирээдүйн хувцаслалтыг урьдчилан таамаглахыг оролдсон. Тухайлбал Фриц Ланг хүн төрөлхтнийг маш их хэмжээний төмөр элементтэй хувцас өмсдөг болно хэмээн зөгнөсөн бол, Люк Бессон ирээдүйн загварын ертөнцийг бүхэлдээ дизайнер Жан-Поль Готьегийн хувцаснуудаар төсөөлж, харин өөр нэгэн найруулагч биднийг эсрэгээрээ ирээдүйд маш хуучинсаг загвар өмсөнө хэмээн таамагласан байдаг. Хэнийх нь зөв гэдгийг одоо хэлэх боломжгүй ч, ихэнх дизайнерууд аль хэдийнээ футуристик аястай хувцаснууд урлаж эхэлсэн. Тэр ч бүү хэл шинжлэх ухааны уран зөгнөлт сэдэв нь сүүлийн улирлуудад улам бүр хүчээ авч, Карл Лагерфельд гэх зэрэг домогт дизайнеруудын бүтээлийн эх үүсвэр болж байна. Ийм ч учраас футуристик хэв маягтай хувцсыг хэрхэн өдөр тутамдаа өмсөж болохыг бид зөвлөж байна.

Сансар огторгуйн панк стиль

Шинжлэх ухааны уран зөгнөлт сэдвийг өдөр тутмын хувцаслалтдаа нэвтрүүлэх хамгийн хялбар аргуудын нэг бол хээ юм. Тухайлбал уран зөгнөлт киноны постер зургийг агуулах тэгш бус хэмтэй топыг хүнд гутал, боловсруулаагүй эмжээртэй шоорт болон торон тиркотой хослуулснаар өвөрмөц атлаа энгийн төрх бүрдүүлж болно. Түүнчлэн сансрын сэдвийг аксесуар ба гоёл чимэглэлийн тусламжтайгаар гаргаж болох юм.

Хавчдаг ээмэг Balenciaga, Шорт Vetements Reebok, Футболка Stella McСartney, Легингс Gucci, Гутал Alberto Guardiani

Оддын дайн

Нууцлаг галактикийн дайчин гүнж болон хувирах нь зөвхөн бага насны хүүхдүүдийн мөрөөдөл биш юм. Харин ч хувцсаа зөв зохицуулж чадсан нөхцөлд та жинхэнэ street style од болно. Үүний тулд та газар хүрсэн урттай торгомсог даашинз өмсөж, доор нь тод өнгийн өвдөг давсан түрийтэй гутал ба нарийн хүрээтэй нарны шил гэх зэрэг орчин үеийн тренд загварууд хослуулахад л хангалттай.  Дүр төрхийг илүү сонирхолтой болгох бас нэгэн зүйл бол этгээд шийдэлтэй аксесуар юм. Ирээдүйн Ази тивээс ирсэн мэт дэвүүр нь энэ шалгуурт төгс нийцнэ.

Даашинз Vetements, Хантааз & нарны шил Dior, Урт түрийтэй гутал Louis Vuitton, Сэвүүр Gucci

Алт ба сарны гутал

Алтан, мөнгөлөг ба төмөрлөг бүтэцтэй эд зүйлс ирээдүйн загварын салбарт ноёрхох өндөр магадлалтай. Бид өмнө нь мөнгөлөг ба төмөрлөг бүтэцтэй хувцсыг хэрхэн өмсөж болох талаар нийтлэл бэлдэж байсан тул энэ удаад алтлаг бүтэц дээр хамаг анхаарлаа төвлөрүүллээ. Алтлаг шийдэлтэй футуристик хувцаслалтыг бичиг, логотой гар цүнх ба сансрын нисгэгчийн гутлаар чимж болно.

Гутал Dior, Цүнх Gucci, Ээмэг Marni, Даашинз № 21, Топ Stella McCartney
Футуристик өдөн куртка

Өвлийн улирал бүр гарцаагүй хэрэг болдог ганц зүйл бол өдөн куртка юм. Тиймээс гурван сарын турш өмсөх энэхүү хувцсаа сонгохдоо аль болох ухаалаг шийдвэр гаргах хэрэгтэй. Энэ намар-өвлийн улиралд oversize өдөн куртка тренд болохыг анхааралдаа аваарай. Ийм төрлийн курткаг төмөрлөг өнгөтэй өсгийтэй гутал ба Gucci-гийн люрекс материалтай тирко гэх зэрэг анхаарал татам, тачаангуй хувцаснуудтай хослуулахыг зөвлөх байна.

Нүдний шил Andy Wolf, Өдөн куртка Balenciaga, Легингс Gucci, Гутал Balenciaga

Buro.Mongolia

2017-08-25, 17:00