Хавар-зун 2023 улирлын голлох 10 тренд: Хөвсгөр юбка, эртний грек хэв маяг болон бусад
Цар тахал дэгдэж дэлхий даяараа хөл хорионы горимд шилжсэнээс хойш загварын салбарт томоохон өөрчлөлтүүд орж эхэлсэн. Орон орноос зочлон ирэх мэргэжилтнүүд нэг дор цугларч брэндүүдийн цуглуулгатай танилцдаг байсан загварын долоо хоногууд үүдээ барьж, онлайн горим руу шилжихэд хүрсэн билээ. Түүнчлэн ихэнх цагаа дөрвөн хананы дунд өнгөрөөж гэрийн углааш, унтлагын хувцаснаасаа салахаа байсан хүмүүсийн нөлөөгөөр цар тахлаас өмнө ноёрхож байсан минимал хэв маяг намжсан юм. Учир нь хүмүүс илүү өнгөлөг, гял цал зүйлийг хүсэмжилж, улмаар хөл хорионы хатуу чанга дэглэм сулрахын хэрээр 2000-аад оны максималист загварууд хүч түрэн орж ирсэн билээ. Тэгвэл яг одоо загварын трендүүд хааш чиглэж байна вэ?
Юун түрүүнд цар тахлын өмнө ба дараах гэсэн зааг улам л бүдгэрсээр байна. Нийтээрээ галзуу гялалзсан бүхнийг урлаж байсан дизайнерууд одоо л нэг амсхийж эхлэв. Оронд нь тэд мартагдахаа шахсан өдөр тутмын энгийн загваруудаас эхлэн 1920-иод оноос сэдэвлэсэн цацагтай юбка, эртний грекчүүдийн гоёдог байсан урсгал ус мэт хуниастай даашинз, гранж хэв маяг агуулсан хувцаснууд гэхчлэн төрөл бүрийн өнгө аястай цуглуулгыг өргөн барилаа.
Эхлээд микро, дараа нь макси харин одоо олон хуниастай хөвсгөр юбка загварын шоунуудын үеэр зонхилоод байна. Proenza Schouler, Khaite, Victoria/Tomas болон бусад брэндүүдийн цуглуулгаас тус силиуэттэй юбкаг сонирхон, хэрхэн загварчлах аргаас суралцах боломжтой.
Хувцас загвар нь тухайн үеийнхээ нийгмийн үзэл санааг даган хөгжиж байдаг. Биеийн галбиртаа сэтгэл хангалуун байхыг уриалдаг бодипозитив үзэл дэлгэрсэн энэ цаг үед дизайнерууд нийтээрээ нэвт гэрэлтсэн загвар урлаж байгаа нь санамсаргүй тохиолдол биш юм. Энэхүү чиг хандлагын хамрах хүрээ өргөжсөөр торон хувцас өмсөх нь ичгүүртэй хэрэг биш, харин гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлэх харааны урлагт тооцогдоход түлхэц болж байна.
Дөрвөлжин, бөөрөнхий, гурвалжин зэрэг байгалийн бус геометр дүрстэй хувцас зонхилдог байсан 17-р зууны хэв маяг дахин айлчлан ирлээ. Louis Vuitton, Balmain, Richard Quinn, Rochas болон Christopher Kane орднуудын цуглуулгад бөөрөнхий хормойтой даашинз, томоос том бантик бэхэлсэн комбинзон, конус хэлбэрийн юбка зэрэг ташаа тодотгосон загварууд багтжээ.
Бараан өнгийн хувцас, төмөр гинж давамгайлсан панк стиль болон oversized силуэтээр тодорхойлогддог хиппи хэв маягийн нийцэл болсон гранж хувцаслалт өргөн дэлгэрч байна. Ингэхдээ сонгодог гранж стилийг романтик өнгө аястай хослуулж, тус урсгалын хоёр дахь давлагааг эхлүүлээд байгаа юм.
Хавар-зун 2023 улирлын дараагийн чиг хандлага бол тэгш бус хэмтэй элемент билээ. Дизайнерууд юбкад оноо гаргахдаа, даашинзанд цоолбор деталь нэмэхдээ, аль эсвэл цамцны бүч хийхдээ гээд хувцасны бүх л хэсгийг тэгш бус хэмтэйгээр урлаж байна.
Биднийг бариу юу, эсвэл сул жийнсэн өмд үү гэж маргалдаж байх хооронд загварын зохион бүтээгчид деним хувцасны цоо шинэ ертөнцийг бий болгоод амжжээ. Тэд жийнсээр гаргах хэлбэр дээр анхаарахаасаа илүү хэрхэн шинээр боловсруулах, өнгө будгийг нь өөрчлөх, хээ угалз нэмэх, төрөл бүрээр чимэглэх болон тэс өөр байдлаар загварчлах тал дээр ур ухаанаа уралдуулж байна.
Эртний грекчүүдийн урсгал ус мэт хуниастай, биеийг ороож өмсдөг хувцас буюу пеплос болон химатион өмсгөлөөс сэдэвлэсэн даашинзаар бид энэ жилийн хавар зуны улиралд гоёх болно. Элдэв оруулга, нэмэлт чимэглэлгүй энэхүү загвар нь ихэвчлэн макси урттай байх бөгөөд мөрнөөс эхлэн шагай хүртэл үргэлжлэх нэг өнгийн даавуу нь биеийг уртасгасан мэт харагдуулдаг давуу талтай.
Өвдөг татсан урттай, мөнгөлөг унжлагатай үдшийн даашинз, толгойн чимэглэлээр тодорхойлогдох дуулиант гэгддэг 1920-иод оны чиг хандлага хэдий богино хугацаанд үргэлжилсэн ч бүх цаг үеийн хамгийн гялалзаж гялтганасан хээнцэр эрин үед зүй ёсоор тооцогддог. Тэгвэл энэ нь орчин үеийн загварт тусгалаа олохдоо илүү контемпорари өнгө аястайгаар эргэн иржээ.
Хуучны Холливүүдийн оддыг санаж байна уу? Тухайн үеийн кино урлагийн алдартнуудын гоёдог байсан газар шүргэм урттай биеийн галбирыг тодотгосон энгийн хэр нь шик даашинзнууд брэндүүдийн цуглуулгад зонхилжээ.
Цэцгэн хэлбэртэй хээ, 3D чимэглэл болон үнэт эдлэлүүд энэ жил өндөр эрэлттэй байх болно. Tagwalk загварын хайлтын нэгдсэн платформын мэдээлснээр брэндүүд хавар-зун 2023 загварын долоо хоногийн хүрээнд цэцэг оролцуулсан нийт 270 төрх толилуулжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт