Тренч цув бол хүн бүрийн хувцасны шүүгээнд байх ёстой нэр төрлийн нэг гэдгийг биднээр хэлүүлэлтгүй та бүгд мэдэх байх. Тиймээс олон зүйл нуршилгүйгээр тренч цуваар хэрхэн сонирхолтой төрх бүрдүүлж болох талаар бидний бэлтгэсэн мэдээлэлтэй танилцъя.
Энэхүү цув нь классик загварын дизайнтай байдаг учир бүх төрлийн хувцастай зохицдог гэхэд хилсдэхгүй. Тиймээс үүнийг ашиглан төрхөө бүрдүүлэхэд хүндрэл гарах нь ховор. Илүү загварлаг, шинэлэг байдлыг эрэлхийлэгчдэд «тренч-гадуур хувцсыг» «тренч-даашинз» болгоорой гэж бидний зүгээс зөвлөж байна. Одоогийн цаг агаарын нөхцөл байдал бидэнд хараахан боломж олгохгүй байгаа ч ирээдүйд уншигчид та бүгд эдгээр аргачлалыг заавал туршиж үзээрэй. Өөрийн загвартаа зоримог шинэчлэлүүд хийдэг эмэгтэйчүүд толиныхоо өмнө цуваа өмсөөд одооноос эхлэн хаврын улиралдаа бэлдэж яагаад болохгүй гэж? Хэрэв та илүү эмэгтэйлэг байдлыг бүрдүүлэхээр зорьж байвал тренчээ өндөр өсгийтэй гуталтай хослуулаад өөртөө итгэлтэйгээр гудамжаар алхаарай. Бүр болзоонд явсан ч болно гээд боддоо. Харин та найзуудтайгаа пикник аялалд явахаар төлөвлөж байгаа бол өндөр өсгийтийн оронд балеринаг сонгоорой гэж зөвлөе.
Дараагийн бидний зөвлөх «комбо» бол тренч+ «ботфорт» гутал юм. Нарийхан өсгийтэй, урт түрийтэй болон намхан ултай гутлуудын алийг нь ч сонгон төрхөө бүрдүүлж болно. Энэхүү зөвлөгөөг мөрдсөнөөр та шохоорхол төрөм сайхан харагдана гэдэгт бид итгэлтэй байна. Харин энэ жилийн тренд болох оверсайз тренчийг аль болох том, зузаан ултай гутал, 80-аад оны «аавын пүүз» болон ботильон гуталтай хослуулахыг зөвлөе.
Загварын хорхойтнууд дурлаад байгаа энэ улирлын чиг хандлага бол спорт хувцас юм. Тав тухтай спорт хувцсыг бид классик загварын пальто болон пиджактай хослуулсаар ирсэн. Харин одоо тренч цувны ээлж ирсэн байна. Малгайтай цамц, биеийн тамирын өмд, пүүз, сул цамц эсхүл даавуун спорт хослол зэрэг нь энэхүү төрхийн «гол баатрууд» юм. Үр дүнд нь маш загварлаг бөгөөд ямар ч нөхцөл байдалд өмсөж болох тав тухтай загвар бүрдэх болно.
Тренч цуваар бүрдүүлсэн бусад шилдэг төрхүүдийг доорх зургаас үзнэ үү.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт