Бюро 24/7-гийн загварын редактор болон Mongolia’s Next Top Model Б.Цэрэндолгор нар хамтран хаврын гол трендүүдийг Shangri-La Мall дахь премиум брэндүүдээс сонгож, олон төрлийн дүр төрх бүтээлээ
Загварын ертөнцөд дөрөвдүгээр сар хамгийн сэтгэл хөдөлгөм бас удаан хүлээсэн цаг үе байдаг. Яагаад гэж үү? Цэцэгс дэлгэрч, модод нахиалж, нар өндөрт мандах хаврын улирал эхэлсэн тул шүүгээгээ шинэчлэх цаг ирлээ шүү дээ! Хар бараан хувцаснуудыг шүүгээний гүнд далд хийн, шинэ трендүүдийн эрэлд гарах нь загварын редакторуудын хувьд нэгэн зэрэг сонирхолтой бас хариуцлагатай даалгавар байдаг. Бид уншигчдынхаа ажлыг бага ч болов уу хөнгөвчилж, мөн загварлаг хувцаслах оновчтой зөвлөгөө өгөх үүднээс хамгийн сүүлийн үеийн чиг хандлагуудыг нэг дор багцлахыг зорилоо.
Ингээд хавар-зун 2017 улирлын загварын долоо хоногийн үеэр тэмдэглэж авсан хэд, хэдэн трендийг бүрдүүлэхээр бид Улаанбаатар хотын төв цэгт сүндэрлэх, олон улсын жишигт нийцсэн Shangri-La Мall худалдааны төвөөр зочиллоо. Монголд шинэ түвшний үйлчилгээ, орчин үеийн уур амьсгал, дэлхийн алдарт брэндүүдийг нэвтрүүлсэн энэхүү дэлгүүрт бүсгүй хүн бүрийн авахыг хүссэн зүйлс нэг доор цугларсанд гайхах зүйл байсангүй. Нэгдүгээр давхарт байрших Twinset, Baldinini, Yamā, GOYO брэндүүдийн дэлгүүрээс эхлээд хоёрдугаар давхрын Gerard Darel, Guliana Teso, Roberto Botticelli, Fratelli Rossetti, Trippen ба Geox брэндүүдээс хувцас ба аксесуар сонгох боломжтой байсан бол, Dyrberg Kern, Boccadamo ба Style Avenue брэндүүд өргөн хүрээний гоёл чимэглэлээрээ гайхшрууллаа.
Мөн мэдээж хэрэг аливаа дизайнерын хувцас загвар өмсөгчийн ачаар "амилдаг" тул бид Mongolia's Next Top Model шоу нэвтрүүлгийн ялагч Б.Цэрэндолгорын хамтаар шоппинг хийлээ.
Даашинз Twinset • Үслэг хантааз Yamā • Чокер зүүлт Boccadamo • Ээмэг ба бугуйвч Dyrberg Kern • Хагас түрийтэй гутал Baldinini
Корсет эсгүүртэй романтик даашинз
Shangri-La Мall руу явж орсон даруйд Twinset брэндийн шилэн хоргонд өлгөгдсөн хар өнгийн урт даашинзнаас нүдээ салгаж чадсангүй. Нарийн мөртэй, дээгүүрээ корсет загварын энэхүү даашинз нь хэтэрхий тачаангуй биш атлаа маш эмэгтэйлэг, дэгжин мэдрэмж төрүүлж байлаа. Анх Dior ордны ачаар тренд болсон энэ эсгүүрийг Белла Хадид, Кьяра Феррани болон бусад дэлхийн загварлаг бүсгүйчүүд өмсөх дуртай.
Сэрүүн салхинаас аврах үслэг хантааз
Өдөр нь шатмаар халуун ч, орой нь өвөл болчихсон мэт хүйтэн мэдрэмж төрүүлдэг хаврын өдрүүдэд үргэлж бэлтгэлтэй байх нь хамгаас чухал. Үдшийн даашинз эсвэл энгийн жийнсэн өмдийг хормын зуур дэгжин харагдуулах чадвартай үслэг хантаазыг зөвхөн Yamā брэндээс олох боломжтой.
Чокер трендийн үргэлжлэл
"Өнгөрсөн жилийн турш ноёрхсон чокер зүүлтний тренд моодноос гарчихсан уу?" гэх асуулт олон бүсгүйчүүдийн сонирхлыг татаж байгаа байх. Тэгвэл энэ тренд ойрын хугацаанд тайзнаас буух төлөвгүй байгааг танд дуулгахад таатай байна. Гэхдээ дизайнерууд энэ улиралд өргөн дизайнтай биш, харин илүү чамин хийцтэй чокер санал болгосон байгаа. Монголоос олж авах төгс хувилбар Boccadamo брэндэд бий.
Гранж өнгө аястай түрийтэй гутал
Сүүлийн үед уламжлалт элементүүдийг эвдсэн, гэнэтийн төрх бүрдүүлэх нь загварын ертөнцийн хамгийн том тренд болж байна. Харин та энэ давалгаанд нэгдэхэд бэлэн үү? Хэрвээ тийм бол юуны түрүүнд бага зэрэг эрэгтэйлэг хэв маягтай, гранж загварын түрийтэй гутал худалдан авч, романтик даашинзтай хослуулан өмсөөрэй. Б.Цэрэндолгор энэхүү трендийг хэрэгжүүлж, Baldinini брэндийн хадаастай гутлаар гоёсон байгаа.
Ноолууран топ Yamā • Юбка Twinset • Гар цүнх Fratelli Rossetti • Гоёл чимэглэл Style Avenue • Туфли GEOX
Барокко маягийн гоёл чимэглэл
Хаант засгийн эртний хэв маягийг агуулах барокко загварын гоёл чимэглэл ямар ч хувцаслалтыг илүү тансаг болгодог. Хувцас дизайнд хээ хатгамал, гар урлалын чимэглэл ноёрхож буй энэ үед барокко ээмэг, зүүлт бүр ч илүү хүчээ авч байна. Style Avenue -гийн мөнгө, алт ба циркон чулуу хосолсон уг иж бүрдэл ид шидийн мэт гоёмсог байгаа биз?
Цагаан өнгийн гар цүнх
Хүйтэн улирлын шилдэг өнгөөр хар өнгө нэрлэгддэг бол, дулаан улиралд эсрэгээрээ цагаан өнгө анхаарал татаж эхэлдэг. Цайвар өнгийн хувцаснуудтай зохицож, цэмцгэр төрх бүрдүүлэх цагаан өнгийн гар цүнхийг Fratelli Rossetti брэнд худалдаалж байна.
Загварлаг кет
Сүүлийн үед спорт кет өндөр өсгийтийг орлох болсныг томоохон хотуудын street style сурвалжилгууд батална. Хөлд эвтэйхэн загваруудаараа алдартай GEOX брэндээс спортлог атлаа загварлаг шийдэлтэй, сонирхолтой хувилбар бид сонголоо.
Пальто GOYO • Топ ба өмд Gerard Darel • Гоёл чимэглэл Boccadamo • Туфли GEOX
Дүрэлзсэн улаан өнгө
Хүн бүрийн анхаарлыг татах, эрч хүчтэй, тачаангуй улаан өнгөнд дурлахгүй байхын аргагүй. Бага зэрэг улбар шар туяатай дүрэлзсэн улаан өнгөөр хөлөөсөө толгой хүртэл нэгэн жигд хувцаслах нь энэ улирлын гол тренд болж байна. Gerard Darel брэнд энэ чиг хандлагатай хөл нийлүүлэн алхаж, улаан өнгийн загварыг өргөн сонголттойгоор санал болгож байна.
Мөнхийн сонгодог пальто
Тийм ээ, цайвар шар өнгийн шулуун пальто хэзээ ч моодноос гарахгүй гэдгийг бүсгүй хүн бүр мэдэх байх. Гэхдээ 2017 оны хаврын улиралд энэхүү мөнхийн сонгодог загвар нь жинхэнэ street style од болон хувирч байна. Юүдэнтэй цамц ба кет эсвэл ижил өнгийн хувцастай хослуулж болох шилдэг загварыг GOYO брэнд урлажээ.
Этгээд загварын өндөр өсгийт
Нарийхан өсгийтэй, сонгодог загварын туфлидээ түр хугацаанд баяртай гэж хэлэх цаг иржээ. Энэ 2017 онд дизайнерууд биед тухтай байдлыг илүүд үзэж, бүдүүн өсгийтэй, этгээд шийдэлтэй хувилбарууд онцолсон байгаа. Roberto Botticelli -гийн улаан өнгийн өндөр өсгийт олны анхаарлыг татахын зэрэгцээ мөн их хотын завгүй амьдралд хөлийг тань өвтгөхгүй байх том давуу талтай.
Цамц, даашинз ба хүрэм Gerard Darel • Гоёл чимэглэл Style Avenue
Хэзээ ч моодноос гарахгүй твид хүрэм
"Хувцасны шүүгээгээ шинэчлэх бүртээ дор хаяж нэг ширхэг хэзээ ч моодноос гарахгүй, сонгодог загвар худалдан ав" гэх зөвлөгөөг загварын салбарынхан баримтлах дуртай. Харин энэ удаад Guliana Teso-гийн твид хүрэм бидний мөрөөдлийн жагсаалтанд багтлаа. XX зууны эхэн үед Коко Шанелийн ачаар алдрынхаа оргилд хүрсэн энэ загварыг жийнсэн өмд ба өндөр өсгийт гэх мэт өдөр тутмын хувцастай хослуулбал сайхан харагдана.
Цагирган ээмэгний хоёр дах давлагаа
Тэртээх 1990-ээд онд хүн бүр цагирган ээмэг зүүдэг байсныг санаж байна уу? Тэгвэл тэрхүү трендийн хоёр дах давлагаа яг одоо загварын ертөнцөд ноёрхож байна. Dyrberg Kern брэндийн илүү дутуу чимэглэлгүй цагирган ээмэг хамгийн сонгодог шийдэлтэй нь байлаа.
Дахин давтагдашгүй дизайнтай гутал
Загварын ертөнц 2017 онд бүр ч илүү чөлөөтэй болж, аливаа хязгаар ба уламжлалыг үгүй хийх болно. Энэ хандлага нь гутлын салбарт ч бас хамааралтай юм. Хамгийн сайн чанарын арьсаар хийгддэг Trippen брэндийн гуталнууд бүгд дахин давтагдашгүй дизайнтай гэдгийг үгүйсгэх хүн үгүй биз ээ.
Загвар өмсөгч: Б.ЦэрэндолгорСтилист: Ө.ТодгэрэлНүүр будалт ба үс засалт: Grease SalonЗурагчин: П.Энхтүвшин