Жижи Хадидын дурласан Mandkhai брэндийн ноолууран кардиган яг одоо анхаарлын төвд байна

Урт ноолууран кардиганы тренд хүчээ авч байна

Анх энэ оны дөрөвдүгээр сард шинэ мянганы нөлөө бүхий модель Жижи Хадид oversize загварын урт ноолууран кардиган өмсөн Нью-Йорк хотын гудамжаар алхаж байхдаа зурагчдын дуранд өртөж, тэрхүү тухтай, зөөлөн кардиганыг олон хүний мөрөөдлийн жагсаалтад оруулсан билээ. Харин тэр нь Лондонд үйл ажиллагаагаа явуулдаг Монголын Mandkhai брэндийн кардиган байсан юм. Дизайнер Ж.Мандхайгийн үүсгэн байгуулсан контемпорари загвартай ноолууран брэнд хэдхэн жилийн дотор ийнхүү олон улсын зах зээлд нэрээ таниулаад амжсан төдийгүй алдартнуудын хараанд аль хэдийн өртжээ. Жижи Mandkhai брэндийн урт бөгөөд сул эсгүүртэй кардигануудыг төрөл бүрээр нь эзэмшдэг бөгөөд саяхан л гэхэд дахин Нью-Йорк хотноо дуртай загвараа өмссөн байгаа харагдлаа.

Өмнө нь бид кардиганыг эмээгийн өмсөх дуртай загвар эсвэл бага сургуулийн өмсгөл хэмээн үздэг байсан бол Mandkhai зэрэг уламжлалт материалыг орчин үеийн шийдэлд оруулж буй брэндүүдийн ачаар энэ загвар хувьсан өөрчлөгдөж байгаа билээ. Намар-өвөл 2018 улиралд Burberry, Sacai, Missoni зэрэг бүхий л томоохон брэндүүд урт кардиганыг онцолсон хэдий ч цэвэр ноолуураар хийгдсэн загварлаг хувилбар хайж байвал Mandkhai брэндийг зорихыг зөвлөж байна.

Buro.Mongolia

2018-11-29, 16:00