Яагаад 2017 онд хоёр карьертай байх хэрэгтэй вэ? Мөн үүнийг хэрхэн амжуулах вэ?

Harvard Business Review сэтгүүл зөвлөж байна

Бид заримдаа ажлаа солих талаар боддог. Жишээ нь нягтлан бодогч амжилттай тогооч болж, менежерийн ажил хийдэг хүн гэрэл зурагчин эсвэл дизайнер болохыг хүсэх тохиолдол бий. Мөн сэтгүүлч оффисын ажлаа хаяж, агуу зохиол бичиж буйгаар өөрийгөө төсөөлдөг. Гэхдээ ажлаа эрс солих нь эрсдэлтэй бөгөөд хүндрэлтэй гэдгийг хүн бүр мэднэ. Тиймээс л ихэнх хүмүүс дургүй ажлаа тэвчиж, мөрөөдлөө биелүүлэх анхны алхмаа хийхээс айдаг юм.

Тэгвэл одоо Harvard Business Review сэтгүүл нэгэн зэрэг хоёр карьер эзэмшиж, үүнийгээ хөгжүүлэхийг уриалж байна. Та одоогийн ажилдаа бүрмөсөн шантрахаас өмнө өөрийнхөө мөрөөдөлд хүрэх алхмыг бага, багаар хийж байх хэрэгтэй. Яагаад гэвэл нэг ажил, мэргэжилтэй байснаас хоёр карьертай байх нь хамаагүй дээр шүү дээ.

Тогтвортой ажлын байр нь таны шинээр эзэмших гэж буй мэргэжилд анхны хөрөнгө оруулалт болно. Учир нь шинэ ажилтанд өндөр цалин олгохгүй нь ойлгомжтой юм. Мөн таны одоогийн ажлын туршлага ба танилын хүрээ шинэ салбарт тань заавал хэрэг болно. Үүний зэрэгцээ та эдгээр салбарууд хэрхэн, яаж огтлолцож байгааг олж тогтоож, өөрийн давуу тал болгон ашиглах хэрэгтэй. Тухайлбал Стив Жобсын хэлж байсанчлан "Apple-ын технологи орчин үеийн урлаг ба хүмүүнлэгийн ажилтай үргэлж холбогдож байдаг" аж.

Гэхдээ ийм их ажилтай үед хэзээд нь унтаж амрах вэ гэх асуулт магадгүй таны сонирхлыг татаж байгаа байх. Хэрэв хийх гэж буй ажлаа сайтар төлөвлөж, дэмий зүйлд цагаа үрэхгүй байвал танд амрах цаг хугацаа хангалттай гарч ирэх болно.

 

 

Buro.Mongolia

2017-05-10, 08:00

  • Зураг: