ADHD: Анхаарал дутмагших, хэт хөдөлгөөнтөх эмгэгийн талаар бид юу мэдэх хэрэгтэй вэ?
Мэргэжлийн сэтгэл зүйч зөвлөж байна
Хүн бүрийн хувьд анхааралтай байдлаа тогтмол хадгалж, үүний хажуугаар мөн хэт эрч хүчтэй, хөдөлгөөнтэй зан авираа тогтмол захирах нь боломжгүй зүйл билээ. Гэвч энэхүү асуудал нь зарим хүмүүсийн хувьд маш ноцтой эмгэг болж, амьдралынх нь туршид сөрөг нөлөө үзүүлэх тохиолдол олон бий. Жил бүрийн аравдугаар сар ADHD буюу анхаарал дутмагших, хэт хөдөлгөөнтөх эмгэгийг (АДХХЭ) дэлхий нийтэд таниулах сараар тооцогддог билээ. 2015 онд хийгдсэн бүрэн хэмжээний судалгааны дагуу дэлхийн өнцөг булан бүрийн 18 ба түүнээс доош насны хүүхдүүдийн 7.2% нь тус эмгэгтэй болох нь тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл тухайн үед 18 нас хүртэлх ойролцоогоор 129 сая хүүхэд анхаарал дутмагших, хэт хөдөлгөөнтөх эмгэгтэй байсан гэсэн үг юм. Түүнчлэн АНУ-ын Сэтгэцийн Нийгэмлэгийн DSM-IV ангиллын дагуу насанд хүрэгчдийн дунд явуулсан шинжилгээний үр дүнд тэдний 3.4% нь уг эмгэгтэй болох нь батлагдсан байна.
Энэ удаад мэргэжлийн сэтгэл зүйч, доктор (Ph.D), дэд профессор Д.Цогзолмаа тус эмгэгийн шинж тэмдгүүд болон ямар арга хэмжээ авах хэрэгтэй талаар BURO.-гийн уншигчдад зориулан ярилаа.
Манай улсад уг өвчний олон улсын ICD-X 10-р тогтоомжийг баримталдаг бөгөөд үүний дагуу АДХХЭ-г “Хүүхэд ба өсвөр насанд эхэлж үүсдэг төрх үйлийн болон сэтгэл хөдлөлийн эмгэг”-т хамааруулж үздэг.
Хүүхэд насанд голчлон эхлэх боловч насанд хүрэгчдэд бас тохиолддог энэхүү эмгэг нь хүний үйлдэл хөдөлгөөн, биеэ авч явах байдлаар тод илэрдэг. Гэхдээ сахилгагүй, хөдөлгөөнтэй хүүхэд болгон ийм эмгэгтэй гэсэн үг биш. Хүмүүс ямар нэгэн мэдээлэл авахаараа шууд онош тавьчих гээд байдаг. Оношийг сэтгэцийн эмч, клиникийн сэтгэл зүйч, суралцахуйн бэрхшээлээр мэргэшсэн мэргэжилтнүүд тавьж болно. Ингэхдээ хүүхдэд илэрч буй шинжүүдийг асуумжаар илрүүлэх, сэтгэл зүйн тест ашиглах, мөн тухайн хүүхдийг маш сайн мэддэг хүмүүсээс мэдээлэл авдаг. Эцэг эх, ах эгчээс гадна ангийн багшаас ч мэдээлэл авах үе бий.
Хүүхдэд дараах шинжүүдээс илэрвэл АДХХЭ гэж үзэх үндэстэй:
Эдгээр шинжүүд нь АДХХЭ-ийн хэлбэрээс хамаараад анхаарлын дутмагшил, эсвэл хөдөлгөөнтөх зэрэг аль нэг нь илүү түлхүү илрэх, эсвэл зэрэгцэн илэрч болно.
АДХХЭ оношлогддог дундаж нас нь 6-7 нас гэх боловч хоёр ой гарантайгаас ч ажиглагддаг. Мөн хөвгүүдэд илүү их тохиолддог болох нь судалгаагаар тогтоогдсон билээ. Анхаарал дутмагших, хэт хөдөлгөөнтөх эмгэг нь хүүхдэд төдийгүй насанд хүрэгчдэд ч илэрч болдог.
Хүүхдийн хувьд АДХХЭ хөдөлгөөнөөр голчлон илэрч байгаа бол насанд хүрэгчдийн хувьд бухимдах, сэтгэл хөдлөл тогтворгүй байдлаар түлхүү илэрдэг. Насанд хүрсэн хүнд анхаарлаа төвлөрүүлэхэд хэцүү байх, ямарваа нэгэн даалгавар гүйцэтгэхэд бэрхшээлтэй тулгарах, хариуцлагагүй байх, хүмүүстэй харилцаа тогтооход хэцүү санагдах тохиолдолд энэхүү эмгэг илэрч байна гэж үзэж болно. Гэхдээ сэтгэцийн асуудал нарийн төвөгтэй гэдгийг санаарай. Энэ шинжүүдийн ард өөр өвчин, сэтгэлзүйн асуудал байж болно.
Насанд хүрэгчдэд хэрэв энэхүү эмгэг илэрдэг бол ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй байх, донтох, зам тээврийн осолд эсвэл ямар нэгэн зөрчилд орох нь түгээмэл байдаг.
Яг ямар шалтгаанаар бий болсныг нарийн тогтоолгох бол эмчилгээ, засал хийлгэснээр илүү тодорхой болно. АДХХЭ бий болоход нөлөөлдөг шалтгаануудыг одоо ч хүртэл судалсаар байгаа. Тухайлбал, удамшил, эхийн жирэмсний явц, төрөлт, архаг хууч өвчин, тархины үйл ажиллагаа, нейрохимийн процесс, амьдралын буруу хэв маяг гэх мэт олон хүчин зүйлтэй холбон судалгаа явуулж байгаа билээ.
Мөн зарим судлаачдын үзэж буйгаар хүүхдүүдэд хэт олон цагаар зурагт үзэх, чихэрлэг зүйл их идэх, гэр бүлийн зөрчилтэй, тайван бус байдал, сэтгэцийн гэмтэл зэрэг нь энэ эмгэгийн шинж тэмдгүүдийг ихэсгэдэг байна.
Хэрэв та өөрийгөө аль эсвэл хүүхдээ АДХХЭ-тэй байж болзошгүй гэж бодож байгаа бол, мөн энэ нь таны болон хүүхдийн өдөр тутмын амьдрал, сурч боловсрох, бусадтай харилцах явцад саад болоод байгаа бол дээр дурдсанчлан сэтгэцийн эмч болон клиникийн сэтгэл зүйчид хандах нь зүйтэй юм. Санаа зовомтгой, сэтгэл түгшилт өндөртэй эцэг эхчүүд зүгээр байгаа хүүхдээ үгэнд орохгүй байна гээд, эсвэл зарим сургуулийн багш нар сахилгагүй санагдсан хүүхдээ эрүүл гэсэн бичиг авчир гээд явуулдаг тохиолдол цөөнгүй байна. Уг эмгэгийг тусгай асуумж болон сэтгэл зүйн оношилгооны мэргэжлийн аргачлалаар илрүүлдэг.
АДХХЭ-ийг эмчлэх аргууд улс орон бүрт өөр байдаг. Шаардлагатай тохиолдолд сэтгэцийн болон мэдрэлийн эмч нар эмэн эмчилгээ бичиж өгнө. Түүнээс гадна нейропсихологийн коррекцийн аргуудыг ашигладаг. Манайд энэ талын мэргэжилтнүүд цөөн байгаа нь харамсалтай.
Энэ эмгэгийн үед эцэг эх болон багш нартай хамтран ажиллах хэрэгтэй болдог. Хамгийн энгийн бөгөөд ойр арга бол хүүхэдтэй хэрхэн харьцах вэ гэдгээс эхэлнэ. АДХХЭ-тэй хүүхдүүдийн оронд эцэг эхчүүд өөрсдийгөө төсөөлөөд үзээрэй. Байнга бүтэлгүйтнэ, юм унагаана, санамсаргүй эвдэнэ, загнуулна, эцэг эх сэтгэл хөдлөл ихтэй бол шийтгэнэ, гар хүрнэ. Хүүхэд өөрийгөө өөрчлөх гээд хичээсэн ч энэ нь маш хэцүү. Яагаад гэвэл тархинд явагдаж буй процессоос хамааран өөрийн үйлдлийг зохицуулах боломж маш бага. Томоотой бай гэж хэлэхээр шууд үгэнд ороод байх хэмжээний хялбар асуудал биш юм шүү.
Гэхдээ энэ эмгэгийн үед илрэх шинж тэмдгүүд насанд хүрэх үед аяндаа багасдаг тохиолдлууд цөөнгүй бий.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт