Кето дэглэмийн шүтэн бишрэгчдийн арми өдөр, өдрөөр огцом өссөөр байгаа билээ. Тэгвэл энэхүү хоолны дэглэм нь хүн бүхэнд тохирох уу гэсэн чухал асуултад NaturalDiet төслийн үүсгэн байгуулагч хариулж байна.
Эрүүл хооллолт болон диетологийн салбарт жил бүр янз бүрийн шинэ трендүүд дэлгэрч байдаг. Ерөнхийдөө хүмүүс "Бид эрүүл амьдралын хэв маяг баримталж, бүрэн дүүрэн хооллохоос уйдаж байна. Тиймээс шинэ зүйл туршиж үзмээр байна" гэсэн хэрэгцээгээр шинэ цэс, арга барил, дүрэм журмууд бий болдог. Шинэ зүйлс сонирхож үүнд идэвхтэй хандах нь хүний л зан бөгөөд "шидэт эм" гэх мэт зүйлс гарч ирвэл туршиж үзэх хүсэл бүр ч их төрдөг.
Үнэн хэрэгтээ хэт сониуч зан, туршилт хийх хүсэл нь заримдаа тийм ч сайн зүйл биш байдаг. Мэйнстрим байх хүсэл, хайпаас болоод зөвхөн аутоимунны өвчин болон эрүүл мэндийн ноцтой асуудлуудыг эмчлэхэд ашиглагддаг байсан хоолны дэглэм болон протоколууд өнөөдөр анагаах ухааны хүрээнээс халих болжээ. Жишээ нь кето дэглэм нь хүн бүрт таарч тохирох хоолны систем биш бөгөөд харин ч эрүүл мэндэд засашгүй хор хөнөөл учруулж ч болно гэдгийг ойлгох хэрэгтэй.
Олон хүн бие организм нь кетозын төлөвт орсон хэмээн бахархалтайгаар ярих нь бий. Гэхдээ тэд яг юуны талаар ярьж байгаагаа сайн ойлгож байгаа болов уу? Кетонын биетүүд бол ацетон. Шээсэнд кетонын биетүүд байна гэдэг нь паталоги. Гэхдээ эхлээд бүх зүйлийг дэс дараатай ярилцацгаая.
Кето дэглэм гэж юу вэ?
Кетогенийн дэглэм (ketogenic diet) гэдэг нь цусан дахь кетонын биетүүдийг нэмэгдүүлэхийн тулд өөх тосны агууламж өндөртэй, маш бага хэмжээний нүүр устай хоолны дэглэм барихыг хэлнэ. Энэхүү дэглэм нь эпилепси өвчтэй хүүхдүүдийг эмчлэхэд ашиглагдаж ирсэн ба судалгаагаар тэдгээр хүүхдүүд татаж унах нь багасдаг нь тогтоогджээ. Харин насанд хүрсэн хүмүүст хэрхэн нөлөөлдөг талаар судалгаа ч хийгдэж байгаагүй юм.
Хэрхэн ажилладаг вэ гэж үү? Кето дэглэм нь бие организм дахь глюкозыг барагдуулснаар тархи үйл ажиллагаа явуулахын тулд энергийн эх үүсвэрээ өөр ямар нэгэн зүйлээс авах хэрэгтэй болдог. Энэ үед элэг өөх тосыг өөх тосны хүчил болон кетонын биед хувиргаж, глюкозын оронд ашиглана. Энэ төлөвийг кетоз хэмээн нэрлэдэг. Ерөнхийдөө бие организм нүүрс усаар өлсөж, дасан зохицож, амьд үлдэхийн тулд өөх тосыг ашиглаж байгаа хэрэг юм.
Үүний үр дүнд бие организмын тэнцвэр алдагдаж, гарч болох давуу талаас илүүтэй таагүй мэдрэмж болон муу үр дагаврууд нь давамгайлах өндөр магадлалтай.
Кето дэглэм хэнд тохиромжтой вэ?
Чихрийн шижин, неврологи болон хорт хавдрын төрлийн өвчний үед (зөвхөн оношлуулж, мэргэжлийн эмчтэй зөвлөлдсөний дараа) кето дэглэм барьж болно. Энэхүү дэглэм нь инсулины түвшинг бага хэмжээнд байлгаж чаддаг. Гэхдээ дээрх өвчнүүдийн үеэр кето дэглэмийг зөвхөн эмнэлэгт, эмч нарийн нарийн хяналтан дор хэрэгжүүлдэг. Одоогоор эерэг нөлөө үзүүлдэг гэсэн баталгаа байхгүй ч туршилт, судалгаанууд хийгдсээр байгаа бөгөөд тодорхой хэмжээний үр дүн гарч эхэлсэн байгаа.
Хэрвээ та кето дэглэм барьж байгаа бол хоолныхоо тэнцвэрийг хадгалж, зөв өөх тос, дунд гинжин тосны хүчил авах хэрэгтэй.
Хэнд тохиромжгүй вэ?
Кето дэглэм барихыг хориглодог заалтууд:
• Элэгний өвчин, элэгний өөхлөлт болон цирроз
• Жильберийн синдром
• Жирэмсэн болон хөхүүл үед
• Бамбай булчирхайн өвчин
• Жингийн алдагдалтай болон астеник биеийн галбиртай хүмүүс
• Даралт буурсан үед
• Зүрхний шигдээсийн дараа
• Цөсний чулуутай болон цөсний хүүдийг авахуулсан үед
• Бөөрний чулуу
• Тулай өвчин, үе мөчний өвчин
• Ямар ч өвчний хурцадмал үед
• Буруу хооллолтоос үүссэн бүх төрлийн өвчин
• Сандрах эмгэг (panic attack), хэт түгшилтийн үед
• Сарын тэмдэг ирэхгүй (аменорея) болон сарын тэмдгийн мөчлөг алдагдах үед
Кето дэглэмийг зүгээр л жин хасах зорилгоор хэрэгжүүлэх нь үр дүнгүй төдийгүй бие организм өөхөө шатаах бус уснаасаа ангижирч жин хасахад хүрдэг. Үүний зэрэгцээ мэргэжилтнүүдийн туслалцаа, хяналтгүй кето дэглэм барих явцад өтгөн хаталт, шингэнээ алдах зэрэг сөрөг үр дагаварт хүрэх өндөр магадлалтай.
Кето дэглэмд давуу тал бий юу?
Тийм ээ, кето дэглэмд давуу талууд бий. Ашиг тусыг нь дурдсан судалгаа болон нийтлэлүүд байдаг. Гэхдээ та тэдгээр материалуудыг судлахдаа нэг зүйлийг анхаарах хэрэгтэй: Кето дэглэм нь зөвхөн өдөр тутам эмнэлэгт, эмчийн хяналтан дор туршигддаг. Жишээ нь саяхны нэгэн туршилтаас кето дэглэм нь сепсис буюу цусны халдварын үед үр дүнтэй байсан бөгөөд энэ тохиолдолд өвчтөнүүдийг эмчийн хяналтан дор хаймсуураар хооллож байв (Судалгааны үр дүн болон нийтлэлүүдийг PubMed вебсайтаас олж болно).
Эцэст нь жин хасахын тулд ямар нэгэн хоолны дэглэм баримтлахаасаа өмнө хамгийн түрүүнд хоолоо хязгаарлах бус эрүүл амьдралын хэв маяг чухал гэдгийг анхаараарай. Мөн хурдан хугацаанд үр дүнд хүргэх гайхамшигт зүйлсийг хайх нь тийм ч сайхан санаа биш гэдгийг санаарай.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт