Энхрий үрсдээ “Made in Japan” чанарыг: Хүүхдийн хувцас, хэрэгслийн Miki House брэнд Монголд ирлээ

Судалгаанд суурилсан ноу-хау, мэргэжлийн хамт олон, 50 жилийн туршлагаар таны хүүхдийн хэрэгцээг хангана.

Гэр бүлийн шинэхэн гишүүнээ хайр, халамжаар дүүрэн өсгөхийг эцэг, эх болгон зорьдог. Балчир үрс маань хайр бялхсан орчинд аюулгүй өсөхөд асран хүмүүжүүлэгчийн оролцоо хамгаас чухал байдгаас гадна мөн хорвоотой танилцах анхны алхмуудаа хийхэд нь дэмжлэг болох хэрэгсэл, тав тухтай хувцас бас нэгэн чухал үүргийг гүйцэтгэдэг билээ.

Хүүхдийн арьс хамгаас булбарай, эмзэг тул өмсөх хувцас нь зөөлөн, харшил өгөхгүй материалтай байгаад зогсохгүй төрөл бүрийн хөдөлгөөн хийхэд нь нэг ч оёдол нухахгүй хийцтэй, өмсөж, тайлахад төвөггүй, хүүхдийн сэтгэл санаанд эерэгээр нөлөөлөх өнгө, хээтэй байх зэрэг нарийн шаардлагуудад тэнцсэн байх ёстой. Түүнчлэн бага нас бол амьдралын мөчлөгүүд дундаас хөгжилтэй дурсамжууд, анхны нээлтүүдээр дүүрэн атлаа хамгийн богинохон нь тул энгийн нэг биш харин загварлаг хувцсаар хүүхдийнхээ мэдрэмжийг хөглөж, балчир насыг нь бүр ч илүү үнэ цэнэтэй болгох хүсэл эцэг, эхчүүдэд өөрийн эрхгүй төрдөг билээ. Ийм ч учраас бид уншигчдадаа хамгийн чанартай, салбартаа тэргүүлдэг, практикал бүтээгдэхүүнүүдийг зөвлөхийг хичээдэг ба энэ удаад хүүхдийн хувцасны Miki House гэх Япон брэндийг онцолж байна.

Коичи Кимура “Маш богино хугацаанд өмсөх хувцас тул заавал сайн чанартай, загварлаг байх албагүй” гэсэн хэвшмэл ойлголтыг эвдэж, дөнгөж өлгийдөн авсан хүүдээ зориулан чанартай, өдөр тутмын хэрэглээнд тохирсон, загварлаг хувцсыг урлах хүсэлдээ хөтлөгдөн Miki House брэндийг 1971 онд үүсгэн байгуулж байжээ. Өдгөө Мiki House нь 51 улсад 400 гаруй салбар дэлгүүртэй болж олон улсад өндрөөр үнэлэгдэх хүүхдийн хувцас, хэрэгслийн брэнд болон танигджээ. Мөн энэхүү брэнд нь Монгол улсад салбараа нээж дэлгүүрийнхээ тоог нэгээр нэмсэн билээ. Ингээд тус брэндийн онцлог, түүх болон амжилтын нууцаас хуваалцаж байна.


Өндөр чанар, тав тухтай хийц

Miki House брэндийн хүүхдийн хувцас, хэрэгслээс “made in Japan” чанар мэдрэгдэх болно. Тэд зөөлөн, тав тухтай, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй хувцас нь хүүхдийн жаргалтай байх үндэс гэдэгт итгэдэг. Miki House нь материал сонголт, зүсэлт, оёдол зэрэг жижиг гэлгүй хувцас бүтэх бүх шат, дамжлага дээр анхаарч ажилладаг билээ. 

Материал

Miki House нь Япон технологиор боловсруулсан өндөр чанартай, хүүхдийн арьсанд тохиромжтой, бат бөх байгалийн хөвөн даавууг ашигладаг. Хүүхдийн эмзэг арьсыг гэмтээхгүйн тулд шошгыг хувцасны гадна талд тогтоож, ил цахилгаан хийдэггүй бөгөөд хувцасны нуруу хэсэгт ил оёдол гаргадаггүй тусгай шахалтын технологийг ашигладгаараа онцлог юм. Мөн хувцсыг тээвэрлэхээс өмнө эцсийн шалгалтыг явуулж, аюултай гаднын хүчин зүйл бүтээгдэхүүний чанарт нөлөөлөхөөс сэргийлдэг байна.

Аюулгүй байдал, чанарыг хангах журам

Miki House нь Японы аж үйлдвэрийн стандартын хорооноос гаргадаг үндсэн дүрмийг биелүүлээд зогсохгүй өөрсдийн баталсан аюулгүй байдал, чанарын дотоод журмыг давхар мөрддөг юм. Тэд хэрэглэдэг бүхий л материалуудаа өнгөний тогтоц, бат бөх чанарын шалгалтаар баталгаажуулдаг бөгөөд pH, формальдегидийн шинжилгээнд хамруулж эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй болохыг нь тогтоодог билээ.

Аль ч улсад хүлээн зөвшөөрөгдөх чанар

Miki House брэнд нь 50 гаруй улсад салбар дэлгүүртэй гэдэг утгаараа тухайн улсын гаргадаг аюулгүй байдлын дүрмийг мөн чандлан сахидаг байна. Ялангуяа хориглох химийн хорт бодисын тухай журмын дагуу тавигдах бүхий л шаардлагуудыг хангаад зогсохгүй хэрэв тухайн улсад зохих дүрэм үйлчилдэггүй бол хорт химийн бодисын тухай өөрсдийн журмыг тусгайлан боловсруулдаг билээ. Эдгээр болон бусад журам нь дэлхийн аль ч улсад хүлээн зөвшөөрөгддөг бөгөөд энэ нь бүтээгдэхүүний аюулгүй байдлыг илтгэж брэндийн нэр хүндийн баталгаа нь болдог юм.


Төрөл бүрийн сонирхолд тохирох өргөн сонголтууд

Тус брэнд нь Miki House First, Miki House Double B, Miki House Hot Biscuits, Miki House гэсэн өөр өөр насны ангиллын, өөрсдийн гэсэн онцлог стильтэй үндсэн дөрвөн брэндээс бүрддэг юм.

Miki House

Miki House нь өндөр чанартай 0-14 насны төрөл бүрийн хүүхдийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчдэдээ санал болгодог. Эрэгтэй, эмэгтэй загварлаг хувцаснаас эхлэн аяга, тавагны сет, шүлсэвч, тоглоом зэрэг бүтээгдэхүүнүүд энд бий.

Miki House First

Miki House First брэнд нь дөнгөж төрсөн нярайд зориулсан бүтээгдэхүүнүүдийг санал болгодог билээ. Тухайлбал, баривч, малгай, өлгий, шүлсэвч, биеийн алчуур, угж, тоглоом зэрэг нярайн бүх төрлийн хэрэгцээг хангах бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг юм. Ингэхдээ маш эмзэг, нимгэн арьстай нярайд зориулан чийг, усыг шингээдэг, удаан эдэлгээтэй 100% байгалийн хөвөн даавуун материалыг сонгодог байна. Энэхүү даавуу нь хүүхдийг стресстэхээс сэргийлэх зөөлөн бөгөөд хөдөлгөөнд саад учруулахгүй суналттай билээ.

Miki House Double B

Тус брэнд нь Америк өдөр тутмын хэв маягтай гэж тодорхойлогддог бөгөөд дийлэнхдээ хөвгүүдэд зориулсан загваруудыг гаргадаг билээ. Doublе В нь Америкийн их сургуулийн өмсгөлийн стильтэй цамц, куртка, ороолт, малгай, бээлий, өмд, бомбер хүрэм, гутал болон бусад хувцсаараа алдартай бөгөөд брэндийн нэрийн амьтан нь өхөөрдөм бор бамбарууш юм. Амьтны хээ, зураглал нь хүүхдийн сэтгэл санааг дээшлүүлэхээс гадна байгаль, амьтныг хайрлах чадварыг суулгадаг бас нэгэн утгатай.

Miki House Hot Biscuits

Хэрэв та хүүхдээ олон төрлийн хээтэй өнгөлөг хувцаслах дуртай бол Hot Biscuits брэнд таны хүслийг гүйцэлдүүлэх болно. Ягаан туулай, бор бамбарууш, бөмбөлгөн болон судалтай хээ зэргээр баялаг зугаатай хийцтэй загварууд энд бий. 


Miki House брэндийн давуу тал

Нян, вирусийг устгадаг Pureveil материал

Miki House нь нян, вирусний эсрэг дархлаа сууж амжаагүй нярайд зориулан хувцасны гадаргуу дээр тогтсон нян, вирусний идэвхжлийг 99% хүртэл зогсоож, халдварлахаас сэргийлдэг Pureveil гэх тусгай материалыг боловсруулжээ. Pureveil материалын үндсэн орц болох “etak” нь амны хөндийг ариутгах үндсэн зориулалттай бөгөөд нярайд ямар ч сөрөг нөлөөгүй нь батлагдсан юм. Энэхүү материалаар хийсэн хувцсыг 50-с дээш удаа угаасан ч нян, вирусийг идэвхгүйжүүлэх шинж чанараа алдахгүйг Miki House брэнд амладаг байна.

Хөвсгөр, зөөлөн шинж чанараа алддаггүй эрчлээсгүй нэхмэлийн утас

Энэхүү брэндийн дараагийн онцлог нь зарим бүтээгдэхүүнээ эрчлээсгүй нэхмэлийн утсаар хийдэгт оршдог. Тус утсаар урласан нүүр, гар, биеийн алчуур, зарим ноосон эдлэл, баривч болон өлгий нь зөөлөн, хөвсгөр, шинэ чанараа удаан эдэлсэн ч, угааж, цэвэрлэсэн ч алддаггүй давуу талтай юм. Ердийн эрчлээстэй утас нь өөртөө чийгийг шингээж эдлэх тусам бүтэц нь хатуу болдог бол эрчлээсгүй утас нь агаар чөлөөтэй нэвтрүүлдэг чанарынхаа тусламжтай хөвсгөр, зөөлөн байдлаа хадгалдаг байна.

Олон жилийн туршилтын үр дүнд бүтсэн хүүхдийн гутал

Мiki house брэндийн хамгийн чухал бүтээгдэхүүнүүдийн нэг бол Япон мэргэжилтнүүдийн олон жилийн судалгаа, туршилтын үр дүнд бүтээгдсэн дөнгөж хөлд орж буй хүүхдийн гутал юм.


Хүүхдийн хөлийн онцлог

1. Хүүхдийн хөлийн дийлэнх хэсэг нь мөгөөрснөөс бүтдэг бөгөөд өсөлтийн явцад энэ нь яс болон бэхэждэг. Тиймээс хөлийн хэлбэрт тохироогүй гутал нь дан ганц хүүхдийн хөлд төдийгүй ясны зөв хөгжилд сөргөөр нөлөөлдөг байна.

2. Хүүхэд том хүнээс ялгаатай нь бүтэн тавхайгаараа гишгэлж алхдаг. Энэ нь унахад хялбар, тогтворгүй алхалтад тооцогддог тул бүдрэхээс сэргийлж зөв нугаламтай гутал сонгох нь чухал юм.

3. Хүүхдийн хөл хэмжээний хувьд том хүнийхээс хэд дахин жижиг ч хөлсний булчирхай нь ижил хэмжээтэй байдаг. Тиймээс хүүхэд том хүнээс илүү их хөлс ялгаруулдаг юм. Хуримтлагдсан хөлс нь зөвхөн таагүй үнэр үүсгээд зогсохгүй цаашид үүсэх арьсны асуудлын үндэс болдог. Иймд чийг татдаггүй, агаар чөлөөтэй нэвтэрдэг гутал болон оймс өмсөх шаардлагатай.


Тэгвэл Miki House нь эдгээр онцлогуудыг харгалзаж дараах давуу талуудтай гутлыг санал болгодог юм:

1. Хүүхэд хөлөө газарт тавихад хуруунууд нь салаалж яг л сэнс шиг хэлбэртэй болдог. Иймд Miki House-ын гутал хөлийн хуруунууд чөлөөтэй хөдөлж болох тусгай зайтай хийгддэг.

2. Хүүхэд өсгийгөөрөө хэт дотогш эсвэл гадагш гишгэхгүй, зөв алхаж сурахад гутлын өсгий чухал үүргийг гүйцэтгэдэг. Тиймээс тус брэнд нь хөлийн гишгэлтийг зөв байлгах үүднээс гутлын өсгийг зузаан, бат бөх байхаар урладаг билээ.

3. Дөнгөж хөлд орж буй хүүхэд хуруугаа дээш нугалах дадал суугаагүй байдаг тул алхалтын хувьд тогтворгүй байдаг. Тэгвэл Miki House нь хүүхэд унахаас сэргийлж хуруунууд байрладаг гутлын урд хэсгийг хангалттай нугалардаг байхаар шийдсэн байна.

4. Уян хатан бус гутлын ул нь хүүхдийн алхалтын хэв маягт өөрчлөлт оруулж, улмаар яс болон булчинд өндөр ачаалал өгдөг сөрөг талтай. Тэгвэл уг брэндийн гутал нь хөлөө чөлөөтэй нугалж, жигд алхалт, хөлийн зөв хэлбэрийг бий болгох уян хатан ултай билээ.

5. Өмсөж тайлахад эвтэйхэн байлгах үүднээс олом нь хангалттай том онгойдог загвартай. Мөн цавуу түрхэх, улыг бэхлэх, гутлын дээд хэсгийн хэлбэрийг гаргах үйл явц нь эцсийн бүтээгдэхүүний чанарт нөлөөлдөг тул эдгээрийг брэндийн чадварлаг мэргэжилтнүүд гар аргаар хийдэг байна.

Miki House нь “pre shoes” буюу дөнгөж зогсож сурч буй хүүхдэд, “first shoes” буюу дөнгөж алхаж сурч буй хүүхдэд, “second shoes” буюу тогтвортой алхаж сурсан хүүхдэд зориулан бүтээгдэхүүнээ ангилан гаргадаг. Харин та хүүхдэдээ гутлыг нь төгс тааруулахын тулд хөлийг нь хэмжих шаардлагатай. Хэмжээсийг  зогсоо байрлалаас авах ёстой бөгөөд суугаа байрлалд биеийн жин хөл рүү шилждэггүй тул хэмжээ буруу гардгийг анхаараарай.


Miki House гарт баригдаж, нүдэнд үзэгдэхгүй баялгийг бүтээх эрхэм зорилготой

“Энэ хорвоо дээрх гэр бүл, хүүхэд бүхэн өдөр бүр аз жаргал, инээмсэглэл дүүрэн байгаасай” Miki House.

Аливаа бизнесийн урт хугацаанд оршин тогтнох үндэс нь ашиг, орлогоос гадна нийгэмд бүтээх үнэ цэнэ нь байдаг. Miki House ч уг санааг орхигдуулахгүй зөвхөн борлуулсан хувцасныхаа ширхэг дээр биш бүтээгдэхүүнийхээ найдвартай, аюулгүй байдал дээр анхаарч хүүхдийг инээлгэж, мөрөөдөхөд нь тусалж, тухайн гэр бүлийн салшгүй нэг хэсэг нь болохыг зорьдог билээ. Тухайлбал, тэд хүүхэд хүмүүжлийн сэдвийн хүрээнд эцэг, эхчүүдэд мэргэжилтнүүдийн хамт сургалт, семинарыг зохион байгуулдаг юм. 2015 онд мянга гаруй ээж, аав болон бусад гэр бүлийн гишүүд тус сургалтад хамрагджээ. Түүнчлэн Miki House нь спортын тамирчдыг маш идэвхтэй дэмжин ажилладаг. Ингэснээрээ тэд тавьсан зорилгынхоо төлөө шаргуу хөдөлмөрлөх ёстой бөгөөд боломж үргэлж байдгийг хүүхдүүдэд ойлгуулж, ямар ч хязгааргүйгээр мөрөөдөхөд нь тусалдаг байна. Мөн тус брэнд нь “Kino-Kuni Kodomo-no-Gakuen” сургуулийг 1992 оноос буюу үүсгэн байгуулагдсан цагаас нь эхлэн дэмжин ажиллаж байна. Ийнхүү Miki House нь эдгээр болон бусад ажлыг хэрэгжүүлж, урт хугацаандаа үр ашгаа үзүүлэх хүүхдийн сайн сайхны төлөөх төслүүдэд ханцуй шамлан ордог уламжлалтай хамт олон юм.

Miki House Mongolia

Хаяг: ХУД, Home Plaza 2 төвийн баруун талд Forum Center-ийн 3 давхарт

Утас: 7720 8585

Facebook: Miki House Mongolia 

Instagram: @mikihouse.mongolia

Б.Энххүслэн

2022-01-18, 10:00