1967 онд сэтгэл зүйч Диана Баумринд эцэг эхчүүдийн хүүхдээ өсгөх арга барилыг эрх мэдэлтэй (authoritative), захирангуй (authoritarian), хүлцэнгүй (permissive) хэмээн гурван үндсэн хэсэгт хуваажээ. Харин 1980-аад оны үед Станфордын судлаачид болох Элеонор Маккоби, Жон Мартин нар оролцоогүй буюу хайхрамжгүй (uninvolved) эцэг эхийн хэв маягийн нэмэн тодорхойлсноор үндсэн дөрвөн төрөлд хуваагддаг болсон байна. Та эдгээрээс өөрийгөө яг аль төрөлд нь хамаарагдах эцэг, эх болохоо тодорхойлж, өөртөө үнэлэлт, дүгнэлт хийх нь маш чухал. Учир нь эцэг эхийн хандлага хүүхдийн өөрийгөө үнэлэх үнэлэмж, биеийн болоод сэтгэл зүйн эрүүл мэнд, харилцааны ур чадвар зэрэг суурь хүмүүжлийн үндсийг тавих хамгийн чухал хүчин зүйл болдог билээ.
Хүмүүжлийн хэв маяг гэдэг нь эцэг эхчүүдийн хүүхэдтэйгээ харилцахдаа гаргадаг ерөнхий хандлага, сэтгэл хөдлөл, дадал зуршил болсон тодорхой үйлдлүүдийг илэрхийлнэ.
Нийтлэг шинж чанар:
- Хүүхдэдээ хариу үйлдэл их үзүүлдэг ч шаардлага бага тавьдаг
- Маш нээлттэй харилцдаг
- Хүүхдэдээ шийдвэр гаргах эрхийг бүрэн олгодог
- Дүрэм, журам тогтоодоггүй, эсвэл хэрэгжүүлж чаддаггүй
- Хүүхдийнхээ аз жаргал, баяр баяслыг бүхнээс дээгүүр тавьдаг
- Заримдаа хэт зөөлөн, хүлцэнгүй, идэвхгүй
Энэ төрлийн эцэг эхчүүд хүүхэдтэйгээ найз нөхөд мэт харилцах нь түгээмэл. Тэд зөрчилдөөн үүсгэхээс зайлсхийдэг бөгөөд ямар нэгэн үл ойлголцол гарч эхэлмэгц түрүүлж буулт хийж, хүүхдийнхээ хүссэнээр асуудлыг шийдэх хандлагатай. Ямар нэгэн тушаал, заавар өгч, дүрэм журам тогтоох нь тун ховор бөгөөд "Би хүүхдэдээ хэзээ ч үгүй гэж хэлэхгүй" эсвэл "Миний хүүхэд юу хийхийг хүсэж байгаагаа өөрөө сонгох эрхтэй" гэж үздэг. Гэвч хүлцэнгүй эцэг эхчүүд хүүхдэдээ нийгэмд хэрхэн биеэ зөв авч ёстой талаарх ойлголтыг маш бага өгдөг.
Жишээ: Маргааш өглөө эрт хичээлдээ явах ёстой ч өмнөх орой нь хүүхэд хэт орой болтол кино үзэхээр шийдэв. Энэ тохиолдолд хүүхэд маргааш өглөө нь ядарч, хичээл дээрээ нойрмоглоно гэдгийг эцэг эхчүүд мэдэж байгаа ч тэдэнд хүссэнээрээ кино үзэх зөвшөөрлийг олгоно. Учир нь энэ төрлийн эцэг эхчүүд хүүхэд бие даан шийдвэр гаргаж, түүнийхээ үр дүнгээс суралцах ёстой хэмээн үздэг.
Нийтлэг шинж чанар:
- Өндөр шаардлага тавьдаг ч хариу үйлдэл бага үзүүлдэг
- Хүүхдийнхээ хэрэгцээ, шаардлагыг үл харгалзан хатуу дүрэм журам тогтоодог
- Хүүхдийнхээ асуултад ихэвчлэн “би хэлж байгаа учраас” гэж хариулах хандлагатай
- Харилцаа нь ихэвчлэн эхлээд эцэг эх дараа нь хүүхэд гэсэн нэг талыг баримталдаг
Энэ төрлийн эцэг эхчүүд хүүхэд хатуу сахилга баттай байх ёстой гэж үздэг. Тэд бүх зүйлийг өөрийн хараа хяналтад байлгахыг зорьдог бөгөөд ингэхдээ хүүхдийнхээ санал хүсэлт, үзэл бодлыг харгалзан үздэггүй. Мөн хүүхдийг дүрэм журмыг дуулгавартай дагадаг байлгахын тулд шийтгэлийн арга барил ашиглах нь ч бий.
Жишээ: Хүүхэд тоглоомын дэлгүүрт ороод ээж ааваасаа тоглоом авч өгөхийг хүсэхэд ямар нэгэн тайлбар өгөлгүйгээр шууд үгүй гэж хариулна. Үүнд хүүхэд сөрөг хариу үйлдэл үзүүлж, уйлж, гомдоллож эхлэхэд эцэг эх нь “чи яг одоо гомдоллохоо зогсоохгүй бол гэртээ очоод чиний бүх тоглоомыг хурааж авна” гэж сүрдүүлдэг. Үр дүнд нь хүүхэд би буруу үйлдлээ засах ёстой гэдэг ойлголт авахаас илүүтэй хэрвээ би буруу юм хийвэл намайг аймшигтай үр дагавар хүлээж байх юм байна гэдэг айдастай болдог.
Нийтлэг шинж чанар:
- Өндөр шаардлага тавьдаг шигээ хариу үйлдэл сайн үзүүлдэг
- Дүрэм журам тогтоодог ч уян хатан байж чаддаг
- Хүүхдийнхээ мэдрэмж, үзэл бодлыг сонсдог, бас хүндэлдэг
- Алдааг хүлээн зөвшөөрч чаддаг
- Хүүхдийнхээ сэтгэлзүйн эрүүл мэндэд анхаардаг
- Аливаад тэнцвэртэй хандаж эцэг эх ба хүүхэд хоорондын дунд харилцааны зөв хил хязгаарыг тогтоож чаддаг
Энэ төрлийн эцэг эхчүүд хүүхдийн хүмүүжилд онцгой ач холбогдол өгөхийн зэрэгцээ тэдний хүсэл сонирхол, хэрэгцээ шаардлагыг ихээхэн дэмждэг. Хүүхэдтэйгээ аливаа зүйлийн талаар нээлттэй ярилцдаг бөгөөд эрх мэдэлтэй эцэг эхтэй хүүхэд өөрийн гэсэн үзэл бодолтой, сахилга баттай хүн болон өсөн торних нь элбэг. Захирангуй эцэг эхчүүдээс ялгаатай нь тэд шаардлага тавихдаа ямагт учир шалтгааныг нь тайлбарлаж мөн хүүхдийнхээ санаа бодлыг хүндэтгэн сонсож чаддаг.
Жишээ: Хүүхэд тэмцээнд хожигдсондоо уурлаж, бухимдаж, хяналтаа алдсан байлаа. Энэ үед эрх мэдэлтэй эцэг эхчүүд хүүхдийг загнах эсвэл зөнгөөр нь орхихын оронд “Би чамайг яагаад уурлаж байгааг ойлгож байна. Ингэж бухимдах нь ч зөв, би ч гэсэн ингэх л байсан. Гэхдээ хүн түр зуурын сэтгэл хөдлөлдөө хэт автаж болохгүй” гэхчлэн хүүхдийнхээ сэтгэл хөдлөлийг ойлгож буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцдаг.
Нийтлэг шинж чанар:
- Шаардлага тавьдаггүй, хариуцлага багатай
- Хүүхдийнхээ гаргаж буй үг, үйлдэл зэрэгт хайхрамжгүй ханддаг
- Анхаарал, халамж багатай, хүүхдээ удирдан чиглүүлж, зааж сургах нь бага
- Хүүхэдтэйгээ ойр дотно харилцаа үүсгэх тал дээр бэрхшээлтэй тулгардаг нь эцэг эх өөрийгөө дутуу үнэлж, өөртөө шүүмжлэлтэй ханддаг үзэлтэй нь холбоотой байх магадлал өндөр
Энэ төрлийн эцэг эхчүүд хүүхдийг орон байр, хоол, хувцас зэрэг үндсэн хэрэгцээгээр хангахаас бусдаар үл тоомсорлох хандлага ажиглагддаг. Хүүхэдтэйгээ хүйтэн хөндий харилцаж, хязгаарлагдмал мэдрэмж төрүүлдэг нь санаатай үйлдэл биш бөгөөд ихэнх тохиолдолд өөрөө ямар нэгэн сэтгэл зүйн асуудалтай эсвэл хэт завгүй ажилладагтай нь холбоотой байж болно.
Жишээ: Өдөр бүр ажлаасаа оройтож ирдэг бөгөөд хүүхдэдээ оройн хоол бэлтгэж өгдөггүй, эсвэл хүүхдийнхээ юу идэж, ууж буйд огт анхаарал хандуулдаггүй эцэг эхчүүдийг энд жишээ татаж болно. Мөн хүүхэдтэйгээ өдөр юу хийсэн талаар ярилцдаггүй, хичээл хийхэд нь тусалдаггүй, хэт багаас нь биеийг нь даалгаж, зөнгөөр нь орхих хандлагатай.
Дийлэнх хүүхдийн сэтгэл зүйчид эрх мэдэлтэй эцэг эхийн хэв маягийг хүүхдэд зохистой хүмүүжлийг хамгийн зөв арга барилаар олгож буй хэлбэр хэмээн тодорхойлдог. Ийм хүмүүжлээр өссөн хүүхэд сэтгэл зүйн хувьд эрүүл, хүчирхэг, бие даасан, өөрийн гэсэн үзэл бодолтой, ямар ч нийгэмд амьдрах чадвартай, зөв дадал төлөвшилтэй хүн болон өсөн торних магадлал өндөртэй байдаг байна.
Мэдээж эцэг эхчүүдийн хувьд ямар ч тохиолдолд цор ганц арга барилыг баримтлах боломжгүй. Хамгийн гол нь та нөхцөл байдлаас шалтгаалж хэрхэн яаж өөрчлөгдөх ёстойгоо мэддэг, уян хатан байж чаддаг, асуудлыг ухаалгаар шийдэх өөрийн гэсэн арга барилтай байх чухал билээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт