Цэцэрлэгтээ хамтдаа бэлдэцгээе

Эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө

Бяцхан үрээ цэцэрлэгийн сурагч болгоход та бэлэн үү? Цэцэрлэгийн сонголтоо хийж, хувцас хэрэгслээ авахаас гадна хүүхдийн сэтгэл зүй, бие махбодыг шинэ орчинд дасахад эртнээс бэлдэх гээд эцэг эхчүүдэд хийх зүйл их бий. Тиймээс шинэ хичээлийн жил эхлэхэд хэдхэн хоног үлдээд буй энэ үед хүүхдээ анх удаа цэцэрлэгт явуулахаар бэлдэж буй шинэхэн эцэг эхчүүддээ зориулан дараах зөвлөгөөг бэлтгэн хүргэж байна. 


Нойр, хоол

Яг одоогоос эхлэн хүүхдэдээ тогтмол цагт унтаж бас хооллох дадлыг суулгахыг зөвлөж байна. Ингэснээр хүүхэд цэцэрлэгийн тогтсон хоол болон унтлагын цагт амархан дасахаас гадна дархлааг дэмжих давуу талтай.

Багш болон цэцэрлэгийг урьдчилж танилцуулах

Хэрэв та цэцэрлэгийн сонголтоо хийсэн бол есдүгээр сарын 1-ээс өмнө хүүхдэдээ цэцэрлэгийн орчин, анги танхим, багшийг нь заавал урьдчилж танилцуулаарай. Ингэснээр хичээлийн эхний өдөр хүүхдэд бүх зүйл илүү танил дотно байхаас гадна цаашид дасах үйл явцыг хөнгөвчлөх болно.

Эрүүл мэндийн үзлэгт хамруулах

Улсын цэцэрлэгийн хувьд хичээл эхлэхээс урьтаж шээс болон цагаан хорхойн шинжилгээг нэгдсэн журмаар авдаг. Харин эцэг эхчүүдийн зүгээс хүүхдээ шаардлагатай вакцинжуулалтад бүрэн хамрагдсан эсэхийг ахин нэг нягталж, шүдний эмч дээр очиж зөвлөгөө авах зэрэг эрүүл мэндийн ерөнхий үзлэгт урьдчилан хамруулахыг зөвлөж байна.

Сэтгэл зүйг бэлдэх

Хүүхдийн хувьд анх удаа эцэг эхээсээ холдож, шинэ орчинд орно гэдэг маш том шилжилт. Тиймээс хүүхэдтэйгээ цэцэрлэг болж хамтдаа тоглож бас ярилцах маш чухал. Ээж, аав нь багадаа ямар цэцэрлэгт явдаг байсан, юу сурдаг байсан, нэг өдөр хэрхэн өнгөрдөг байсан гэхчлэн өөрсдийн туршлагаа хуваалцаж, цэцэрлэгтэй холбоотой хүүхдийн ном уншиж, бичлэг үзүүлж хүүхдийнхээ сэтгэл зүйг сайтар бэлдэхэд онцгойлон анхаарал хандуулаарай.

Ухаалаг худалдан авалт

Замын хөдөлгөөн ихсэж, ачаалал нэмэгдэхээс урьтаж цэцэрлэг, сургуулийн хувцас, хэрэгслээ 2-3 хуваан бэлдэж болно. Учир нь цагийг нь тулгаж, нэг дор худалдан авалт хийхэд сэтгэл хөдлөлөөр хэрэгцээгүй зүйлс их авах, эсвэл дутуу авах зэрэг асуудлууд гардаг. Тиймээс авах зүйлсийн жагсаалтаа хүүхэдтэйгээ хамтдаа урьдчилан гаргаж, чанартай бас ухаалаг худалдан авалт хийхийг зөвлөж байна. 

Дархлааг дэмжих

Цэцэрлэгтэй холбоотой хамгийн том асуудлуудын нэг бол ханиад болон гэдэсний өвчлөл байдаг. Энэ бүхнээс урьдчилан сэргийлэх, эсвэл илүү хөнгөн тусахад туслах хамгийн чухал зүйл бол хүүхдийнхээ дархлааг тогтмол дэмжих юм. Хоол, нойр, хөдөлгөөн гурав дархлааг дэмжих гол хүчин зүйлс. Тиймээс хүүхдээ тогтмол цагт унтуулж, шим тэжээлээр баялаг хоол хүнсийг идэвхтэй хөдөлгөөнтэй хоршуулж, амралтын өдрүүдээр заавал агаар салхинд гарч хэвшээрэй.

А.Сарнай

2024-08-13, 16:08