Sharenting буюу хүүхдийнхээ тухай цахим орчинд хэт их хуваалцах үзэгдлийн талаар

Элдэв шүүмж, үзэл бодол, бараан голдуу мэдээлэл давамгайлсан цахим ертөнцөд өхөөрдөм хөөрхөн хүүхдүүдийн зураг, бичлэг үзэх сайхан. Нөгөө талаас амьдралын гэрэл гэгээ болсон үрсийнхээ эгдүүтэй, дурсамжтай мөчүүдийг мөнхөлж, тэднийгээ хэрхэн том болж буйг, ямар хайр татам өсөж байгааг бусадтай хуваалцах ч амттай. Гэвч та бид өөрсдөө, эсвэл бидний танил хэн нэгэн өөрийнхөө цахим хаяг дээр хааяахан биш өдөр бүр хүүхдүүдийнхээ элдэв зураг, бичлэгийг постолж, тэдний амьдралын чухал мөчүүдийг олон нийттэй харамгүй бас тасралтгүй хуваалцсаар байна уу? Тэгвэл Sharenting буюу хүүхдийнхээ тухай цахим орчинд хэт их хуваалцах нь ирээдүйн олон эрсдэлийг дагуулаад зогсохгүй тухайн эцэг эхийн сэтгэлзүйн нөхцөл байдалтай ч холбоотой байдаг ажээ.


Болзошгүй бодит эрсдэлүүд

Саяхны судалгаанд эцэг эхчүүд хүүхдээ нас биед хүртэл нь тэдний тухай 1000-аас илүү зургийг онлайн орчинд нийтэлдэг бол хүүхдүүд нь 18 наснаасаа хойш дунджаар өөрсдийнхөө тухай 70000 постыг бусадтай хуваалцдаг гэж тэмдэглэжээ. Хүүхдээ энэ хорвоо дээр мэндэлж ч амжаагүй байхад эхоных нь зургийг, хэт авиан дуутай бичлэгийн хамт нийтлэхээс эхлээд овог нэр, төрсөн он сар өдөр, сурдаг цэцэрлэг сургууль, амьдардаг хотхон, байр сууц, сайн муу зуршил, зан авир, эрүүл мэндийн нөхцөл байдал, сонирхол хобби, давуу болон сул тал зэрэг маш чухал нарийвчилсан мэдээллүүдийг цуглуулж болох дэндүү ил тод зураг, бичлэг, сэтгэгдлүүдийг бусадтай хуваалцах нь олон эрсдэлийг үүсгэдэг гэнэ. Хамгийн ноцтой нь хүүхэд тань муу хүмүүсийн бай болох, хүүхэд хулгайлах, хууран мэхлэх, хүчирхийлэх гэмт хэргийн золиос болох аюултай. Эсвэл таны хүүхдийн мэдээллээр дамжуулж таныг болон өвөө эмээ, дотнын хүмүүсийг нь хууран мэхлэх ч тохиолдол байдаг гэнэ. Мөн хүүхдийн тань зураг, бичлэгийг ашиглаж цахим талбарт залилан хийх, хандив цуглуулах зэрэг ёс бус үйлдлүүд ч гардаг аж. Одоо цагт тохиолдож болох энэхүү эрсдэлээс гадна ирээдүйд таны хүүхдийн өөртөө итгэх итгэл, үзэл санаа болон сэтгэлзүйн нөхцөл байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй.

Яагаад эцэг эхчүүд энэ үйлдлийг давтсаар байдаг вэ?

Sharenting үйлдлийг өдөөдөг олон хүчин зүйлс бий. Мэдээж өөрийнхөө цахим хаяг дээр юу нийтлэх нь тухайн хүний эрх бөгөөд энэхүү нийтлэлээрээ хаа нэг хүүхдийнхээ тухай бусадтай хуваалцах эрхийг тань хөндөөгүй юм шүү.

Юун түрүүнд бага насны хүүхдээ хардаг эцэг эхчүүд нийгмээс тусгаарлагдсан мэт ганцаардсан мэдрэмжээ хөнгөлөхийн тулд хүүхдийнхээ тухай бүхнийг дэлгэх хандлагатай байдаг гэсэн судалгаа бий. Өөрөөр хэлбэл хүүхдээрээ дамжуулж асуудалгүй, идэвхтэй амьдарч байгаагаа илэрхийлэх, өөрийгөө батлан харуулах, бусдын анхаарлыг татах, хайр халамж авах, нийгэмд хүлээн зөвшөөрүүлэхийг оролддог гэсэн үг. Шинэхэн ээжүүд хүүхдийнхээ тухай постон дор эерэг сэтгэгдэл болон олон лайк, зүрх авах нь тэднийг сайн ээж гэдгийг батлаад зогсохгүй, бусдаас дэмжлэг, халамж авч буй мэт дулаан мэдрэмж төрүүлдэг аж. Эрчүүдийн хувьд ч гэсэн өөрийгөө хэр сайн аав болохыг бусдад харуулж, нэр хүндээ өсгөх гэсэн санамсаргүй санаархал байдгийг олон судалгаа болон нийтлэлүүд дээр дурджээ.

Удаах нэгэн том шалтгаан нь сошиал орчинд идэвхтэй байдаг инфлюенсер эсвэл влог хийдэг эцэг эхчүүд эгэл жирийн амьдралын хэв маягтай хүмүүсээс хэд дахин их хүүхдийнхээ тухай бичвэр, бичлэг, зургийг нийтэлдэг байна. Хүүхэдтэй холбоотой контент олны анхааралд байдаг учраас зарим хүмүүс хүүхдийнхээ гунигтай, хөгтэй, ичиж, санаа зовмоор мөчүүдийг олон нийттэй хуваалцаж хандалтаа өсгөх гэж оролддог бол зарим нь бүр траума үүсгэх хэмжээний прэнк хийн түүнийгээ постолж “хүүхдээрээ наадах” нь ч бий. Энэ мэт хүүхдийнхээ тухай муу сэдэлгүйгээр цахим орчинд хуваалцсаар хандалт их авах тусам хүүхдийнхээ хүүхэд насыг “арилжих” хандлага гарших тохиолдол цөөнгүй.

Мөн хүүхдийнхээ авьяас чадал, эрдэм мэдлэгийг олонд түгээж нэр хүнд, бахархлаа өсгөх, амьдралын хэв маяг, эдийн засгийн чадал чансаагаа гайхуулах эсвэл хүүхдийнхээ эрүүл мэндийн ноцтой асуудлуудыг дэлгэж бусдаас дэм олох, тусламж дэмжлэг авах зэрэг маш олон шалтгаанууд зарим нэг томчуудад бий.

Эцэг эх, хүүхдийн харилцаанд нөлөөлөх хор уршиг

Сошиал платформууд дээр өдөр бүр сая сая хаягууд шинээр нээгдэж, төдий чинээ их хаягууд эзэн нь хорвоог орхисноос үүдэж “амьгүй” болж байдаг. Гэвч эзнийх нь хаяг дахь бүх архив, постууд нийтэд нээлттэй хэвээр үлдэх тохиолдол байдаг нь харамсалтай. Түүнчлэн бид аливаа нэг сэдэв, дуулиан шуугианы хүрээнд өдөр бүр шэйр хийж нэг нэгэндээ түгээдэг. Энэ бүх үйл явц дунд таны постлоод мартчихсан хүүхдийн тань тухай зураг, бичлэг, баримтууд олон нийтийн сүлжээ хэмээх их далай дунд хөвсөөр, цаг хугацааг үл хамааран амь бөхтэй оршсоор байдаг. Иймээс хожим хүүхэд тань аливааг эргэцүүлэх, шүүн тунгаах ухаантай болсныхоо дараа өөрийнхөө хүүхэд нас, өнгөрсөн үеийн баримтуудаас ичих, өөртөө итгэлгүй болох, өөрийгөө голох, айдас, ичгүүрт автах гэх мэт сэтгэлзүйн өөрчлөлтөд орох магадлалтай юм. Ялангуяа өсвөр насны хүүхэд таны дэлгэсэн зарим нэг сөрөг зүйлсээс болж үе тэнгийнхэндээ дээрэлхүүлэх, эцэг эхдээ дургүйлхэх, үл ойлголцох, өөрийнхөө тухай аливаа зүйлсийг ярилцахаас зайлсхийх, нуух хандлагатай болдог ажээ. Хамгийн хортой нь өөрийгөө олоогүй, үзэл бодол нь төлөвшөөгүй үед эцэг эх нь түүний тухай бүхнийг нийтэд ил болгосноор тухайн хүүхэд ээж аавынхаа хайрцагласан бусдын үнэлэмж, тодорхойлолтын дагуу амьдрах сэтгэхүйтэй болдог гэнэ. Мөн ийм үзэгдлийн нөлөөнд өссөн хүүхэд ирээдүйд өөрийнхөө ямар мэдээллийг олон нийтэд ил болгох эсэхээ шүүн тунгаах чадамжгүй байх магадлалтай аж. Энэ мэтчилэн карьерын замаар амжилттай өгсөх, хайртай хүнтэйгээ гэр бүл зохиох, найз нөхдийн хүрээлэл үүсгэх, аз жаргалтай, эрх чөлөөтэй амьдрах, эцэг эхтэйгээ халуун дотно харилцаатай байх гэх мэт олон чухал зүйлд сөрөг нөлөө үүсгэх нь бий.

Хэрхэн зохистойгоор Sharenting хийх вэ?

Цахим орчинд хүүхдийнхээ тухай хуваалцахаасаа өмнө дээр дурдсан сөрөг нөлөөллүүдийг үүсгэх эсэхийг дахин бодох хэрэгтэй. Яарч “post” гэсэн товч дарахынхаа өмнө дараах асуултуудыг өөрөөсөө асуугаад үзээрэй.

- Ямар зорилгоор үүнийг бусадтай хуваалцах гэж байна вэ?

- Хэн энэ постыг харах вэ?

- Хэрвээ энэ постыг хэн нэг буруу хүн харвал миний санаа зовох уу?

Дараагийн зөвлөгөө бол хүүхдийнхээ тухай сөрөг болон шүүмжилсэн агуулгатай, хэт их хувийн мэдээлэл дамжуулсан пост огт битгий хийгээрэй. Сөрөг зүйлсээр дүүрэн бидний нийгэм шүүмжлэл, өө сэвээр дутаагүй шүү дээ. Мөн шинэхэн, залуухан ээжүүд төрсний дараах сэтгэл гутрал, ганцаардах мэдрэмжид автсан бол хүүхдийнхээ тухай нийтлэхээс илүүтэй ижилхэн амьдралын үе шатыг даван туулж яваа ээж аавуудтай мэдрэмжээ хуваалцах нь зүйтэй. Түүнчлэн хүүхдээ балчир гэж үл тоохгүйгээр түүний тухай яг ямар зүйлийг олон нийттэй хуваалцах гэж буйгаа ярилцаж, зөвшөөрөл авсны дараа постолж байгаарай. Хожмын үл ойлголцол болон эрсдэлээс сэргийлэх хамгийн шилдэг арга бол сошиал медиа хэрэглээний тухай хүүхэдтэйгээ илэн далангүй ярилцах, санаа бодлыг нь сонсох, бусадтай хуваалцаж болох эс болох зүйлсийн тухай тодорхой хэмжээний хил хязгаартай болох явдал юм. Хамтдаа дагагчид болон найзын жагсаалтаа ч шүүж болно шүү дээ. Эцэст нь ихэнх хүмүүс сошиал орчинд амьдралынхаа болж бүтэж байгаа, сайн сайхан зүйлсийг л дэлгэж, бүхий л хүний амьдралд тохиолддог хүнд хэцүү зүйлсийг нуух хандлагатай байдаг тул сүржин стори, лайк, шэйрийн тоо, сэтгэгдлүүдэд төдийлөн ач холбогдол өгөлгүй, өөрийнхөө замаар аз жаргалтай амьдрахад суралцаарай.


Т.Номин-Эрдэнэ

2024-07-22, 12:00

  • Зураг: Maya Ish Shalom