Гадаадын их сургуулиудад элсэх талаар: Хэзээнээс материалаа илгээж эхлэх вэ?
Олон улсын их сургуулийн төгсөгч, оюутнууд зөвлөж байна
Төгсөх ангийн сурагчдын хувьд их сургуульд элсэх маш хариуцлагатай цаг үе хаяанд иржээ. Дийлэнх сурагчид дэлхийн томоохон их сургуулиудад суралцах, тэтгэлэг авах хүсэл зорилготой байдаг. Тийм ч учраас их сургуулиуд тэр хэрээрээ өрсөлдөөн ихтэй, олон шалгууртай, өндөр цензурийг тогтоодог билээ. Ийнхүү ахлах ангийн сурагчдадаа зориулан дэлхийн томоохон их сургуулиудын төгсөгч, оюутнуудаас хэрхэн сургуулиудад элсэх, тэтгэлэгт хамрагдах, хүсэлтээ явуулах зэрэг талаар өгсөн зөвлөмжийг хүргэж байна.
Төгсөгч И.Мөнх-Очир
Би Канад Улсын Бритиш Колумбын их сургуульд улс төр болон эдийн засгийн мэргэжлээр төгсөж ирээд одоо эх орондоо ажиллаж байна. Манай сургууль нь дэлхийн шилдэг их сургуулийн 47-д 2023 оны байдлаар жагсаж байгаа сургалт судалгааны дэлхийн төв юм. Элсэлтийн материалаа албан ёсоор тухайн элсэх жилийн нэгдүгээр сарын 15-ны өдөр авахаар заасан байдаг. Гэвч сурагчийн амжилт, чанараас хамаарч арван хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн илгээх боломжтой.
Их сургуульд элсэн орно гэдэг сурагчийн олон жилийн хичээл зүтгэлийн үр дүн байдаг. Дан ганц хичээл сурлагын амжилтаар зогсохгүй урлаг, спорт, нийгмийн идэвх оролцоо гээд тал бүрийн авьяас чадварын нийлбэрийг тань үнэлэх цаг мөч гэж ойлгох хэрэгтэй. Тиймээс элсэн орох сонирхолтой сургуулийнхаа хуудсаар дамжуулан нарийн хугацааг дэлгэрэнгүй судалж аль болох эртнээс бэлдээрэй гэж зөвлөж байна. Сурагч элсэн орох сургуулиа сонгохдоо өөрийн дур сонирхол, чадвар болоод зорилгод нийцүүлэн, түүнчлэн аль улс эх орон өөрт илүү тохиромжтой гэх мэт нөхцөлүүд дээр тулгуурлан сайтар бодож судалсны үр дүнд жагсаалт гаргаж үзэх нь зөв байдаг. Хүн өөрөө өөрийгөө л хамгийн сайн мэддэг шүү дээ. Тухайн улсын байгаль, цаг агаар, хүмүүс хоорондын уур амьсгал, идэвхтэй амьдралын хэв маяг, хэрэглэж буй хоол хүнс, соёл хувь хүнтэй минь илүү нийцэж байна уу гэх зэргийг сайтар бодолцоорой. Мэдээж дээр дурдсан тал бүрийн авьяас чадвараас гадна босго оноонууддаа хангалттай хүрч байх хэрэгтэй. Дээр нь нэмээд бичих ур чадвар хамгийн чухал нөлөө үзүүлдэг.
Тэтгэлгийн хувьд олон улсын элсэлтийн тэтгэлэг, олон улсын шилдэг оюутны шагнал гэх мэт тэтгэлгүүд бий. Тэтгэлэгт эрмэлзэж буй оюутан их байдаг болохоор үүнийгээ дагаад өрсөлдөөн ч өндөр байх болно. Чиний мөрөөдөж байгаа сургууль өөр хэн нэгний мөрөөдөл. Тийм учраас бусдаас ялгарч харагдах зүйл минь юу вэ, яагаад энэ шагнал болон тэтгэлгийг би хүртэх эрхтэй вэ гэх мэтчилэн өөртөө дүгнэлт хийж тэр зүйлсээ давуу тал болгож тэтгэлгийн материалдаа илгээгээрэй.
Төгсөгч Б.Түвшинбаяр
Манай сургууль 1962 онд байгуулагдсан ба шинэ Тайпэй хотын Ян Минг Шан уулан дээр байрладаг. Жил бүр 20-30 мянган оюутан суралцдаг томоохон англи хэлний хөтөлбөртэй сургуулиудын нэг бөгөөд сүм мэт содон хийцтэй ногоон төгөл, хотхонтой гэдгээрээ онцлог. Манай сургууль англи хэлээр дагнан ордог Global Business мэргэжлээр элсэлтээ намар болон хавар хүлээн авдаг. Хятад хэлээр сурах бол бүх мэргэжлээс сонгон суралцах боломжтой. Хятад хэлийг энд ирээд сурах боломжтой тул жил хагасын хугацаанд хэлний бэлтгэлд сууж, шалгалт өгөөд тодорхой шалгуур хангасны дараагаар дөрвөн жилийн үндсэн ангидаа сурдаг. Хэлний шалгуураа хэдий чинээ хурдан хугацаанд хангаж чадна төдий хэрээрээ хурдан үндсэн ангидаа ордог.
Элсэлтийн хувьд жил бүр хуваарь өөр байдаг. Энэ жилийн хувьд хаврын элсэлт аравдугаар сарын 17-ноос арванхоёрдугаар сарын 5-ны өдөр хүртэл хүлээж авч байна. Хариу нь арванхоёрдугаар сарын 29-ний өдөр гарч, ирэх оны нэгдүгээр сарын 10-ны өдөр хүртэл бүртгэлээ баталгаажуулдаг. Apply хийхэд шаардлагатай хэд хэдэн материал байдаг ба тэрнээс хамгийн чухал нь хэлний оноо байдаг тул эртнээс хэлний шалгалтуудаа өгч эхлэх нь чухал. Хүсэлтээ илгээхээс өмнө маш сайтар шалгаж, доод тал нь гэхэд нэг сарын хугацааг яс зарцуулах хэрэгтэй. Миний туршлагаас Тайваний боловсролын газар хариу өгөхдөө бага зэрэг удах хандлага байдаг учир эртнээс материалуудаа шалгуулаад, ярилцлагын шатандаа бэлдсэн нь дээр. Мөн өөрийн эсээндээ маш сайн тулгуурлаж ажиллаж өгөөрэй. Эсээ болон чамайг тодорхойлох захидал хамгийн их нөлөө үзүүлдэг мэт санагдсан. Алдартай хүмүүс, амжилттай оюутнуудын эсээг дуурайлгах гэж оролдолгүйгээр яг л өөрийнхөө талаас бичвэл сонгогдох магадлал илүү өндөр. Мэдээж нийгмийн идэвх оролцоо, дүнгийн дундаж, урлаг спортын амжилтуудаа мартаж болохгүй.
Тэтгэлгийн хувьд засгийн газрын тэтгэлэг өвөл зарлагдаад хавар хариу нь ирдэг. Бусад орнуудыг бодвол тэтгэлэг олдох боломж ихтэйгээс гадна оюутнууд ирсэн улс орноосоо хамаараад өөр, өөр тэтгэлэгт хамрагддаг. Жишээ нь би Монголоос ирсэн бол Хятад, Малайз болон Индонез улсаас ирсэн оюутнуудтай өрсөлдөхгүй гэсэн үг. Тэтгэлэг нь мөнгөн дүн буцаан олгох, эсвэл мөнгөн дүнгийн хасалт гэсэн хоёр төрөл байдаг. Мөнгөн дүн буцаан олгох нь 50 хувийн тэтгэлэгтэй адилхан бөгөөд улирлын эхэнд төлбөрөө төлөөд, эцэст нь төлбөрийнхөө тал хувийг буцаан авдаг. Шууд дүнгийн хасалт нь семестрийн төлбөрийг бүтэн болон хагас хувь чөлөөлж өгдөг.
Оюутан А.Болор
Манай сургууль Австри улсын түүхэнд 1365 онд байгуулагдсан хэмээн тэмдэглэгдсэн Европын ууган их сургуулиудын нэг ба дэлхийд чансаагаараа 130-д жагсдаг. Элсэлтийн хувьд өвлийн бүртгэл аравдугаар сарын 1-нээс, зуны бүртгэл гуравдугаар сарын 1-нээс эхэлдэг. Элсэхийг хүссэн сурагчид маань аль улирлаас эхэлж сурах боломжтойгоо тооцоолоод, хамгийн түрүүнд сургуулийн урилгаа авах хэрэгтэй байдаг. Гэвч сургуулийн урилгыг авахаасаа өмнө Герман хэлний A2 түвшинтэй байх ёстой. Учир нь бакалаврын түвшинд ихэнх хөтөлбөрүүд маань Герман хэл дээр явагддаг. Тиймээс хамгийн түрүүнд Герман хэлний суурь мэдлэгтэй байх нь манай сургуулийн гол шалгуур юм.
Харин гуравдагч орон буюу Европын Холбоонд багтдаггүй улсуудын оюутнуудын хувьд хоёр жилийн турш хэлний бэлтгэлд явж, Герман хэлний C1 түвшинд хүрсэн байх ёстойгоос гадна нэмэлт хичээлүүдийн шалгалт өгч байж тэнцэж ордог. Миний хувьд хоёр жилийн хугацаанд зургаан удаа аман болон бичгийн шалгалтыг өгч сургуульдаа элсэж байсан. Цөөн үгээр хэлбэл шалгуур маш өндөр, олон орны хүүхдүүдээс шигшиж авдаг. Гэхдээ нэг давуу тал нь хуулийн мэргэжил бакалавр, магистрын хөтөлбөрийг хамтад нь сурч төгсдөг төдийгүй төгсөхдөө магистрын зэргийг давхар хамгаалдаг учир олон шалгалтуудыг даваад туулахад асуудалгүй байдаг. Харамсалтай нь манай сургууль тэтгэлэг олгодоггүй.
Австри улсын Вена хот дэлхийд амьдрахад тааламжтай, аюулгүй хотуудын нэг гэдгээрээ алдартай, залууст ээлтэй хот учир энд ирж суралцах хүсэлтэй оюутан залууст таалагдана гэж найдаж байна.
Оюутан А.Мишээл
Peking University буюу Бээжингийн их сургууль нь Азийн хамгийн шилдэг их сургууль бөгөөд дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалтад 12-р байранд ордог. 1898 онд үүсгэн байгуулагдаж, одоогоор зургаан тэнхим, 55 салбар болон 130 бакалаврын хөтөлбөртэй. Манай сургууль азийн хамгийн том номын сантай их сургууль гэдгээрээ алдартай.
Төгсөгч Б.Наранзаяа
Би Япон улсын Нагоя их сургуулийн хуулийн бакалаврыг 2022 онд төгссөн. Нагоя их сургууль нь эзэн хааны долоон сургуулийн нэг ба цэнхэр LED гэрлийг нээж Нобелийн шагнал авч байсан Нобелийн шагналтнуудын өлгий сургууль гэдгээрээ алдартай. Бакалавраас эхлээд пост-докторын зэргүүдийг япон, англи хэл дээр олгодог учраас гадаад оюутнууд олонтой.
Элсэлтийн хувьд ихэнх сургуулиудын адилаар аравдугаар сараас арван хоёрдугаар сарын хооронд материалаа хүлээж аваад, хоёрдугаар сарын үед эхний шатанд тэнцсэн хүмүүсээс ярилцлага авдаг. Зааж өгсөн оноонуудаас гадна өмнө нь хийж байсан нийгмийн ажил, олимпиад уралдааны амжилт зэргийг чухалчлан авч үздэг болохоор элсэлт эхлэхээс дор хаяж хагас жилийн өмнөөс материалаа бэлдэж эхэлбэл зүгээр байдаг. Сургуулийнхаа элсэлтийн албанд ажиллаж байсан хүний хувьд хэлэхэд мэдээж А зэрэглэлийн сургууль гэдгээрээ голч дүн нь сайн байхыг шаарддаг. Үүнээс гадна эсээн дээрээ өмнө нь юу сурч байсан, Нагоя хотод ирээд юу сурмаар байгаагаа илэрхийлж байж бусад өргөдлөө явуулж байгаа хүмүүсээс ялгарах юм шиг санагдсан. Тэтгэлгийн хувьд би сургуулиасаа төлбөрийн тэтгэлэг авахаас гадна тэтгэлгийн сангуудаас амьжиргааны тэтгэлэг авдаг байсан. Миний авч байсан тэтгэлэг тухайн оюутны санхүүгийн хэрэгцээг харгалзахгүйгээр зөвхөн өмнө нь гаргасан амжилт, сурлагын дүн, манлайлах чадвар, ирээдүйд сургууль болон тэтгэлгийн санг төлөөлж сургуулийнхаа нэрийг гаргах чадамжтай эсэхийг нь харгалзаж үзээд цөөн тооны оюутнуудад олгодог тэтгэлэг.
Сурагчдадаа хандан хэлэхэд өөртөө хамгийн тохирсон сургуулийг олохын тулд сургуулиудын вэбсайттай дотно "найзлах" хэрэгтэй. Вэбсайт дээр нь тухайн сургууль яг ямар чиглэлээр мэргэшдэг, ямар багш нар заадаг, ямархуу оюутны амьдралтай, төгсөөд ажлын байрны олдоц хэр вэ зэрэг бүх мэдээлэл нь байдаг. Би энэ зарчмаар өргөдөл явуулах сургуулиудаа сонгоод, дараа нь тэнцсэн сургуулиудаа харьцуулж байгаад байршил болон миний судалгаанд тохиромжтой байсан учраас Нагоя их сургуулийг сонгож байсан.
Төгсөгч Г.Эсэнтайш
Би Турк улсын Чанаккале 18 Март Их сургуулийн 2018 оны төгсөгч. Манай сургууль 1992 онд байгуулагдсан ба Турк улсын баруун хойд зүгт далайн эрэг дээр байрладаг үзэсгэлэнтэй орчинтой. Нийтдээ 140 мянга гаруй төгсөгчтэй бөгөөд жил бүр 30-50 мянган оюутан суралцдаг.
Элсэлтийн хуваарь жил бүр өөр байдаг бөгөөд сургуулийн вэбсайт дээр яг хэзээнээс эхэлж материалаа авах хугацаа нь зарлагддаг. Энэ жил олон улсын сурагчдын материалыг есдүгээр сарын 19-өөс авч эхэлсэн. Миний хувьд сургуулиа сонгохоос өмнө эхлээд сонирхож буй орнуудынхаа тэтгэлэгт бэлдэж, Турк улсын засгийн газрын тэтгэлэг, Япон улсын Монбушо болон Канадын тэтгэлгүүдийг судалж нэлээдгүй цагийг зарцуулж байлаа. Турк улсын тэтгэлгийн шалгалт хоёр сард болдог учраас эртнээс бэлдэж эхлэх хэрэгтэй. Шалгалтаа өгсний дараагаар тэнцсэн хариу ирж сургуулиа судлахад Чанаккале 18 Март сургууль маань үзэмж их гоётой, уул болон далайн хажууд байрлах төгөл хотхонтой байсан учир надад их таалагдаж байсан. Үүний дараагаар босго оноо, шаардагдах материал зэргийг сургуулийн вэбсайт болон Элчин сайдын яамны вэбсайтаас мэдээллүүдээ цуглуулсан.
Турк улсын сургуулиуд шалгалтын үнэлгээ, багш нарын сурагчид өгөх үнэлэмж буюу recommendation letter , эсээ зэрэг зүйлсийг хамгийн ихээр харгалзаж оюутнуудаа сонгон авдаг. Гадаадад суралцах сонирхолтой бол нэн түрүүнд өөрөө маш сайн судалгаа хийж, өөрт хэрэгтэй мэдээллүүдийг олох хэрэгтэй. Хүн өөрөө л хичээж, эрэл хайгуул хийж байж хүссэн зүйлээ авна шүү дээ. Засгийн газрын тэтгэлгээс гадна тухайн сургуулийн хувийн тэтгэлэг гэж байдаг ба нэгдүгээр курсийн хавар сонгогдсон хичээлүүдийн шалгалтыг өгч, оноогоороо тэргүүлсэн тохиолдолд хамрагддаг. Засгийн газрын тэтгэлэгт дотуур байр, эрүүл мэндийн даатгал, сургалтын төлбөр болон амьдрах мөнгөн тэтгэмж зэргийг багтаасан байдаг. Мөн сурч байх хугацаандаа Европын орнуудад оюутан солилцоогоор явах боломжтой төдийгүй тэр сургуулиасаа ч гэсэн хүсэлт гарган тэтгэлгээр сурах боломжтой. Тэтгэлэг авахад өрсөлдөөнтэй учир хичээлийн дүн маш сайн байхаас гадна хичээлийн ирц бүрэн байх ёстой.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт