“Gap year”-ийн талаар таны мэдвэл зохистой зүйлс
“Gap year” буюу бидний хэлж заншсанаар “жилийн чөлөө” авах нь АНУ, Их Британи, Австрали улсын ахлах сургуулиа төгсөж буй сурагчдын дунд ойрын жилүүдэд түгээмэл ажиглагдах болсон. Харин манай улсад төгсөөд шууд л их сургуульд орж, ямар нэгэн мэргэжилтэй болохыг гэр бүлээс нь шаардах үзэгдэл олонтоо. Учир нь тэдний хувьд жил завсарлана гэдэг бол бүтэн нэг жилийн хугацааг алдан өнгөрүүлж байгаа мэт санагддаг ба эцэг эхчүүдийн хувьд gap year-ийн талаар төдийлөн оновчтой ойлголт ховор. Тийм учраас ахлах ангийн сурагчид болон төгсөх ангийн хүүхдүүдтэй эцэг эхчүүдэд зориулан Улаанбаатар Элит олон улсын дунд сургуулийн коллежийн зөвлөх Х.Жавзандулам бидэнд gap year-ийн талаарх зөвлөмж, анхлан ойлголтуудын талаар хуваалцлаа.
Gap year буюу завсар жил гэдэг нь төгсөх ангийн сурагчид ахлах сургуулиа дүүргээд их сургуульд үргэлжлүүлэн сурах бус нэг жил өнжиж, дараа жил нь их сургуульд элсэхийг хэлдэг. Учир нь их сургуулийн элсэлтийн процесст бэлдэхэд маш их цаг хугацааг зарцуулдаг төдийгүй хүссэн сургуульдаа суралцахын тулд жилийн хугацаа зарим үед багаддаг.
Сүүлийн жилүүдэд сурагчид gap year авах нь ихэссэн. Үүнд хэд хэдэн шалтгаанууд байдаг ба тэд хүссэн сургуульдаа орж чадаагүй эсвэл хүссэн сургуульдаа тэнцсэн ч тэтгэлэгт нь хамрагдаж чадаагүй байх тохиолдол бий. Зарим сурагчдын хувьд өөрийгөө олж, яг ямар чиглэлээр ирээдүйд суралцах талаараа тодорхой болгоогүй байдаг учир gap year авдаг. Нэгэн жишээ яривал Тайваны их сургуульд 100 хувийн бүрэн тэтгэлэгтэй тэнцсэн сурагч маань нэг жил дэлхийгээр үүргэвчтэй аялал хийж, дараа нь их сургуулийнхаа талаар эргэцүүлэн бодохоор шийдсэн байсан. Тодруулан асуухад "Яг миний хүссэн сургууль, хүссэн мэргэжил мөн үү гэдгийг нэг жилийн хугацаанд олж мэдмээр байна" гэж байв. Тийм учраас давчуу цагт баригдаж байгаа мэт санагдсан сурагчид нэг жил өнжих нь давуу талтай.
Дийлэнх эцэх эхчүүдийн хувьд хүүхэд нь төгсөх жилдээ их сургуульд ороогүй гэдэг дээр эмзэглэх тохиолдол нэлээдгүй гарч, хүүхэдтэйгээ үл ойлголцох асуудлууд тулгардаг. Гэвч сүүлийн жилүүдэд gap year-ийн талаар тэд илүү ойлголттой болж, хандлага нь эерэг тал руугаа эргэж байгаа гэж харж байна. Учир нь эцэг эхчүүдийн хувьд багш нартай нь сайн ярилцаж мэдээлэл авч чадсанаар нэг жил өнжихийн давуу талыг ойлгож, хүүхэд нь нэг жилийн турш илүү их судалж, хичээснээр илүү том боломжуудыг олж авах болно гэдгийг ойлгож эхэлсэн. Гол нь хүүхдийнхээ сонголтыг хүндэтгэж, хүлээцтэй хандах нь чухал төдийгүй маш сайн ярилцаж, дотор хүслийг нь ойлгож өгөх хэрэгтэй. Өнөөдөр чадаагүй ч маргааш нь илүү том боломж байгааг олж харах нь чухал.
Төгсөх ангийн сурагчдын дийлэнх нь тодорхой хэмжээнд энэ талаар бодож, нэг жил өнжихийг хүсдэг. Гэхдээ хүн болгонд энэ нь зөв алхам биш. Ихэвчлэн хоёр төрлийн сурагчид gap year авах талаар бодож байгаа анзаарагддаг.
Өөрийн зорилгоо эртнээс тодорхойлж, дэлхийн шилдэг их сургуульд орох эрмэлзэлтэй, тэтгэлэг горилж буй сурагчид нэг жил өнжиж гурваас зургаан сарын хугацаанд яс бэлдэж, өөрийгөө илүү сайжруулж, хурцалж өгсөн тохиолдолд gap year авах нь давуу талтай. Нэг жил гэдэг сайн сургуульд орохыг хүсэж байгаа хүүхдүүдийн хувьд богино хугацаа. Энэ шахуу хугацааг хэр үр дүнтэй ашиглаж чадахаас хамаарч gap year-ийн үр шим нь мэдэгддэг. Жишээлбэл нэгэн сурагч маань олон сайн сургуульд тэнцэж чадсан ч өөрийнх нь яг хүссэн сургууль биш байсан учраас нэг жил өнжиж, дахин бэлтгэлээ хангаж эхэлсэн. Энэ хугацаандаа олон улсын байгууллагуудад сайн дурын ажилтан хийж, өөрийн туршлагаа нэмэгдүүлж, хувь хүн талаасаа хөгжиж чадсанаар дараагийн жилдээ дэлхийн шилдэг зуун их сургуульд багтдаг Vanderbilt-д бүрэн тэтгэлэгтэйгээр элсэн одоо суралцаж байна. Тиймээс энэ хугацаандаа "soft skills" буюу хувь хүний чадамжуудаа өргөжүүлж, бүтээлч байдал, манлайлал, багаар ажиллах чадвар зэрэгтээ давхар анхаарч өгөх хэрэгтэй.
Мөн өөр нэгэн амжилттай жишээ гэвэл хоёр жилийн турш өнжсөн сурагч маань эхний жилдээ Монгол улсынхаа хөдөө нутгаар ганцаараа үүргэвчтэй аялал хийж, өөрийгөө олж нээж, олон зүйлийг эргэцүүлсэн. Тухайн түүхээ их сургуулийн эсээндээ оруулж өгч Америкийн хэд хэдэн сургуулиас нэг сая ам.долларын тэтгэлэг авч, арав гаруй сургуульд тэнцсэн. Гэхдээ дараа жил нь дахин өөрийгөө сорих шийдвэр гарган хүссэн сургуульдаа орсон ба одоогоор Солонгос улсын Yonsei их сургуульд суралцаж байна. Тиймээс gap year-ийг үр дүнтэй ашиглаж чадвал маш үр өгөөжтэй. Дээрх сурагчийн жишээнээс үзвэл амьдралын туршлага хуримтлуулж, аялж, сайн дурын ажил хийх зэрэг нь сэтгэхүй болон сургуульдаа явуулах материалд багагүй нөлөө үзүүлдэг.
Эсрэгээрээ зарим сурагчдад gap year сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Дахиад нэг жил байгаа гэдэг бодол дээр үндэслэн өөрийгөө тайвшруулж, тухайн жилдээ юу ч хийхгүй байгаа тохиолдолд хүүхэд нэг жил, хоёр жил өнгөрсөн ч эхлэлийн цэгээсээ гарахгүй гацах эрсдэлтэй байдаг. Аль эсвэл бүтэн нэг жилийг дэмий өнгөрөөчхөөд сүүлийн ганц сарын хугацаанд бэлдэж, ямар ч үр дүнд хүрэхгүй байх тохиолдол ч бий. Тиймээс хувь хүн өөрөө зорилгоо яс тодорхойлж чадсан тохиолдолд л gap year ашигтайгаар үйлчилнэ. Хэрвээ сурагч өөрийнхөө мэргэжлийг сонгож, заасан цаг хугацаандаа шаардлагатай оноонуудаа авч, бэлдэж чадсан бол нэг жил өнжихийг зөвлөхгүй.
Нэг жил өнжихөөр шийдсэн сурагчдын хувьд энэхүү хугацаанд юу хийж, юуг амжуулах талаараа маш нарийн төлөвлөгөө гаргаж, зорилгоо тодорхойлох хэрэгтэй. Сар бүрээр нь төлөвлөгөөгөө гаргаж, элсэх сургуулиа сайтар судалж, нэг жилийг шаргуу үр бүтээлтэй ашигласнаар хүссэн сургуульдаа орох зам дардан байна. Энэ үеэрээ эцэг эх, багш нартайгаа сайтар ярилцаж, аль болох стрессдэхгүй байх нь чухал. Мөн мэргэжлээ сонгохдоо хийх дуртай зүйлсээ жагсааж, тэдгээрт тохирох мэргэжлүүдийг судлаад үзээрэй. Ийнхүү сайтар судалсан бол тухайн салбартаа богино хугацаанд дадлага хийж, биеэр мэдрэх нь илүү үр өгөөжтэй байдаг.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт