Natural Diet төслийн үүсгэн байгуулагч ярьж байна
Янз бүрийн амттан, хэт их тостой хоол эсвэл давслаг зүйл идэх хүслийн цаана үргэлж физиологийн эсвэл сэтгэл санааны байдалтай холбоотой шалтгаанууд нуугдаж байдаг. Жишээ нь тэнцвэргүй хооллолт, нойрны буруу зуршил, стресс, хэт хатуу дэглэм болон бусад хязгаарлалтууд зэрэг маш олон шалтгаантай байж болно.
Хэт их ус уух эсвэл усаа багадуулах - Давстай зүйл идэх хүсэл төрнө
Давстай хоол идэх хүсэл нь бие организм дахь ус болон давсны тэнцвэр алдагдсаныг илтгэнэ. Энэ тохиолдолд та усны хэрэглээндээ дүгнэлт хийх хэрэгтэй. Учир нь усаа багадуулсантай адил хэт их ус уух нь ч биед хортой. Тиймээс өөрийн бие организмд яг тохирсон усны хэмжээг олох нь чухал юм.
Түүнчлэн зуны улиралд хоолны дэглэмдээ давс нэмэх нь зүйтэй. Та өдөрт 1/4 цайны халбага давс зайлшгүй авсан байх шаардлагатай. Үүнээс гадна идэж буй давсныхаа чанарт анхаарлаа хандуулаарай. Ягаан, далайн, Гималайн давс сонгон хэрэглэж аль болох ердийн хоолны давснаас татгалзахыг зөвлөж байна.
Уураг ихдэх - Амттан идэх хүсэл төрнө
Хэт их хэмжээний мах, махан бүтээгдэхүүн эсвэл уураг ихтэй хүнс хэрэглэдэг хүмүүс ихэвчлэн амттанд дуртай байдаг. Уургийн хэмжээ хэтэрснээр хоол боловсруулах систем, элэг, бөөр, нойр булчирхайд ачаалал өгдөг. Хэт хүнд хоолыг боловсруулж, шингээхийн тулд ходоод гэдэсний үйл ажиллагаанд хэт их хэмжээний хүчил ялгарч "хүчилжил" явагдана. Үр дүнд нь бие организм өөрийгөө тэнцвэржүүлэхийг хичээснээр чихэрлэг зүйлс идэх хүсэл төрдөг байна.
Хэрэв та анзаарсан бол стейк идэх дуртай хүмүүс амттанд ч нугасгүй байх тохиолдол элбэг. Үүнийг шийдвэрлэхийн тулд махнаас бүрэн татгалзах хэрэггүй бөгөөд ердөө л хэмжээг нь тохируулахад хангалттай. Та улаан махыг долоо хоногт 1-2 удаа, амьтны гаралтай уургийг өдөрт 1-2 удаа идэхэд болно.
Гормоны өөрчлөлт - Тослог хүнс идэх хүсэл төрнө
Цаг үргэлж тослог хоол хүнс идэх хүсэл нь дааврын үйл ажиллагаанд алдагдал гарсныг илтгэдэг. Үүнээс гадна овуляцийн үеэр болон сарын тэмдгийн мөчлөгийн төгсгөлд дээрх шинж тэмдэг илрэх нь бий.
Энэ тохиолдолд өөрийн бие организмоо сайтар сонсож, хүссэн зүйлийг нь өгөх хэрэгтэй. Гэхдээ "сайн" тос агуулсан авокадо, самар, үр, ургамлын тос, тослог сортын загас, өндөг зэрэг хүнсний бүтээгдэхүүн идээрэй.
Мөн элсэн чихэр, цагаан гурил, цагаан будаа, цагаан давсны агууламжтай бялуу, жигнэмэг, чихэр, талх зэрэг нүүрс ус ихтэй бүтээгдэхүүн идэх тусам ахин дахин идэх хүсэл төрдөг. Эдгээр бүтээгдэхүүнүүдийг наргил модны чихэр, нишингэ, бор будаа, бүхэл үрийн гурил, далайн давс зэрэг илүү чанартай хоол хүнсээр сольсон нь дээр.
Бичил элементийн дутагдал - Түргэн хоол идэх хүсэл төрнө
Өдрийн турш хоолны тэжээллэг чанарыг буруу хуваарилснаас үүдэн эрүүл мэндэд төдийлөн тустай биш хоол хүнс идэх хүсэл төрдөг. Үүнийг шийдвэрлэх маш энгийн бөгөөд үр дүнтэй арга бий. Тэр нь тухайн өдрийн хамгийн гол хоолоо өдрийн цагаар идэх юм. Энэ үеэр хоол боловсруулах үйл ажиллагаа хамгийн идэвхтэй байдаг тул хоол илүү хурдан шингэх хандлагатай байдаг. Ингэснээр орой чихэрлэг, эрүүл бус хоол идэх хүслээ бууруулж, хоол хэтрүүлэн идэхээ зогсоох боломжтой.
Хэт чихэрлэг, тослог хоолны дуршил бууруулахад зориулагдсан жор
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт