Цахим хэрэглээний мацаг гэж юу вэ?

Цахим донтолтоос гарах алхмууд

Өөрт байгаа бүхэндээ сэтгэл хангалуун, амьдралын хэв маяг хийгээд тодорхой хэмжээнд төлөвшин тогтсон үзэл бодолдоо үнэнч боловч цахим ертөнц дэх зах хязгааргүй мэдээллийн далайд хөвөх явцад бусдын Instagram Stories, Facebook постонд автсаар сэтгэлзүйн хувьд өөртөө үл таалагдах, цаг зав болон амьдралын чанарын хувьд дордож буй мэт мэдрэмж төрж байсан уу? Бие махбодод элдэв өвчин, муу энерги, илүүдэл жин хуримтлагдах үед хоол сойж “их цэвэрлэгээ” хийдэг шиг амьдралын хэв маяг, сэтгэлзүйн байдалд цахим хэрэглээний донтолт сөргөөр нөлөөлж байвал цахим мацаг барьж “хор тайлах” арга бас бий.

“Чимээ шуугиантай ертөнцөд өөрийн амьдралд төвлөрөх нь” гэсэн тодотгол бүхий “Дижитал минимализм” номын зохиогч Кал Ньюпортын боловсруулсан цахим мацаг барих энгийн аргуудыг хэрэгжүүлснээр бид илүү цаг завтай, бүтээлч, бие сэтгэлийн хувьд амар амгалан, аз жаргалтай амьдрах боломжтой болох билээ. Дижитал минимализм гэдэг нь интернэтэд онлайн байх хугацаагаа зөвхөн өөрт чухал хэрэгцээтэй зүйлд зориулах технологийн философийг хэлнэ хэмээн уг номын зохиолч томьёолжээ.

Хүн өдөрт дунджаар гурван цаг орчим интернэтийг идэвхтэй ашигладаг гэсэн олон улсын тооцоолол байдаг бол Монголчуудын дундаж хугацаа нь дөрвөн цаг есөн минут байдаг байна. Үүн дээр зурагтаар шоу, Netflix-ээр кино үзэх цагийг нэмж тооцвол 24 цагийн найман цагт нь унтаж, найман цагт нь ажиллаж, үлдсэн цагт нь дэлгэц ширтэж өнгөрөөдөг байх нь. Гүн донтолтод автсан хүний интернэтэд зарцуулах хугацаа нь үүнээс ч их бөгөөд ухаалаг утаснуудын үндсэн тохиргоо дээр байдаг “screen time” функцийг шалгаж, хэрэглээгээ хянах боломжтойг мэдэх биз ээ. “Business insider” цахим сэтгүүлийн судалгаагаар өдөрт таван цаг сошиал орчинд идэвхтэй байдаг өсвөр насны хүүхдийг нэг цаг идэвхтэй байдаг хүүхэдтэй харьцуулахад 71 хувийн амиа хорлох магадлалтай байдаг нь тогтоогджээ. Тэгвэл бид яагаад ийм үр дүнд хүртлээ цахим хэрэглээнд донтдог талаар товчхон дурдъя.

Ихэнх хүмүүс Facebook, Instagram зэрэг платформуудыг мэдээлэл олж авах, дамжуулах, бусадтай холбоотой байхад л зориулагдсан гэж итгэдэг ч энэ технологиудын ард зар сурталчилгаагаар асар их ашиг олдог аварга том алгоритм ажиллаж байдгийг анзаардаггүй. Бидний цахим орчинд зарцуулсан цаг хугацаа хийгээд анхаарал, сонирхлыг тэрхүү алгоритм ашиглаж, нөгөө талын хэн нэгэнд арилжих замаар ашиг хийдэг. Өөрөөр хэлбэл бид хэдий чинээ дэмий утсаа ухна, тэд төдий чинээ их ашиг хүртэнэ гэсэн үг бөгөөд бидний сонирхлыг татаж, ямар нэг байдлаар үйлдэл хийлгүүлсээр байхын тулд зохиосон өгөөш бол Stories, Reel, Share, Seen, Like, зүрх, пост, мэдэгдэл гэх мэт функцүүд юм. Технологийн компаниуд хүний төрөлхийн сониуч зан болон нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх гэсэн хүсэл дээр дөрөөлж, маш нарийн судалгаа болон тандалттайгаар цахим донтолтыг бий болгодог. Жишээ нь, бид хэн нэгний зураг дээр зүрх дарсан бол тэрхүү зураг бидний ойрын танил, танилын танил гэх мэт ямар нэг байдлаар холбоо сүлбээтэй бүх хүмүүст ээлж дараатай харагдаж, олон зүрх дарагдахын хэрээр улам олон хүнд харагдсаар байдаг. Stories, Reels үзэх, пост доор сэтгэгдэл бичих ч бас яг адил дүрэмтэй. Мөн санамсаргүй ямар нэг сурталчилгаа дээр дарахад бидэнд тэр нь ахин дахин харагдсаар л байдаг ба нэг л удаа алим гээд хайлт хийхэд алимтай холбоотой бүх төрлийн сурталчилгаа таны бүх цахим хаягуудад олон удаагийн давтамжтай харагдсаар, нэг л мэдэхэд та ухамсартай ба ухамсаргүйгээр худалдан авах, үйлчилгээнд орох шийдвэрийг гаргасан байдаг ажээ. Бүр нарийвчилбал, аливаа бизнес эрхлэгч цахим платформууд дээр төлбөр төлж реклам цацахдаа бидний сонирхол, давтамжит үйлдэл, нас хүйс, ажил мэргэжил, байршил, эрүүл мэнд, утасны дугаар, сүүлд үзсэн кино бичлэг, сонссон дуу, очсон газарт тулгуурлан “байгаа онилж” бараагаа зарж, үйлчилгээгээ таниулдаг. Дан ганц бизнес дээр ч биш хувь хүний брэндинг, урлаг соёл, улс төрийн салбарынхан ч энэ л дүрмээр биднийг талцуулж, эвлэрүүлж бас эвдэлдэг гэдгийг санах хэрэгтэй.

Энэхүү анхаарлын эдийн засаг дахь “чөтгөрийн тойргоос” гарч, цахим донтолтыг анагаах ерөндөг бол цахим хэрэглээний мацаг барих явдал бөгөөд үүний тулд дараах энгийн хэдэн алхмуудыг зоригтой бас тууштайгаар хэрэгжүүлээд үзээрэй.


ӨӨРИЙН ТЕХНОЛОГИЙН ДҮРМЭЭ ТОДОРХОЙЛ


Энэ нь утас, ухаалаг цаг, зөөврийн компьютер болон таблет дээрээ байгаа бүх төрлийн аппликэйшнаа төрөлжүүлэн ангилж, амин чухал хэрэгцээтэй гэсэн цөөн тооны хэдийг л авч үлдээд бусдыг нь устгах “дижитал детокс” юм. “Би Instagram-ын нөлөөлөгчдөөс урам зориг авах, зураг, Stories, үзэл бодлоо бусадтай хуваалцах, Facebook-ээс мэдээлэл авах эсвэл түгээх, эрхэм хүмүүстэйгээ чат групп дээр харилцаа үүсгэх зэргээр цаг заваа хэрэгтэй л юманд зориулдаг шүү дээ” гэж өөрийгөө өмөөрөх өч төчнөөн шалтгаан бидэнд бий. Гэхдээ бидний амьдралаас интернэт нэг л өдөр ул мөргүй устчихвал та хэрхэн үр бүтээлтэй, анхаарал төвлөрөл сайтай амьдрах байснаа төсөөлөөрэй. Онлайн худалдаа эрхэлдэг, сургалт явуулдаг, дижитал маркетинг хийдэг хүмүүсийг ойлгож болох ч хамгийн шилдэг арга бол зайлшгүй гэж үзсэн чухал чат, Youtube хуудас, Instagram хаяг, Facebook групп зэргээ утас, компьютерынхоо Safari, Chrome зэрэг браузерийн “bookmark” хэсэгт хадгалах юм. Ингэвэл чухал шаардлагатай үед л ганц үйлдлээр шууд мэдээллээ аваад, бусдаар өнөөх алгоритмын башир аргад хамаг цагаа дэмий үрэхгүй гэсэн үг. Олон тооны мэдээллийн сайтыг дагаж, эерэг сөрөг мэдээний урсгалд хамхуул шиг хийсэж явснаас баримттай, мэргэжлийн редакцыг сонгож, долоо хоногтоо нэг удаа сайт руу нь зочлоод явах шиг эмх цэгц хаа ч үгүй. Мөн бид хувцасны шүүгээгээ цэвэрлэж, хуучирч урагдсан, таалагдахаа больсон, томдож багадсан хувцсаа хаядаг шиг сошиал орчин дахь үй түмэн найзын жагсаалтаа ч цэвэрлэж, unfollow, unfriend, mute хийж чадвал таны амьдралын чанарт том ахиц гарах болно.


30 ХОНОГИЙН ЗАВСАРЛАГА АВ


Эхний алхмыг хийсний дараа ухаалаг утсаа хий дэмий ухалгүйгээр нэг сар амьдрах хэв маягаа өөрчлөөд үзээрэй. Ингэхдээ 30 хоногийн турш хэрэгжүүлэх идэвхтэй амьдралын төлөвлөгөө боловсруулж, жагсаалт гаргаад, журамд нь оруулсан технологийн дүрмийнхээ хамт нүдэнд харагдах газарт наах хэрэгтэй. Утастайгаа зууралдахгүй болсноор танд маш их цаг зав, оюуны болон энергийн төвлөрөл үүсэх учраас санааны үзүүрт үргэлж хийж үзэхийг, шинээр сурахыг хүсдэг байсан зүйлсээ туршиж, шинэ хобби, хүрээлэл, хүсэл тэмүүллээр чөлөөт цагаа дүүргэх нь зүйтэй. 30 хоногийн төлөвлөгөөгөө цаг хугацаа, хүрэх үр дүнтэй нь хамт нарийвчлан бичих бөгөөд биелсэн тохиолдолд өөрийгөө урамшуулахаа бүү мартаарай. Дотоод ертөнц хийгээд өөрийн амьдралд л анхаарлаа хандуулах дадлыг хэвшүүлэхэд эхний 7-14 хоног хэцүү байх бөгөөд утсаа “маажмаар”, Instagram, Facebook рүүгээ “шагаймаар” оргих тэрхүү агшин зуурын донтолтоо удирдаад сурчихвал наанадаж бусдын бодлоос ангид өөрийнхөөрөө эрх чөлөөтэй хэмнэлд амьдрах эхлэл тань тавигдах вий.


АЛЬ ТЕХНОЛОГИЙГ АВЧ ҮЛДЭХЭЭ ШИЙД


Нэг сарын цахим хэрэглээний мацаг тань дуусмагц өөрөөсөө дараах гурван асуултыг асуугаад аль технологийг авч үлдэхээ нэг мөр шийдээрэй.

              1. Миний чухал зүйлсэд энэ технологи үнэхээр хэрэг болдог уу?

              2. Энэ технологи миний чухал зүйлсэд хэрэг болох хамгийн зөв арга зам (хэрэгсэл) мөн үү?

              3. Би энэ технологиор дамжуулан өөрт чухал зүйлсийнхээ үнэ цэнийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ сөрөг нөлөөнд нь хэрхэн автахгүй байх вэ?

Мацаг дууссаны дараа ямар аргаар тайлах нь бүхий л үр дүнг тодорхойлдог учраас аппликэйшн бүр дээр маш нухацтай хандаж, цаашид урт удаан амьдралынхаа туршид мөрдөхүйц дүрэм зохицуулалттай болж, түүндээ тууштай үнэнч хандахыг зөвлөе. Эцэст нь дижитал минималистууд цахим платформууд дахь худал үнэн нь үл мэдэгдэх гял цал, гоё сайхан бүхэнд хууртаж, бусдын нөлөөллөөр савлуур шиг савчдаггүй. Учир нь тэд өөрсдийн хийх ёстой зүйл, хүрэх ёстой бариаг тодорхой мэддэг ба амьдралынхаа цаг хугацааг хэрхэн зөв зарцуулж, бусдын нөлөөллөөс ангид өөрийнхөөрөө жаргалтай бас амжилттай амьдрах ухаанд суралцсан байдаг билээ.

Т.Номин-Эрдэнэ

2024-07-19, 15:00