Усан доорх хамгийн том ресторан тун удахгүй нээлтээ хийнэ

Норвегийн Умард тэнгист

Дэлхийн хамгийн том усан доорх ресторан хэмээн нэрлэгдэж буй Under ресторан 2019 оны дөрөвдүгээр сард нээлтээ хийхээр боллоо. Норвегийн Умард тэнгист байрлах энэхүү ресторан нь газрын гадаргаас доош таван метрт байрлах ба 33 метрийн урттай ажээ. 2017 оноос баригдаж эхэлсэн Under рестораны барилгын зураг төсөл, интерьер дизайныг Норвегийн Snøhetta компани хариуцан ажилласан байна.

"Бид маш олон төрлийн зураг төсөл дундаас хагас живсэн мэт буюу газрын гадаргаас усны гүнрүү чиглэсэн ташуу хэлбэртэй хувилбарыг сонгосон. Учир нь рестораныг зорьж ирсэн үйлчлүүлэгчид рестораны гол танхимд хүрэхийн тулд доош алхаж орох бөгөөд энэ нь илүү бодит мэдрэмж төрүүлэх болно" хэмээн Snøhetta компанийн архитектор Руне Грасдао барилга зохиомжийн тухай тайлбарлалаа.

Under рестораны цэсэнд далайн гаралтай хоол, зууш давамгайлсан бөгөөд рестораны зохион байгуулагчид далайн амт болоод далайн гүн дэх орчныг бодитоор мэдрэх боломжтой гэдгийг онцоллоо. Дашрамд дурдахад Under ресторан албан ёсны хуудсаараа дамжуулан захиалга аваад эхэлжээ.

 

Buro.Mongolia

2018-10-17, 11:20