Толь бол интерьерийн салшгүй нэг хэсэг. Үндсэн үүргээсээ гадна өрөөнд илүү их гэрэл нэмж, цэлгэр харагдуулдаг давуу талтай. Харин толийг гэрийн дотоод засалтай төгс зохицуулахын тулд өнгө, хэмжээ болон хэлбэрт нь анхаарах хэрэгтэй. Тиймээс бид уншигчдадаа санаа өгөх зорилгоор сүүлийн үед тренд болоод байгаа толинуудын загварыг хүргэж байна.
Цар тахал дэгдэж дэлхийн хүн ам хөл хорионы горимд шилжсэнтэй холбогдуулан бид бүгд ямар нэг сэтгэл сэргээх зүйлийг хүсэмжлэх болсон. Тиймдээ ч 2021 оны хавар-зуны загварын долоо хоногийн цуглуулгуудад тод өнгө давамгайлж харагдсан билээ. Хувцас загварын салбарын адил интерьертээ ч мөн гэгээ оруулж цэнхэр, улбар шар, ногоон өнгийн толиноос сонгоорой. Эдгээр өнгөнүүд өрөөнд бага зэрэг ретро өнгө аяс нэмж шинэлэг хэв маягийг бүрдүүлнэ.
Ер бусын хүрээтэй, футуристик хэв маягийн энэхүү толь нь урлагийн бүтээлтэй дүйцэхүйц харагдах тул өрөөнд орж ирсэн хэн бүхний нүдэнд хамгийн түрүүнд тусах зүйл байх болно.
Энэ улиралд бид Gucci брэндийн цэцгэн хээтэй загварууд болон Dior-ын зурхайн ордуудын зурагтай хувцас, аксесуаруудаар амьсгалж байна. Уг жишгээр толинууд ч мөн өөрсдийн гэсэн хээтэй болж өнгө зүс нэмж эхэллээ. Нэгэн хэвийн хэв маягийг эвдэж илүү сонирхолтой зүйл туршиж үзэх дуртай хүн бүрт тус загварыг санал болгоё.
Интерьерийг хамгийн ихээр баяжуулдаг декор бол жижиг хэмжээтэй толинууд билээ. Тэдгээрийг орны хажуу талын шүүгээ, тавиурууд , цонхны тавцан дээр байрлуулах нь энгийн бөгөөд минимал хэв маягийг бүрдүүлэх болно.
Тус загварын толийг байршуулах хамгийн тохиромжтой газар бол унтлагын өрөө юм. Ингэснээрээ та өрөөнөөсөө гоёмсог байдал болон тав тухыг мэдэрнэ. Зууван хэлбэртэйг сонговол гэр илүү цэлгэр зайтай харагдах болно.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт