Бродвей театрын шилдгүүд Тони наадмын улаан хивсний ёслол дээр юу өмссөн бэ?

76 дахь Тони наадам Нью-Йорк хотын United Palace-д болж өнгөрлөө. Тус наадам нь Америкийн энтертейнмент салбарын их дөрвөл гэгддэг нэр хүндтэй шагнал гардуулах ёслолуудын нэг билээ. Арга хэмжээг бидний “West Side Story” кинонд дүр бүтээснээр нь мэдэх жүжигчин Ариана Дебос хоёр дах жилдээ дараалан хөтлөн явуулсан байна. 

Энэ жилийн шилдэг бүтээлүүдийн нэгээр яахын аргагүй “Kimberly Akimbo” мюзикл шалгарсан билээ. Тус бүтээл нь шилдэг мюзикл төрөлд ялалт байгуулж, мөн гол дүрийг нь бүтээсэн Викториа Кларк шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчнээр тодорсон юм. Үүгээр ч зогсохгүй "Kimberly Akimbo" нь шилдэг мюзиклийн ном, шилдэг театрын дуу/дууны үг төрөлд тус тус ялагчийн цомыг атгаж чаджээ.

Арга хэмжээний үндсэн хэсэг эхлэхээс өмнө хүрэлцэн ирсэн Бродвейн шилдгүүд өөрсдийн үдшийн төрхөө харуулсан юм. Эмэгтэйчүүдийн хувцаслалт дунд хавар-зун 2023 улирлын чухал чиг хандлагуудын нэг цэцгэн хэлбэртэй хээ, хатгамал, аксесуарууд давамгайлсан байв. Харин эрчүүдийн улаан хивсний төрхийг дан ганц хар tuxedo, тейлор хийцтэй хослолоор төсөөлөх нь өрөөсгөл болсныг Тони наадмын улаан хивсний ёслол баталжээ. Тухайлбал, жүжигчин Жастин Кули уран зургийн канвас дээр усан будгаар зурсан мэт өнгөлөг хүрэм өмссөн байлаа. Харин Брэндон Урановиц хослолынхоо дотуур бантикан энгэртэй цамц сонгож "зангиа, цамц" гэсэн уламжлалт хоршлыг орлуулж болох бүтээлч хувилбарыг харуулжээ.

Buro.Mongolia

2023-06-13, 13:26