2020 оны долдугаар сард Дэвид болон Виктория Бекхэм нарын ууган хүү Бруклин Бекхэм найз бүсгүй Никола Пельтцэд гэрлэх санал тавьж, ойролцоогоор 150-200 мянган ам.долларын үнэтэй 4,5-5 карат алмазан сүйн бөгж бэлэглэсэн билээ. Тэд хуримын ёслолоо өнгөрөгч оны есдүгээр сард хийхээр товлож байсан ч цар тахлын улмаас хойшлуулах шаардлагад хүрсэн юм. Тэгвэл залуу хосууд нэг хоногийн өмнө Флорида мужийн Палм Бич дэх сүйт бүсгүйн аавын харшид хуримын ёслолоо хийлээ. Уг ёслолыг сурвалжлах тусгай эрх зөвхөн Vogue сэтгүүлд олгогдсон бөгөөд зочдод ёслолтой хамааралтай зураг, бичлэг нийтлэхийг хоригложээ.
Хуримын ёслолд хосуудын гэр бүлийн гишүүдээс гадна урлаг соёл, спортын салбарынхан гээд дэлхийд нэртэй алдартнууд уригдан ирсэн байна. Тэдний дунд талбайн теннисчин эгч дүүс Винүс болон Серена Уилльямс, жүжигчин Ева Лонгория, тогооч Гордон Рамзи, жүжигчин Кирнан Шипка, Коби Брайантийн охин Наталья Брайант, мөн “Spice Girls” хамтлагийн гишүүд Мелани Чисхолм болон Мелани Браун нар хүрэлцэн иржээ.
Хуримын үйл явцаас дурдвал, үзэсгэлэнт сүйт бүсгүйг түүний аав, тэрбумтан Нельсон Пельтц хөтлөн алхсан бөгөөд Бруклины охин дүү Харпер тэдний өмнө цэцгийн дэлбээ хаялан алхсан байна. Ийнхүү сүйт бүсгүй болон сүйт хархүү хоёр ойр дотнынхныхоо өмнө зогсон албан ёсоор амьдралаа холбон тангаргаа өргөсөн юм. Харин ёслолын дараа зочдыг HMR Designs компанийн чимэглэсэн гоёмсог хуримын асрууд хүлээж байлаа. Эдгээр асруудыг сарнай, цээнэ цэцэг, жижиг цагаан ранункулюс зэрэг маш өнгөлөг, харц булаам цэцэгс хүрээлж байсан юм. Зочид black-tie дресс кодтой оройн зоог руу шилжиж, 12 хүний бүрэлдэхүүнтэй амьд хөгжмийн хамтлагийн эгшиглүүлэх дуунуудыг сонсон таашаажээ. Харин оройн зоогийн дараа шинэхэн гэр бүл болсон Никола болон Бруклин нар “Only Fools Rush In” нэртэй дуугаар хосын анхны бүжгээ толилуулж зочдыг баярлуулаад авсан юм. Мөн ёслолын төгсгөлд хосууд DJ сет дээр зочдын хамт инээд хөөр, баяр баясал, аз жаргалын нулимсаар дүүрэн мартагдашгүй үдшийг өнгөрүүлжээ.
Нэмж дурдахад, яг одоо Украинд болж буй үйл явдлуудыг харгалзан залуу хосууд дэлхий даяар хүмүүнлэгийн тусламж үзүүлдэг "Care" агентлагтай хамтран, Украины ард иргэдэд дэмжлэг үзүүлэх үүднээс хуримд хүрэлцэн ирсэн зочдод хандив өргөхийг уриалжээ. Сүйт бүсгүйн эцэг эх энэ үйлсэд их хэмжээний хандив өргөсөн хүмүүсийн тоонд багтсан байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт