Playtime 2022: Фестивалийг ямар хүмүүс зохион байгуулдаг вэ?
Playtime наадмын зохион байгуулалт, арын албаны багтай танилцаарай
Залуусын хувьд зуны улирлыг тэсэн ядан хүлээдэг шалтгаануудын нэг бол Playtime фестиваль мөн билээ. Зун болгоны хамгийн сайхан дурсамжууд аль нэг талаараа Playtime наадамтай уягдсан байдаг шүү дээ. Хамгийн анх X Nation нэртэй рок бааранд тоглодог байсан хамтлагууд тус баарыг хаагдах үеэр хамтарч зохион байгуулсан тоглолт, HiFi алтернатив радиогийн 3 жилийн ойн үйл ажиллагаанаас үүдэлтэй энэхүү фестиваль тэр үедээ рок тоглолт, рок фестиваль байсан ба улмаар үзэгч, сонсогчид нэмэгдэхийн хэрээр наадмын цар хүрээ ч тэлж, өдгөө олон улсын хөгжмийн фестиваль гэсэн статустай болоод байна.
Ижил хөгжмийн сонирхолтой залуус Playtime наадамд оролцохын тулд нэгдэж хамтлаг болдог байсан ба тэр үедээ голчлон ковер дуунууд дуулдаг байсан бол арваад жилийн өмнөөс фестивалийн зүгээс шаардлагаа өндөрсгөж, заавал өөрсдийн зохиосон дуутай уран бүтээлчдийг оролцуулдаг болсон нь бидний өнөөдрийн сонсох дуртай болсон олон дууг зохиогдоход түлхэц болсон байх нь дамжиггүй юм. Өнөөдөр харин тухайн уран бүтээлчийн перформанс, хийж буй хөгжмийн шинэлэг байдал зэрэг нь наадамд оролцох гол шалгуурууд болоод байна. Энэ нь эргээд Монголын хөгжмийн салбарт зохих стандартыг тогтоож байгаа утгаараа маш том хувь нэмэр мөн билээ.
Өдгөө 20 нас хүрч буй тус фестиваль энэ жилийн хувьд "Байгальдаа хайр зарлая!" уриатай, ногоон, тогтвортой хөгжил (SDG) ба залуусын эрүүл амьдралын хэв маяг гэсэн үзэл санаан дор нэгдэж буй бөгөөд нийтдээ 60,000 орчим үзэгч хүлээн авахаар тооцоолоод байна. Ийм олон хүн оролцох нүсэр том фестивалийн зохион байгуулагч гэхээр толгойнд хамгийн түрүүнд наадмыг үүсгэн байгуулагч Ц.Нацагдорж л санаанд буух боловч зохион байгуулалт, арын албанд 2,500 орчим хүн ажиллаж байгаа гэнэ шүү. Тухайн жилийн наадам дууссан өдрөөс л шууд дараа жилийн наадамд бэлдэж эхэлдэг байна. Ингээд та бүхэнд уг нүсэр наадмыг зохион байгуулж, авч явдаг, заримдаа тийм ч ил гараад байдаггүй хүмүүс болон олон жилийн турш Playtime фестивальд оролцож, уран бүтээлээрээ дэмжиж ажилладаг уран бүтээлчдээс танилцуулъя.
Уул уурхайн дэлхийд тэргүүлэгч Рио Тинто групп Playtime наадмын Ногоон, тогтвортой хөгжлийн стратегийн түншээр хамтран ажиллаж байна. Рио Тинто групп уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тууштай ажиллаж, үйл ажиллагаанаас ялгарч буй хүлэмжийн хийн хэмжээг 2050 он гэхэд тэглэхийг зорьж буй бөгөөд энэхүү нийтлэлд орсон хөрөг зургуудыг авах ажлыг санаачлан зохион байгуулжээ.
Playtime наадмын үүсгэн байгуулагч, продюсер, хөгжмийн хөтөлбөр хариуцсан захирал
Playtime наадам өөрөө хувьссаар ирсэн. Анхандаа бол рок, метал, инди фестиваль байсан бол одоо олон улсын хөгжмийн фестиваль гэсэн нэршилтэй болоод байна. 2015 онд Нааглихац тайз гэж шинээр үүсгэн байгуулахад үзэгч, сонсогчид тийм ч дуртай хүлээж аваагүй. Дараа нь хип хоп уран бүтээлчдийг оролцуулж эхэлсэн. Мөн л элдвээр хэлж, бичдэг байсан л даа. Гэхдээ л хүмүүс аажимдаа хүлээн зөвшөөрч, хөгжим сонсох хандлага нь дагаад л хувьсаж ирсэн. Үүн шиг жилээс жилд Playtime улам өргөжих, цар хүрээгээ улам тэлэхийг тэмүүлдэг. Одоо ойрын ирээдүйд Ази тивийн топ 5 фестивалийн нэг болгохоор зорьж байна.
Playtime тасралтгүй хөгжил, өөрчлөлт, хувьсал дунд явдаг ч ямар ч урсгал жанр, шинэ зүйл хийсэн хамгийн сайныг нь шилж сонгож, үзэгчдэд хүргэдэг үндсэн зарчмаасаа хазайгаагүй юм. Түүнчлэн бэлтгэл ажил гэж маш удаан хийх шаардлагатай байдаг учраас баг хамт олны хамтын ажиллагаа үнэхээр чухал байдаг.
“Хөгжмөө хайрлацгаая!”
Playtime наадмын техник, эрчим хүч, дэд бүтэц хангамж хариуцсан захирал
Playtime наадам Монголд дэлхий нийтийн шинэ хөгжмийг танилцуулах зорилготой гэж боддог. Мөн хөгжим сонсох соёл, фестивалийн соёл зэргийг түгээх зорилготой. Би энэ фестивалийн техникийн асуудлыг хариуцаж ажиллаад 14 жил болж байна. Анх ямар байснаас нь харьцуулаад харахад одоо бол маш өндөр соёлтой болж, бидний зорилт биелж байгаа гэж ойлгож байгаа. Залуучуудын биеэ авч явах байдал, хог хаяхгүй байгаа зэргийг нь үнэхээр магтууштай. Заримдаа бүр загварын шоу шиг л санагддаг. Залуус энэхүү наадамд зориулж хувцас хүртэл хийлгэж өмсдөг нь үнэхээр сайхан санагддаг шүү.
“Бид нэг л дэлхийд амьдарч байгаа гэдэг утгаараа эх дэлхийгээ л хайрлах нь чухал. Энэ нь эргээд бид өөрсдийгөө, бие биеэ хайрлаж байна гэсэн үг шүү дээ. Иймд байгаль дэлхийгээ, бие биеэ хайрлацгаая!”
Моханик хамтлагийн дуучин
Playtime наадмын үеэр хэн нь ч хэнээсээ дээр доор гэж ялгагдалгүй хөгжмөөс авч буй мэдрэмжээрээ нэгдэж чаддаг. Түүнчлэн нэлээдгүй шинэ хөгжим сонсдог учраас хөгжмийн мэдрэмжээ тэлэх боломж гарч ирдэг. Залууст чөлөөт сэтгэлгээ, гоо зүйн мэдрэмж, эрх чөлөө, энх тайвныг мэдрүүлж чаддаг нь үнэхээр сайхан.
“Байгальдаа хогоо хаяхгүй байцгаая!”
Сайн дурынхан, ногоон тогтвортой хөгжил хариуцсан захирал
Playtime-ийн амин сүнс гэвэл хөгжим болон хайр гэж хэлнэ. Миний хувьд бол гэр бүл шиг л байдаг. Playtime залуусын амьдралын хэв маягт маш олон зөв, эерэг хандлагыг бий болгож байна. Жишээлбэл, залуус хог хаяхаа больсон, би биедээ хөгжмөөр дамжуулан амар амгалан, хайр, итгэл бэлэглэдэг.
“Арын албанд ажиллаж байгаа бүх хүнийг, ялангуяа сайн дурын ажилтнуудыг хайрлаж, байгаль дэлхийгээ хамгаалж, хүн бүр өөрийн зүгээс чадах хэмжээгээрээ хувь нэмрээ оруулаарай!”
Аясын салхи хамтлагийн дуучин
Playtime наадам нь дэлхийн томоохон амьд хөгжмийн наадмуудын жишигт хүрсэн, залуусын хүсэн хүлээдэг наадам. Playtime наадам бол эрх чөлөө, хөгжим, баяр наадам мөн. Залуус энгийн үед гадуур өмсөж чаддаггүй хээнцэр ганган, дахин давтагдашгүй, хувцас гангараагаа зөвхөн Playtime-ийн хоногуудад чөлөөтэй харуулцгаадаг нь бусдадаа эергээр нөлөөлдөг. Тиймээс ч тэд бүтэн жилийн өмнөөс үүндээ бэлдэж эхэлдэг шүү дээ.
“Улсынхаа ганц нийслэл, гаднын жуулчдыг угтан авдаг энэ хотоо хот хөдөөгийнхөн ялгаагүй хайрлаж хүндэлж, хотынхоо соёлыг дээдэлж, хотоо цэвэр цэмцгэр байлгахад анхаарах ёстой. Үүнийг хотын унаган иргэний хувиар нийт залуустаа уриалж байна!”
Playtime Plus хөтөлбөр хариуцсан захирал
Хөгжим, уран бүтээлч, үзэгч гурвын өвөрмөц холбоо бол Playtime наадам мөн. Шоу, фестиваль, арга хэмжээнүүд зорилгынхоо хувьд арилжааны болон арилжааны бус шинжтэй гэж хуваагдаж байгаа харагддаг. Playtime-ийн онцлог бол арилжааны бус, хөгжмийн фестивалийн артистик шинжийг таниулахыг зорьдогт байгаа юм. 2019 оноос хойш Playtime-ийн хөтөлбөр хөгжмийн болоод хөгжмийн бус гэж хуваагдаж эхэлсэн. Хөгжмийн хөтөлбөрийн хувьд мэдээж уран бүтээлчдийг танилцуулах, тэдний олон улсад амжилт олох замыг нээн дэмжихэд чиглэдэг бол хөгжмийн бус хөтөлбөр буюу Playtime+ нь залуусын сонирхдог, биширдэг, нөлөө авдаг алдартай хүмүүсийг урьж авчран танилцуулах, эсвэл эрүүл, зөв амьдралын хэв маягаар бусдадаа үлгэрлэж буй залуусаар семинар зохион байгуулах, workshop хийх зэрэг үйл ажиллагаагаар дамжуулан үзэгчдэд хөгжмийн фестивалийн соёлыг цогцоор нь хүргэх бүрдэл хэсэг нь болж байна. Мөн тэгш оролцоог дэмжих хүрээнд энэ жилээс зарим онцлох үйл ажиллагаа, хөтөлбөрүүдийг сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулан дохионы хэлээр хүргэх юм. Гэхдээ мэдээж энэ бол зөвхөн эхлэл шүү дээ.
“Юун түрүүнд залуус оюун санааны болоод бие махбодын эрүүл амьдралын хэв маягийг мөрддөг байх хэрэгтэй. Эрүүл байхад бүх л зүйл боломжтой. Тиймээс эрүүл амьдарцгаая гэж залуусаасаа уриалмаар байна”
The Colors хамтлагийн ахлагч, дуучин
Playtime-ийн амин сүнс ганцхан зүйлээс тогтохгүй байх. Нэгдүгээрт, хөгжмийн taste, гаднаас авчирч буй хамтлагуудын сонголт. Хоёрт, соёлтой, нэг тийм гоё хандлагатай, арай л өөр залуучууд Playtime дээр цугладаг болохоор тийм гоё уур амьсгал бүрддэг гэж боддог. Playtime-аар дамжуулан хөгжмийн боловсрол түгээж, түүнийгээ дагаад далдуураа соёлын довтлогоо явагддаг гэж хардаг.
“Бусад хүмүүсийг өөрийнхөө оронд тавьж, өөр шигээ хайрлаарай!”
DJ, продюсер
Playtime бол дурсамж, зун цаг, залуу нас, соёл, урлаг, нийгэмшил, хувцас загвар, эрх чөлөө, орчин үеийн залуус бидний уламжлал болсон баяр наадам билээ. Наадмын гол амин сүнс нь бол мэдээж уран бүтээлчид юм. Монгол залуучууд ер нь маш авьяаслаг, бараг таван хүн тутмын хоёр ямар нэг артист байх шиг санагддаг. Тоглолт үзүүлж буй артистууд юунд ч баригдалгүй өөрсдийн хүссэн зүйлээ зөвхөн Playtime-ийн тайзан дээр л толилуулж чаддаг. Мөн үзэгч, сонсогчид маш чухал хэсэг нь мөн. Улаанбаатар хотын бүхий л салбарын хамгийн cool мэдрэмжтэй залуус тэнд л байдаг! Playtime-ийн үнэ цэн нь зохион байгуулагч Нацгаа ахад байдаг болов уу гэж боддог. Шинэ зүйлийн эрэл хайгуулч, мөнгө, өнгө үзэмж биш, хүсэл мөрөөдөл, маргаашийнхаа төлөө энэ бүхнийг хийж яваа хүн гэж хардаг.
Наадмын бэлтгэл гэж ярьдаг шиг Playtime уран бүтээлч залууст нэг том зорилго, түлхэц болж өгдөг. Оролцож буй уран бүтээлчийн найзын найз, түүнийх нь найз гээд бүгд л гоё хөгжим, соёл руу татагдан орж байгааг харах их таатай байдаг. Хэнийг ч ялгалгүй таатай угтан авч хотын соёл, харилцаа, хайрлах урлаг зэргийг түгээдэг учраас миний хувьд их эрхэм үйл явдлуудын нэг билээ.
“Зун цаг, найз нөхдөө хайрлая! Фестивалийн зохион байгуулалт, арын албаны хүн бүрийг хайрлан хүндэтгэе!”
Michel & Amazonka брэндийн дизайнер. Starfish хамтлагийн дуучин
Би Playtime-ийн тайзан дээр гурван жил дараалан оролцож, сонирхдог хөгжим, хайртай найзуудаа тэндээс л олж авсан. Playtime наадам тасралтгүй зохион байгуулагдаж байгаа учраас жил ирэх тусам чанаржиж байгаа томоохон хөгжмийн наадам гэж боддог. Чанартай хөгжмөөр дамжуулан маш олон залуусын амьдралыг харах мэдрэмж, хийж байгаа бүтээлүүдийн хөгжилд нь хувьсал хийсэн. Насны хязгааргүй эрх чөлөөг хүмүүст түгээдэг гэж хардаг.
“Нэгнийхээ хийсэн бүтээсэн зүйлийг муу байвал алдааг нь засаж олон нийтийн сүлжээнд муугаасаа илүү эерэг зүйлийн талаар ярилцаж, чадварлаг залуус хамтран бусдыгаа дэмжээд, илүү чанартай бүтээл хийхийн төлөө ажилладаг болцгооё!”
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт