Поп соёлын бэлгэ тэмдэг болсон MINI Монголд: Арга хэмжээг дотроос нь харцгаая
MINI Cooper S болон MINI Countryman
The Beatles хамтлаг, Шарлиз Терон, Эд Ширан, Кейт Мосс, Мадонна, Дэниэл Крейг болон Их Британийн хааны гэр бүлийн гишүүдийг юу холбодог вэ? Хариулт нь мэдээж MINI. Их Британийн соёлын нэг хэсэг болсон энэхүү домогт автомашиныг ихэвчлэн дэлхийн бөмбөрцөг даяар тархсан, нас насны, олон янзын амьдралын хэв маягтай, өөр хоорондоо адилгүй хэдий ч адал явдалд дуртай, амьдралд хайртай зан чанараараа нэгддэг хүмүүс сонгодог. Тэгвэл үеэс үед дуучид, жүжигчид, кино найруулагчид гээд дэлхийн алдартай уран бүтээлчдийн сэтгэлийг булааж, поп соёлын нэгээхэн хэсэг болтлоо хүмүүсийг дурлуулсан MINI-гийн цоо шинэ загваруудыг Bavaria Motors албан ёсоор Монголд танилцууллаа. MINI бол энгийн нэг автомашин биш. Тийм ч учраас тэд энгийн нэг нээлтийн ёслолын оронд “Big Love” нэртэй бүтэн өдрийн турш үргэлжилсэн, интерактив өдөрлөгийг зохион байгуулсан юм. Ингэхдээ тэд Цэдэнбалын талбай буюу Улсын Драмын Эрдмийн Театрын урд талбайг бүсчлэн хувааж, MINI-гийн бүхий л гайхамшгийг мэдрүүлэх ер бусын ертөнцийг бий болгожээ.
Английн домогт автомашин Монголд албан ёсоор айлчилсныг цаг агаар хүртэл тааварласан уу гэлтэй, тогтсон цаг, товлосон газартаа хүрэлцэн ирэхэд гадаа зүсэр бороотой, бүрхэг тэнгэр мэндчилж, Лондоны чийглэг, дүнсгэр уур амьсгалыг санагдуулав. Улмаар үүдээр нэвтэрмэгц урлаг соёл, спорт болон автомашины салбарыг хооронд нь уусгасан гайхалтай калейдоскоп угтах нь тэр. Угаас урлаг соёл, спорт бол MINI-гийн ДНХ-д нэвт шингэсээр ирсэн учраас тэдгээрийг хослуулсан нэгэн ер бусын ертөнцийг бий болгож, олон нийтэд, тэр дундаа залууст чиглэсэн нээлттэй арга хэмжээнүүдийг зохион байгуулах сэдэл нь болж өгсөн байна. Жишээлбэл скейтбордын үзүүлбэр үзүүлэх тусгай талбар засаж мөн мини сагсан бөмбөгийн талбайг байгуулжээ. Энд залуус тэмцээнд оролцож аль эсвэл зүгээр л хүссэн үзүүлбэрээ толилуулах боломжтой байв. Түүнчлэн No Type Crew бүтэн өдрийн турш бүтээлээ туурвиж, нэг ханыг бүхэлд нь граффити урлагаар амилуулсан нь MINI-гийн поп соёлын концепцтэй төгс уялджээ. Урлагийн бүтээлүүд зөвхөн үүгээр дууссангүй. Талбайн чанх урд дижитал арк бүхий дэлгэц байршуулж, үүн дээрээ дижитал уран бүтээлч Baag-ийн “Horse Bone” нэртэй инсталляцыг толилуулж хүрэлцэн ирсэн хүмүүсийн оюун санааг баясгаж байв. Өмнөговь аймаг дахь Ёлын амын цэвдэг усыг дүрсэлсэн энэхүү инсталляц нь утга санааны хувьд байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж амьдрах шинэ эрин үед шилжиж байгааг илтгэж байсан бол энэхүү уран бүтээлийн адилаар MINI ч мөн Монголд нээлтээ хийснээр автомашины шинэ эринийг эхлүүлнэ гэсэн утга санааг уялдуулан илэрхийлжээ.
Гол хаалгаар нэвтэрмэгц зүүн гар талд MINI-гийн 1959 оноос буюу үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн өнөөдрийг хүртэлх түүхийг харуулсан, цаг хугацаагаар аялуулах ханыг босгожээ. MINI-гийн ертөнцөөр цааш явмагц булан тохой бүрд нь сонирхолтой интерактив үйл ажиллагаанууд зохион байгуулагдаж, хүрэлцэн ирсэн хүмүүст огт уйдах зав олгосонгүй. Тухайлбал нэг буланд нь сүүлийн үеийн технологийн төхөөрөмжүүдийг Apple Vision Pro-гоор танилцуулах Ayanga Store-н тусгай бүхээгийг засжээ. Үүний яг зэргэлдээ MINI-гийн сэдэвтэй урлагийн workshop-д оролцон тоглоомон автомашинуудыг будаж бүтээлчээр цагийг өнгөрөөх боломжтой байсан бол цаашлаад хүүхдийн хувцаснаас эхлээд түлхүүрийн оосор хүртэлх брэндийн мерчүүдийг өрж, хүссэн хүн бүрд худалдан авах боломжийг олгосон юм. Энэ дунд анхаарал татсан бас нэг зүйл нь Vans брэндийн хэсэг байв. Уг брэндийн бүхээгт зочилсноор уран бүтээлч Donnie-той хамтран өөрийн хүссэн загварын футболка, даавуун торыг, дээр нь хэвлүүлэх дүрсийн хамт сонгоод тэр дор нь хэвлүүлэн гаргах эсвэл бэлэн загваруудыг автомат тоглоомоос сонгон авах боломжтой байсан юм.
Цааш алхмагц талбайн төвд MINI-гийн түүхэнд төрсөн хамгийн алдартай дөрвөн загварыг эгнээн зогсоожээ. The Italian Job киногоор алдаршсан MINI R50, дээвэргүй, спортлог MINI Gen 2: R57, дугуй хэлбэртэй, илүү тухтай MINI Gen 3: F56, мөн мэдээж хэрэг бидний хайртай Mr. Bean-ий унадаг, дээвэр дээрээ буйдан болон шалны модтой алдарт ногоон MINI Cooper Mark IV (MINI 1000) загварыг үзмэр болгон танилцуулсан нь хүрэлцэн ирсэн хүн бүхний анхаарлыг татаж, зургаа даруулах зугаатай фон болж байлаа.
Харин үдшийн албан ёсны арга хэмжээнд зориулан Драмын театрын үүдэнд тусгайлан бэлдсэн LED тайзыг зассан байв. Уг тайзан дээр хөтлөгч Г.Анхбаяр арга хэмжээг удирдан явуулж, уур амьсгалыг Squadzz Dance Crew, The Colors хамтлаг, дуучин Magnet Brain, DJ Bodikhuu зэрэг уран бүтээлчид өөрсдийн үзүүлбэрээрээ тодорхойлж өгч байлаа. Төд удалгүй үйл ажиллагааны оргил хэсэг эхэлж Драмын театрын баганууд гэрлийн тусламжтай Английн туг болон хувирч, дээр нь жижиг Mini Cooper-үүд гэрлийн хурдаар давхисаар энэ үдшийн гол баатар болох 2025 оны MINI Cooper S болон MINI Countryman тайзан дээр сүр дуулиантайгаар гарч ирсэн юм. Энэ үеэр 2019 оноос эхлэн Монголд BMW брэндийн албан ёсны төлөөлөгчөөр үйл ажиллагаа явуулж буй Bavaria Motors компанийн ерөнхий менежер Х.Болд үнэнч харилцагчдынхаа хүсэлтээр MINI брэндийг оруулж ирсэн болохыг тайзан дээр гаран үг хэлэхдээ онцолсон билээ. Мөн тэрээр MINI-г “Авсаархан, өвөрмөц, хайр татам” гэсэн гурван үгээр товчхон тодорхойлсон бөгөөд үнэхээр ч авсаархан атлаа хүчирхэг энэхүү автомашиныг харсан хүн бүрээс хайр ундардаг учраас арга хэмжээгээ “Big Love” буюу “Том Хайр” хэмээн нэрлэснээ тэрээр давхар онцлон тэмдэглэсэн юм. Мөн уг арга хэмжээний ивээн тэтгэгчээр Монголын зах зээлд тусгайлан зориулж бүтээгдсэн L’Emissaire by Larteau франц дарсны брэнд ажилласан бөгөөд энэ үдэш хүрэлцэн ирсэн зочид шинэхэн дарсны амтыг тамшаан, шинэ автомашинтай танилцаж байв.
Технологийн хамгийн сүүлийн үеийн дэвшлүүдийг шингээсэн шинэ загварын MINI автомашинууд манай орны нөхцөлд төгс тохирох нь анхны харцаар л мэдрэгдэж байлаа. Улаанбаатар шиг зогсоол багатай, нарийн замтай хотод авсаархан, спортлог хэр нь тав тухыг дээд зэргээр хангах том зайтай, маневр сайтай MINI Cooper S-ийг гүйцэх унаа үгүй мэт санагдана. Яг л Go Kart-аар давхиж байгаа мэт мэдрэмжийг төрүүлэх жолоодлогын системтэй, хоёр хаалгатай энэхүү автомашин нь биедээ ахадсан буюу 204 морины хүчтэйгээс гадна 240 км/цаг хүртэл хурдлах чадвартай. Харин MINI Countryman загвар нь хөдөө гадаа аялах дуртай манай орны жолоочдод таалагдах нь гарцаагүй. Дөрвөн хаалгатай, бартаат замыг саадгүй туулах энэхүү хүлэг нь 204 морины хүчин чадалтай, цагт 169 км хурдлах чадвартай бөгөөд практикал, найдвартай автомашин эрэлхийлдэг адал явдалд дурлагсдад төгс унаа болно.
Хаяг: ХУД, 4-р хороо, Нүхтийн зам, Арцатын ам
Утас: 7511 8866
Facebook: Bavaria Motors LLC, MINI Mongolia
Instagram: @mini_mongolia
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт