Баярын ширээ тань хормын дотор л өнгө орох болно
Он солигдох тэр мөчийг хүн бүхэн сэтгэл догдлон хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна. Шинэ жилийн баярын орой гэр бүлийн тань гишүүд, эсвэл зочдыг тань гайхшируулах гоёмсог ширээний засалт хэрэгжүүлээрэй. Энэ удаад баярын ширээнд зайлшгүй байх ёстой даавуун амны алчуурыг чимэглэх долоон төрлийн сонирхолтой санааг хүргэж байна.
Тансаг хэв маяг бүрдүүлэхийг хүсвэл танд ердөө хоёр зүйл л хэрэг болно. Цулгуй өнгийн, тааран эсвэл энгийн даавуун материалтай амны алчуур болон гоёлын тууз ашиглаарай. Алчуураа нугалж дээрээс нь сэрээ, халбага, хутга зэрэг ширээний хэрэгслүүдийг байрлуулсны дараа гоёлын туузаар эрвээхэй зангилаа хийх хэрэгтэй.
Хонхны чимээ нь зул сар болон шинэ жилийн баярыг бэлгэддэг гол зүйлсийн нэг юм. Тиймээс жижиг, эсвэл том хэмжээтэй, төрөл бүрийн детальтай гээд өөрийн хүсэлд нийцүүлэн алчуурыг гоёмсог хонхоор чимэглэхийг зөвлөж байна.
Ногоон өнгө давамгайлсан амьд ургамлууд ямар ч ширээний заслыг амилуулж чадна. Хэдхэн ширхэг гацуур модны мөчир болон боргоцойг алчуур дээр байршуулж өвөрмөц, таатай уур амьсгал бүрдүүлээрэй.
Алтлаг өнгийн алчуурын бөгж тансаг, онцгой мэдрэмжийг өгөх болно. Мөн алтлаг өнгө нь цагаан, улаан, хар, ногоон зэрэг шинэ жилийн гол өнгөнүүдтэй төгс зохицдог нь том давуу тал юм. Гэхдээ алтлаг чимэглэл сонгосон тохиолдолд бусад ширээний чимэглэлийг өнгө дагуу хийхийг санал болгож байна. Жишээ нь, алтан хүрээтэй хундага, халба, сэрээний иж бүрдэл зэргийг ашиглан ширээнийхээ ерөнхий өнгийг нэгэн жигд байлгахыг дизайнерууд зөвлөдөг билээ.
Харин арай тайван орчин бүрдүүлэхийг зорьж байгаа бол модон материалтай бөгжөөр амны алчуурыг бэхлэхийг зөвлөж байна. Алтлаг бөгжнөөс дутахааргүй чамин харагдах бөгөөд модон чимэглэлийг ямар ч баяр найрт хэрэглэж болдог давуу талтай.
Энэ жил ширээний шинэ чимэглэл худалдан авахыг хүсэхгүй байгаа хүмүүс нэгэн бүтээлч, сонирхолтой санааг анхааралдаа аваарай. Ердөө л даавуун алчуурыг ашиглан гоёмсог зангилаа хийхэд л болно. Харин гол хэсэгт нь хатаасан нимбэгийн зүсэм болон шанцай байрлуулж, алчуурыг илүү баяжуулах боломжтой.
Ногоон ургамлаар хийгддэг хэлхээ чимэглэл нь зөвхөн хаалгыг чимэх зориулалттай биш юм. Ширээндээ зориулан модны мөчир, дурын ургамал ашиглан өөрийн гараар хэлхээ чимэглэл хийж, цагийг зугаатай өнгөрүүлээрэй. Мөн үүн дээр зочин бүрийн суудлыг заах нэрийг нь бичсэн хэвлэлүүд байрлуулахад тохиромжтой байдаг билээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт