Сүүлийн жилүүдэд мах болон сүүн бүтээгдэхүүний оронд ургамлын гаралтай бүтээгдэхүүн илүү их анхаарал татаж байгаа билээ. Энэ нь зөвхөн цагаан хоолтон болон веган хүмүүсийн ачаар биш харин “Flexitarian” буюу уян хатан хоолтнуудын тоо нэмэгдсэнтэй мөн холбоотой юм. Флекситариан хүмүүс амьтны гаралтай бүтээгдэхүүнээс бүрэн татгалздаггүй харин багасгахыг эрмэлздэгээрээ веган хүмүүсээс ялгаатай юм. Тэгвэл энэхүү хооллолтын давуу болон сул тал нь юу вэ? Хоол тэжээлийн мэргэжилтнүүд энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ? Мөн махны хэрэглээгээ хэрхэн их хүч хөдөлмөр зарцуулахгүйгээр багасгах вэ? Эдгээр асуултуудад бид хариулж байна.
Махнаас бүр мөсөн татгалзсанаар эсвэл махны хэрэглээг багасгаснаар таны эрүүл мэндэд эерэг өөрчлөлтүүд гарч, байгаль орчин болон амьтдад үзүүлж буй хор нөлөө тань эрс багасах билээ. Тэр ч бүү хэл өнгөрсөн жил халдвар судлаачид махнаас аль болох татгалзах талаар ярьж эхэлсэн. Гэсэн хэдий ч цагаан хоолтон болон веганчуудын тоо төдийлөн өсөхгүй байгаа бөгөөд дийлэнх орнуудад махны хэрэглээний түвшин урьд урьдынхаас өндөр байна. Амьтны гаралтай бүтээгдэхүүнээс бүрэн татгалзаж чадсан хүмүүс энэ үзэгдлийг тайлбарлахдаа мах огт хэрэглэхгүй байх нь тийм ч амар даалгавар биш тул махны хэрэглээ одоо хүртэл өндөр хэвээр байгааг онцолжээ.
Билл Гейтс өөрийн “Цаг уурын гамшгаас хэрхэн сэргийлэх вэ” номондоо махны үйлдвэр ойрын ирээдүйд устаж, алга болохгүй бөгөөд мах нь хүний соёлд хэтэрхий чухал үүрэг гүйцэтгэдэг хэмээн тэмдэглэсэн байна. Түүнчлэн маш олон улс оронд мах нь баяр наадмын нэгэн чухал хэсэг болсон юм.
Жишээ нь, Франц улсад мах, загас, хөрөнгө, бяслаг зэрэг бүтээгдэхүүнүүдийг албан ёсоор хүн төрөлхтний соёлын материаллаг бус өвийн жагсаалтад оруулсан байдаг. Мөн ЮНЕСКО-гийн жагсаалтад "хоол хүнс нь хүн болон байгалийн бүтээгдэхүүн хоорондын эв нэгдэл, амт таашаал, тэнцвэрийг онцолдог" хэмээн дурдсан байдаг.
Хоолны хэрэглээндээ уян хатан байдлаар хандах нь илүү сайн үр дүн мэдрүүлэх болно. Яг одоо бидний байгаль дэлхийд хэдэн арван сая веган-идеалист хэрэгцээтэй биш харин махны хэрэглээгээ багасгахыг тэмүүлж буй хэдэн зуун сая хүн хэрэгтэй байна.
Цагаан хоол болон амьтны гаралтай бүтээгдэхүүн хослуулан хэрэглэх хэд хэдэн хувилбар байдаг байна.
Оройн 18 цаг хүртэл цагаан хоолтон
Энэхүү аргыг сэтгүүлч Марк Битман зохиосон бөгөөд оройн 18:00 цаг хүртэл зөвхөн ургамлын гаралтай бүтээгдэхүүнээр хооллох хэрэгтэй юм. Харин оройн хоолондоо заавал цагаан хоол идэх шаардлагагүй байна. Учир нь найз нөхөдтэйгөө хамт гадуур оройн зоог барих үе их тохиодог тул ургамлын гаралтай хоолыг ердийн ресторануудын цэсээс олоход төвөгтэй байдаг билээ.
Үүний эсрэг арга бол “цус сорогч” гэх нэртэй зөвхөн нар жаргасны дараа л мах идэх арга юм. Гэхдээ энэ аргыг мөрдөж биелүүлэхэд танд хэцүүхэн л байх болов уу.
Ажлын өдрүүдэд цагаан хоолтон
Энэхүү зарчим нь маш ойлгомжтой бөгөөд мөрдөж биелүүлэхэд хялбар билээ. Түүнчлэн бусад бүх флекситариан дэглэмүүдийн адил хангалттай уян хатан юм. Гэхдээ та өөрийгөө хэтэрхий их хязгаарлаж байгаа мэт мэдэрвэл уг дэглэмийн дүрмийг зөрчиж болно. Жишээлбэл, хэрэв Пүрэв гарагт та содон, өвөрмөц хоолтой газар найзуудтайгаа орсон боловч цагаан хоолны сонголтгүй байх тохиолдолд өөрийгөө хорилгүй махан төрлийн хоол авч идээрэй. Харин ингэснийхээ дараа Бямба эсвэл Ням гарагуудын нэгэнд цагаан хооллох ёстой юм шүү.
Долоон хоногийн тав хоногт нь амьтны гаралтай бүтээгдэхүүнээс татгалзсанаар махны нийт хэрэглээгээ 70%-иар бууруулсантай тэнцэх юм.
Махгүй Даваа гараг
Бусад өдрүүдээс илүү Даваа гарагт бид эрүүл мэнддээ илүү анхаарал, халамж тавьдаг нь судалгаагаар нотлогдсон байна. Тухайн өдөр хүмүүс хоолны дэглэм барьж, спортоор хичээллэж, тамхинаас гарч, цахимаар эрүүл мэндийн талаар мэдээлэл хайх зэрэг үйлдлүүдийг хийдэг юм. Тийм учраас хэрэв та амьдралынхаа хэв маягийг өөрчилж, эрүүл мэндэд тань тустай зуршлуудыг хэрэгжүүлэхээр шийдсэн бол Даваа гарагт эхлэх нь хамгийн тохиромжтой юм. Түүнчлэн дээр дурдсан хувилбаруудыг мөрдөхөд бэлэн биш байгаа хүмүүсийн хувьд зөвхөн Даваа гарагт цагаан хооллох нь зөв сонголт болно.
Уг арга барил нь Пол Маккартни ба түүний охид Мэри, Стелла нар 2009 онд Их Британи улсад “Meat Free Monday” гэх хөдөлгөөнийг эхлүүлсний дараагаар өргөн тархаж эхэлсэн билээ.
Нэмж дурдахад, өнөөдрийн байдлаар энэхүү хөдөлгөөнийг дэлхийн 40 гаруй улс орон дэмжиж байна. Мөн Кэти Перри, Том Хэнкс, Опра Уинфри зэрэг алдартнууд тус хөдөлгөөнд идэвхтэй оролцдог билээ.
Челленжид хамрагдах
Урт хугацааны туршид ийм дэглэм барих хүсэлгүй хүмүүст тохиромжтой богино хугацааны олон төрлийн сорилтууд бий. Иймэрхүү сорилтод хамрагдсанаар та тодорхой хугацааны турш махгүй хоолны амттай жорууд, мөн махыг орлуулах ургамлын гаралтай бүтээгдэхүүнүүдийн талаар мэдээлэл авах болно.
Одоогоор хамгийн алдартай цагаан хоолны челленжээр Veganuary нэрлэгдэж байгаа. 2021 оны нэгдүгээр сард л гэхэд л уг челленжид 500,000 гаруй хүн хамрагдсан байна. Тэр ч бүү хэл Rammstein хамтлагийн ахлагч Тилл Линдеманн мөн тус сорилтод оролцжээ.
Хоол тэжээлийн мэргэжилтнүүд ургамал болон амьтны уургийн харьцаа 50:50 байх ёстой хэмээн зөвлөдөг. Харин EAT-Lancet байгууллагын судлаачид ургамлын гаралтай уургийг амьтны уурагтай харьцуулахад 3:1 харьцаатай байлгахыг зөвлөж байна. "Байгаль дэлхийгээ аварч, 2050 он гэхэд 10 тэрбум хүн хооллох чадвартай байхын тулд улаан махны хэрэглээг хоёр дахин багасгах хэрэгтэй бөгөөд хүнсний ногоо, жимс, самар зэрэг бүтээгдэхүүнүүдийн хэрэглээг эсрэгээр нь хоёр дахин нэмэгдүүлэх хэрэгтэй" хэмээн судлаачид хэлжээ.
Ургамлын гаралтай бүтээгдэхүүн хэрэглэхийн гол давуу тал нь зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэхэд оршдог юм. Амьтны гаралтай бүтээгдэхүүний хэрэглээг багасгасны улмаас гарсан ашиг тусын хамгийн тод жишээг “Хойд Карелия” төслөөс олж харах боломжтой. Тодруулбал, уг төслийн хүрээнд Финлянд улс сүүлийн 40 жилийн хугацаанд иргэдийнхээ хоол тэжээлд эерэг өөрчлөлт оруулж чадасны улмаас дундаж наслалтыг 13 жилээр нэмэгдүүлж, зүрхний өвчнөөс шалтгаалсан нас баралтын тоог долоо дахин бууруулж чадсан байна.
"Би орчин үеийн хүмүүсийн хооллолтод энэ эерэг тренд давамгайлж байгааг харж байна. Бид түлхүү ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүн сонгож, амьтны гаралтай бүтээгдэхүүнийг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг хичээдэг болсон. Жишээлбэл, хиам, улаан мах, цөцгийн тос зэргийг их хэмжээгээр биш харин хоол хүнсэндээ тааруулж хэрэглэж байгаа. Энэ нь орчин үеийн эрүүл, зохистой хооллолтын зарчмуудтай нийцэж байгаа юм. ДЭМБ болон дэлхийн хоол тэжээлийн нийгэмлэгийн зөвлөмжүүдэд шинэ жимс, ногоо, үр тариа болон биед хэрэгтэй нүүрс усны ашиг тусын талаар мэдээллэсэн байдаг шүү дээ" хэмээн ОХУ-ын хүнсний технологич Ольга Косникова хэллээ.
Амьтны гаралтай бүтээгдэхүүний хэрэглээг багасгахын хэрээр идэх хоолны тань сонголт ховордох болно гэж бүү санаа зовоорой. Сэвэгзарам, вандуй, киноа будаа, шар буурцаг, шош, төрөл бүрийн үр тариа зэрэг уургаар баялаг олон төрлийн ургамлын гаралтай бүтээгдэхүүнүүд байдаг. Мөн эдгээр бүтээгдэхүүнүүдэд уургаас гадна маханд байдаггүй ашигт орцууд болох эслэг болон антиоксидантууд агуулагддаг байна.
Идэж дассан махны амтнаасаа татгалзахыг хүсэхгүй байгаа хүмүүст таатай мэдээ дуулгахад, амт болон бүтцээрээ махнаас ялгагдахааргүй бүтээгдэхүүнүүд зах зээлд өдөр ирэх тусам илүү өргөн сонголттойгоор танилцуулагдаж байна. Мөн Стэнфордын саяхны хийсэн судалгаанд жирийн мах болон ургамлын гаралтай махан котлетын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг харьцуулсан бөгөөд ургамлын гаралтай мах нь илүү эрүүл болохыг тогтоосон билээ.
Флекситариан хооллолтын өөр нэгэн давуу тал бол та айлд зочлох үед эсвэл гэр бүлээрээ цугларч оройн зоог барих үед өөрийгөө хязгаарлах хэрэггүй байх болно. Хүнсний технологич Ольга Косниковагийн онцолсноор "Хоолны дэглэмд илүү олон төрлийн хүнс болон орц, найрлага байх тусам сайн байдаг. Тодорхой нэг хоол хүнснээс татгалзаж, зайлсхийх нь хооллох дур өөрчлөгдөх эмгэг болон хоол хүнсэнд эрүүл бусаар хандах хандлагын суурийг тавьж өгнө. Орчин үед хүмүүс хоол хүнсийг шүүмжлэхээ зогсоож үүнээс айхаа больсныг харахад би их баяртай байна. Мөн маш олон төрлийн эрүүл бүтээгдэхүүнүүд шинээр гарч байгаа нь их гайхалтай юм. Жишээ нь, ургамлын гаралтай маханд биед амархан шингэдэг уураг их хэмжээгээр, ханасан өөх тос маш бага хэмжээгээр агуулагддаг. Харин шар буурцагны, бүйлс самарны, овьёосны зэрэг ургамлын гаралтай сүүний ачаар кофе болон өглөөний цай бүүр ч амттай бас эрүүл болдог” билээ.
Зарим судалгааны үр дүнд хоолоо илүү удаан хийдэг хүмүүсийн хоолны дэглэм ихэвчлэн илүү эрүүл байдаг нь тогтоогдсон байна. Гэхдээ ингэлээ гээд биед тань тустай вандуй болон шошоо өдөр бүр олон цагаар буцалгах хэрэгтэй гэсэн үг биш юм. Шим тэжээл болон чанараараа дутахгүй атлаа маш хурдан хугацаанд бэлэн болдог олон төрлийн эрүүл хүнс байдаг билээ.
Ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг зөвхөн цагаан хоолтон болон веганчуудад зориулж гаргадаг биш харин махны дассан амтнаасаа татгалзаж чадахгүй, мөн махны хэрэглээгээ бууруулах хүсэл эрмэлзэлтэй байгаа хүмүүст мөн зориулдаг юм.
Бид хэдэн арван жилийн өмнө махны үйлдвэрлэлтийн асуудалтай тулгарна гэж бодох ч үгүй явсан ч өнөөдөр энэ асуудал өдөр ирэх тусам улам хурцдаж байна. Гэхдээ та энэ асуудалд хувь нэмрээ оруулан байгаль дэлхийгээ хамгаалж, мөн өөрийн эрүүл мэндээ давхар хамгаалахын тулд заавал цагаан хоолтон эсвэл веган болох шаардлагагүй юм.
"Сүүлийн найман жилийн хугацаанд би цагаан хооллолт, веган хооллолт, түүхий хүнс, зөвхөн жимс жимсгэнэ хэрэглэх зэрэг бүхнийг л туршиж үзсэн. Маш олон судалгаа уншиж, хоол тэжээл судлалын сургалтад хамрагдсаны дараа би флекситариан буюу уян хатан хоолны дэглэм барьж эхэлсэн бөгөөд одоогоор үүнийг надад хамгийн тохиромжтой хооллолт гэж бодож байгаа. Энэхүү хооллолтын гол зарчим нь орчин үеийн шинжлэх ухааны үүднээс ашиг тустай, сэтгэлзүйн шинж чанарт үндэслэсэн зөв хооллолтод оршдог юм. Бидний бие махбод амьдардаг орчиндоо хариу үйлдэл үзүүлж, тухайн газрын уур амьсгалтай тохирох хоолыг сонгодог. Жишээлбэл, Москвад би ихэвчлэн амьтны гаралтай бүтээгдэхүүнийг хэрэглэхийг хүсдэг. Харин Бали арал дээр миний бие ургамлын гаралтай хоолны дэглэмийг илүүд үздэг. Өөрт таарах төгс хооллолтыг олох гэсэн бүх оролдлогын дараа гол ухаарсан зүйл бол хоол идэхдээ баяр баясгаланг мэдэрч, хоол идсэний дараах мэдрэмж тань таатай байх ёстой. Би өөрийгөө хоолны хувьд огтхон ч хязгаарлахаа больж, хоол хүнсийг "сайн", "муу" гэж хуваахаа ч больсон. Би өөрийгөө болон бие махбодоо сонсож эхэлсэн юм л даа” хэмээн загвар өмсөгч, бясалгалын дасгалжуулагч Мария Ключникова хэлсэн юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт