Дараа жил заавал очоорой
Pitti Imagine компанийн зохион байгуулдаг Pitti Taste хоолны үзэсгэлэнг Buro 24/7 сэтгүүлийн тоймч газар дээрээс нь сурвалжиж, Pitti Taste-д заавал очиж үзэх ёстой талаар ярьж байна
Италийн хамгийн чухал үзэсгэлэнгүүдийн тоонд ордог
Флоренцийн Pitti компани нь эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн болон сүрчигний томоохон үзэсгэлэнгүүдийг зохион байгуулдгаараа алдартай. Харин бид эрэгтэй загварын Pitti Uomo үзэсгэлэнг илүү сайн мэдэх билээ. Тэгвэл Pitti Taste нь гурав хоногийн турш үргэлжилдэг хоол болон дарсны баяр юм. Уг үзэсгэлэнд хоолны танилцуулгаас гадна олон төрлийн үзүүлбэр, амталгаа, дуудлага худалдаа, илтгэл зэрэг сонирхолтой арга хэмжээнүүд зохион байгуулагддаг.
Та итали хоолны талаар ямар ч мэдлэггүй байснаа ухаарах болно
Мэдээж бид таны итали хоолны талаарх мэдлэг зөвхөн "карбонара" болон "маргаритагаар" хязгаарлагддаг гэж хэлэх гээгүй юм шүү. Гэхдээ итали хоолны соёл нь асар баялаг, олон төрөл байдаг төдийгүй үргэлж хувирч, хөгжиж байдаг. Бид Италид очих бүртээ ямар нэг шинэ зүйл нээж байдаг билээ. Тухайлбал английн амуу соёлжинд дэвтээсэн итали бяслаг зүйрлэшгүй амттай. Мөн алдарт тараллини бол цагаан дарсанд зуурсан гурилаар хийсэн, бага зэрэг шаржигнуур, крауссаныг санагдуулам гурилан бүтээгдэхүүн юм. Харин гүргэмийн хольцтой граппа хэмээх дарсыг заавал туршиж үзэх хэрэгтэй. Давсалж боловсруулсан үхрийн махыг хөөс хэлбэрт ортол нь нухсан зоогийг брезаола гэдэг аж. Энэ бүгд зөвхөн энэ жилийн Pitii Taste үзэсгэлэнгээс шинээр олж нээсэн хоолнуудын багахан хэсэг юм. Pitti Taste үзэсгэлэнд оролцож байгаа олон арван хоолны мухлагууд танд парма гахайн мах, пекорино бяслаг, зөөлөн тускан талх, сүрлэн сүлжээсэн лонхтой кьянти дарс зэргийг амталж үзэхийг санал болгоно.
Үзэсгэлэнд тавигдсан бараг бүх зүйлийг худалдан авч болно
Үзэсгэлэнгийн танхимд амсаж үзсэн олон арван төрлийн хиам, бяслаг, марзипан чихэр зэрэг хоолнуудыг тусгайлан нээсэн дэлгүүрээс шууд л худалдан авалт хийх боломжтой. Pitti Taste-д маш олон хүн ирдэг тул үргэлж хөл хөдөлгөөн ихтэй байдаг. Харин үзэсгэлэнгийн дэлгүүрт арай сэрүүхэн байдаг учраас бага зэрэг амсхийх боломж олддог. Pitti Taste үзэсгэлэнд хамгийн шилдэг гэсэн бүтээгдэхүүнүүд л танилцуулагддаг гэж ойлгож болно. Хэдийгээр Италийн зоогийн газар болон дэлгүүрүүд үйлчлүүлэгчдээс өндөр үнэ нэхдэггүй ч, хамгийн сайн чанарын, шилдэг бүтээгдэхүүнүүд нь тийм ч хямд биш юм. Түүнчлэн үзэсгэлэнгийн дэлгүүрт "хоёрын үнээр гурвыг ав" гэх мэт олон янзын урамшуулал өгдөг. Тиймээс энэ нь мөнгө хэмнэх бас нэгэн шалтгаан болдог байна.
Pitti Taste-ийн үзвэрүүд төдийгүй үзэсгэлэнгийн танхим нь ч сонирхол татдаг
Одоо харин үзэсгэлэнгийн үйл явцын талаар ярилцья. Хуучны Stazione Leopolda галт тэрэгний буудлын барилгыг үзэсгэлэнгийн танхим болгон зассан нь сонирхол татаж байлаа. Шар тоосгоор барьсан гурван том танхим дотор хүнсний мухлагуудыг шахцалдуулан байршуулсан байдаг. Үзэсгэлэнгийн зай завсаргүй мухлагууд дундуур дэлгүүрийн төлөөлөгчид, сэтгүүлчид, ахлах тогооч, зоогийн газрын эзэд болон зүгээр л хоолонд дурлагсад холхилдоно.
Stazione Leopolda бол маш онцгой барилга юм. Энэхүү барилга нь XIX-р зууны Италийн аж үйлдвэрлэлийн үеийн уран барилгын тод төлөөлөл билээ. Stazione Leopolda галт тэрэгний буудлыг 1840-өөд онд барьсан бөгөөд тэр үед аж үйлдвэрийн хувьсгал Их Британийн нутаг дэвсгэрээс цааш тархаагүй байв. Тус галт тэрэгний буудал нь Тусканийн Вант Улсын босгосон сүүлийн томоохон барилгуудын нэгт тооцогддог. Гэхдээ галт тэрэгний зогсоолыг барисныхаа дараа л тухайн чиглэлд ийм том хэмжээний галт тэрэгний зогсоол хэрэггүй гэдгийг ухаарсан гэдэг. Тиймээс уг барилгыг бараг тэр даруйдаа л үзэсгэлэнгийн танхим болгон өөрчилсөн юм. Тэр үеэс хойш галт тэрэгний зогсоолын гаднах байдал бараг өөрчлөгдөөгүй. Мөн яг энд жил бүрийн тавдугаар сарын эхний хагаст гурав хоногийн турш Pitti Taste хоолны үзэсгэлэн болж өнгөрдөг.
Үзэсгэлэнг дагаад илтгэл, зөвлөгөөн болон дуудлага худалдаа зохион байгуулагддаг
Pitti Taste үзэсгэлэн зөвхөн хоол, дарсаар хязгаарлагддаггүй. Төмөр замын оронд байгуулагдсан дуурийн театрын барилгад үзэсгэлэнгийн хүрээнд болдог сургалтууд зохиогддог. Энд чухал царайтай эрэгтэй, эмэгтэй, янз бүрийн хүмүүс пастаны шинэ төрлийн талаар улайран ярилцах болно. Тэд дарсны салбарын ирээдүй, уламжлалт шар айраг нэрэх арга, болон яагаад дэлхий даяар хар өнгөтэй эрдэнэ шиш, хөх ягаан өнгийн төмсөнд дурлаж байгаа талаар ч хэлэлцэнэ. Мөн энд төрөл бүрийн идэхийн аргагүй хачирхалтай хүнсний зүйлсийг худалдаалдаг. Энэ жилийн хувьд хоолны эртний номнуудын томоохон дуудлага худалдаа болж өнгөрсөн. Жишээлбэл, дуудлага худалдаанд 200 жилийн өмнө бичигдсэн нарийн боовны тогоочдод зориулсан арьсан хавтастай ном 200 еврогоос эхэлж байсан. Та хуучин номын дэлгүүрээс ч ийм ховор ном олохгүй гэдэгт итгэлтэй байна.
Pitti Taste эхлэхэд хот тэр чигтээ үзэсгэлэн болон хувирдаг
Үзэсгэлэнгийн үеэр Флоренц хот хоолны давалгаанд хучигддаг. Зочид буудлууд уламжлалт шар айраг үйлдвэрлэгчид, болон жазз хамтлагийг угтан авч, дарсны мухлагууд амталгаа явуулдаг бол, пицца болон зайрмагны лангуунууд дундад зууны үеийн талбайн яг голд байрлана.Харин дундад зууны үеийн харшид юу ч болоогүй мэт хиам болон бяслаг зүсэн зогсох эрчүүд үнэхээр сонирхолтой харагддаг. Флоренц хотын хавар хамгийн сайхан гэж ярьдаг. Тэгвэл Pitti Taste хоолны үзэсгэлэнгийн үеэр хот бүр ч гайхалтай болон хувирдаг.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт