Хэзээ нэгэн цагт заавал амтлаарай
Манай хоолны шүүмжлэгч Владимир Гридин Баку хотын эргэн тойронд байрлах хамгийн шилдэг ресторануудыг илрүүлжээ. Ямартаа ч Бакуд очсон жуулчид жин нэмсэндээ огтхон ч харамсахгүй гэдэгт итгэлтэй байна
Каспийн тэнгисийн баруун эрэг дээр орших Азербайджан улсын нийслэл Баку хот хорвоогийн хамгийн өвөрмөц хоолтой газруудын нэг тул жуулчдад гоо сайхны эмнэлэгээс ч илүү сайн үр дүн өгч чаддаг. Тэнгисийн зүгээс үлээх давсархаг агаар, хотын ганган хээнцэр байдал хоёр хүмүүсийн магнайг тэнийлгэж, үрчлээг цөөрүүлнэ. Хаашаа ч харсан "хөөх" гэж уулга алдам зүйлс тааралдах бөгөөд тэр бүрт баярласаар таны нүүрний хэлбэр ч өргөгдөж мэднэ шүү. Харин Бакуд нэг л сул тал бий. Тэр нь энд ямар ч жин хасах боломжгүй. Гэвч жуулчдад энэ тийм ч их асуудал болдоггүй юм.
Уншигч та бүхэн "Монголчууд хэрхэн Азербайджаны нийслэл Бакуд очиж ресторан хэсэх вэ" гэж бодож байж магадгүй л юм. Тэгэхдээ нэгэн цагт Тулуй ханы хөвгүүн Ил Хаан Хүлэгү энэхүү тэнгисийн эрэг дээрх газар нутагт үнэн сэтгэлээсээ дурлаж, бас хамгаалж, ах дүүс болох Алтан ордын хаадтай булаалдаж байсан юм. Тэгэхээр очихыг хүссэн хүн бол үнэхээр адал явдалтайгаар энэ замыг туулж, үнэнхүү сайхан амтыг нь мэдэрч чадах болно.
Азербайджан өнөөдөр газрын тосны баялаг ордууддаа түшиглэн маш хурдацтай хөгжиж байгаа нь хотын гудамжин дахь орчин үеийн загвартай барилгуудаас нь илт харагдана. ХХ зууны эхэн үед баригдсан тансаг уран барилгууд ч энд маш олон. Өмнөх зуунд худалдаачдын зүүсэн алтан бүс түүний хэн болохыг нь хэлээд өгдөг байжээ. Өнөөдөр харин Баку хотын оршин суугчид маш үнэтэй алтан цаг болон үнэт эдлэлүүд зүүж явдаг болсон. Мөн тэд үнэт эдлэл аль болох их байх тусмаа сайн гэж үздэг. Та ийм хүмүүстэй хамт байхад өдрийн хоол, үдийн цай, оройн хоолны алийг нь ч алгасахгүй гэдэгт итгэлтэй байж болно.
Хэдийгээр Баку хотод одоогийн байдлаар гадны хоолны соёл нэвтэрч эхэлсэн ч жуулчдыг итали, франц, бүр орос зоогоор ч гайхшруулж чадахгүй. Тэд зөвхөн орон нутгийн өвөрмөц, ер бусын зүйлсийг л хүсдэг. Азаар Бакугийн ресторануудын 90-ээс дээш хувь нь Азербайджаны үндэсний хоолоор үйлчилдэг байна. Азербайджан зоогны үндсэнд мах, ногоо, ургамал, амтлагчууд, тэр дундаа куркума, гүргэм, кардамон, шанц зэрэг орц түгээмэл ордог.
Jiz Biz
Энэхүү ресторанд шекербүра гэдэг дотроо бүйлстэй, хөвсгөр халваг санагдуулам элсэн ширхэгтэй пирожкиг амтлах боломжтой. Харин уч баджи нь мах, хаш, амтат чинжүү болон улаан лоолийн таташтай долма хэлбэрийн хоол юм. Мөн туулайн бөөрний нухаштай чихэрлэгдүү кутаб гэх шарвин маягтай хоол, фэйхоа гэдэг жимстэй шүүс зэрэг үндэсний хоолнуудыг эндээс амталж болно. Уг ресторан нь хуучны олон давхар байх бөгөөд энд жуулчид бараг ирдэггүй. Сонирхуулахад, хэрэв та Азербайджан гэрийн эзэгтэй нар шиг хоол хийж сурахыг хүсвэл энд мэргэжлийн хичээл заалгаж болно шүү.
Fireland Vineyards
Зөвлөлтийн үед явагдсан архины эсрэг аяны үеэр талхлагдсан талбайд өнөөдөр дахин усан үзэм тариалж, дарс дарах болжээ. Энэхүү Fireland Vineyards гэх усан үзмийн талбайд нутгийн брэнд болох матраса, саперави, ркацители, баян-ширей сортын дарснууд шардоне, вьоне, верментино, санжовезе болон шираз зэрэг олон улсын шилдгүүдтэй хамт байдаг. Орон нутгийн дарснаас давс, далай, шавар болон газрын тос мэдрэгддэг. Учир нь энэ бүхэн хажууханд нь оршдог аж. Талбайд хүмүүс хэрхэн ажиллаж байгааг дарсны үйлдвэрт орших гуравхан өрөөтэй зочид буудлын жижиг цонхоор харж болно. Та хэрэв энэ дарсны үйлдвэрийн зоогийн газарт очвол Маис ахаар үхэр зарааны махтай шорлог хийлгүүлж идэхээ мартав аа.
Жорат
Кутаб нь мах эсвэл ногоотой хавтгай, зөөлөн хуймаг бөгөөд Бакуд хаа сайгүй байдаг хоол юм. Ялангуяа хүмүүс тэмээний махтай кутаб идэхийн тулд Жорат хэмээх жижиг тосгоныг зорьдог байна. Энэ тосгонд олон жижиг зоогийн газрууд байх ба зарим нь бүр огт нэр хаяггүй байх аж. Тэмээний мах нь маш этгээд хоолонд тооцогддог бөгөөд Жорат тосгонд л ихэвчлэн иддэг. Гэхдээ түүхчдийн үзэж буйгаар бол тэмээний махан кутаб нь Баку хотын гал тогоонд түгээмэл байсан гэдэг. Хэрэв махтай кутабыг сумах нэртэй ургамлаар амталдаг бол, ногоотой кутабыг сармистай мацони гэдэг сүүний сүмсэнд дүрж иддэг. Бүрэн төгс зоог барихад бозбаш хэмээх хонины мах болон туулайн бөөртэй өтгөн шөл ордог байна. Гэхдээ орчин үед шөлийг төмстэй хийдэг болжээ. Бозбашийг хийхдээ ястай жижиглэсэн махыг бөөрөнхий махтай хольж бэлтгэдэг. Хэрэв шөл саарал өнгөтэй болсон байвал зөв хийсний шинж. Энэхүү зоогийг чимэглэхдээ зөвхөн сумах болон хатааж жижиглэсэн гаа л ашигладаг. Шөлөө идэхээсээ өмнө алдарт Баку улаан лооль болон өргөст хэмх зэрэг шинэ ногоо нэмж захиалаарай.
Sehrli Tendir
Хуучин хотод орших энэхүү зоогийн газар нь хүмүүст амьдралын таашаалыг мэдрүүлэх зорилгоор нээгджээ. Халуун ногоо болон гангаар амталсан тугалын махыг удаанаар амталж, шорлогноос ямар ялгаатай болохыг нь асууж мэдэх хэрэгтэй. Самартай кебабны гүн амтыг мэдэрч, нүүрсэнд болгосон улаан лоолийг мөн туршиж үзэж болно. Serhli Tendir-т тарагтай шөл хүртэл бэлтгэдэг тул амтлах мэдрэхүйг тань сэргээх шинэлэг зүйл болно. Төмөр тавиуртай шилэн аяганаас чихэрлэг цай уунгаа орчин тойрноо ажиглаж, хуучин хотын уур амьсгалыг өөртөө "шингээж" болох юм. Рестораны үүдэнд тандыр зуух байгаа тул, гарахдаа шинэхэн гамбир захиалж авахаа мартав аа.
SAHiL
Энэхүү зоогийн газрын дотоод засал нь маш орчин үеийн загвартай ч түүхэн газар юм. Зөвлөлтийн үед энд Приморский өргөн чөлөөний яг төвд ижил нэртэй ресторан оршиж байсан бөгөөд хүмүүс тэнд төрсөн өдөр, төгсөлтийн үдэшлэг зэрэг тэмдэглэлт үйл явдлаа өнгөрөөдөг байжээ. Каспийн тэнгисийн эрэг дагуу байрлах үзэсгэлэнт дүр зурагтай олон давхар тус ресторанд ихэнх Бакучууд залуу насаа өнгөрөөсөн байдаг. Харин одоо бол SAHiL ресторан нь хамгийн орчин үеийн Каспи гал тогоотой зоогийн газраар тодроод байгаа. Гэхдээ энд садж гэх мэт үндэсний хоолнуудыг илүү сайн хийдэг. Садж гэдэг нь шууд утгаараа хайруулын таваг гэсэн үг. Саджны гадна талд бин хайрдаг бөгөөд дотор талд нь төрөл бүрийн мах шардаг байна. Эндээс хилэм загасны саджийг амтлаад үзээрэй. Энэ хоол нь загас болон ногооны холимог рагу маягийн зоог юм. Садж шанаган тогоон дээр болгодог хоолтой төстэй боловч бэлтгэхэд арай удаан хугацаа зарцуулдаг. Учир нь ногоо нь арай удаан болдог байна. Саджийг хамгийн багадаа хоёр хүн иддэг. Тиймээс та ганцаараа явж байвал улаан лоольтой лаваш буюу шарвин захиалж болно. Лаваш нь хөнгөн хэрнээ хангалттай өег хоол юм. Түүнчлэн, ил гал дээр шарсан олон төрлийн махтай кебаб, тэр ч бүү хэл бяслагтай кебаб хүртэл идэж үзэх боломжтой.
Nakhchivan
Баку хотын заншилд моод огтхон ч нөлөөлдөггүй. Алдарт Нахичевань рестораны сонгодог загвартай тансаг танхимд байрлах цагаан төгөлдөр хуурнаас үдэш бүр жазз болон Бейбутов, Магомаев нарын хөгжим эгшиглэнэ. Эндээс та чоча болон дундаа ногоотой кята талх, катык сүмстэй портулак хэмээх ногоо, хонины махан говурма мөн лаваш, ногоо, самар, майонез, цөцгийнөөс бүрдсэн Ордубад ороомог зэргийг захиалаад үзээрэй. Үүнээс гадна, нахичевань маягийн хонины махтай шөл (пити) болон долоон төрлийн плов (будаатай хуурга) нь Азербайджан хоолны мэргэжилтэнг ч гайхшруулж орхино.
Mangal Steak House
Азербайджан үндэсний мугам хөгжим нь энэхүү улсын түүхийг өгүүлнэ. Хөгжмийн зэвсэг хайр, гуниг, зовлон шаналал, баяр хөөр гээд бүхий л зүйлийг илэрхийлдэг байна. Алдарт зохиолч Курбан Саид "Ali and Nino"зохиолдоо Баку хотыг үсрэх эсвэл тоглох гэж буй амьтантай зүйрлэсэн байдаг. Харин би хотыг мугам хөгжим эгшиглэдэг стейк-хаустай зүйрлэнэ. Mangal Steak House-т дюшбара хэмээх гайхамшигтай хоолоор үйлчилдэг. Юуны өмнө дюшбара нь гэрийн эзэгтэй нарын ур чадварыг илтгэдэг байна. Дюшбара нь асар жижиг хэмжээтэй банш бөгөөд халбаганд хамгийн багадаа таван ширхэг хумсны хэмжээтэй банш багтаж байх ёстой. Мөн энд рибай шарсан мах ч бэлтгэдэг. Үүнээс гадна, дорнын хэв маягтай үндсэн танхимд хязгааргүй олон төрлийн уух зүйлстэй баар ажиллана.
Энэ бүхэн нийлээд Бага Ази дахь өрнө, дорны зааг болсон Азербайджаны нийслэлийг зорих хангалттай шалтгаан биш гэж үү?
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт