Гаднах байдлаасаа айдас төрүүлэх ч хийхэд хялбар 5 Хэллоуины зууш

Хэллоуины баярт зориулсан хялбар жорууд

Хэллоуины баярт ямар амттан болон зууш бэлдэхээ шийдээгүй л байна уу? Тэгвэл бид таны зочдыг гайхшруулж, ширээг тань "аймаар" уур амьсгалаар дүүргэх шилдэг жоруудыг хүргэж байна. 


Цус сорогчийн соёоны дүрстэй жигнэмэг

Орц:

  • 2 уут дурын дугуй хэлбэртэй жигнэмэг (жирийн, шоколадны үүрмэгтэй, овьёостой г.м.).
  • 1 уут жижиг хэмжээний зефир.
  • 1 лааз гүзээлзгэнэ эсвэл интоор жимсний чанамал.
  • Соёо хийхэд цагаан шоколад ашиглаж болно.

Хийх жор:

  1. Жигнэмгүүдээ болгоомжтой дундуур нь хоёр хуваана.
  2. Дундуур нь хуваасан жигнэмгүүдээ гамбанз дээр өрнө.
  3. Дээрээс нь жимсний чанамлаа түрхэнэ. Ингэхдээ хэт зузаан түрхэх хэрэггүй. 
  4. Дараа нь чанамалтай жигнэмэг дээрээ хэлбэрт нь тааруулаад зефир өрөөд жигнэмгийн өрөөсөн талийг дээр нь тавина.
  5. Одоо харин цагаан шоколадаа нарийхан зүсээд хоёр ширхэг соёоны хэлбэрт оруулсны дараа жигнэмэг бүр дээр тогтооно.
  6. Бүгдийг нь өрж дуусаад хөргөгчид 20 орчим минут байлгана.
  7. Таны “аймаар” амттан бэлэн боллоо. Амтархан зооглоорой.

"Мангасын нүд" амттан

Орц:

  • 1.5 лааз газрын самрын тос (шаржигнасан биш зөөлөн төрлийг хэрэглэнэ).
  • ½ стакан тасалгааны хэмтэй цөцгийн тос.
  • 4 стакан элсэн чихрийн нунтаг (пудр).
  • 2 стакан жижиглэсэн сүүн шоколад.
  • 2 х.х. ургамлын тос.
  • 1 уут M&M's чихэр.
  • Шүдний чигчлүүр.

Хийх жор:

  1. Юуны өмнө газрын самрын тос, халаасан цөцгийн тос болон элсэн чихрийн нунтгийг сайтар холино.
  2. Жигнэх хэвийг зориулалтын цаасаар доторлоно.
  3. Цайны халбага ашиглан зуурмагаасаа аваад бөөрөнхий хэлбэрт оруулна.
  4. Бөөрөнхийлсөн хэлбэрүүдээ жигнэх хэв дотроо хийгээд хөргөгчид нэг цаг байлгаж, хөргөнө.
  5. Саван дотор шоколад болон ургамлын тосоо хийгээд халуун усан дээр байрлуулаад хайлуулна.
  6. Бөөрөнхий хэлбэрүүдээ гаргаж ирээд шүдний чигчлүүр ашиглан шоколаданд дүрнэ. Гол хэсэг нь шоколадаар бүрхэгдээгүй байх хэрэгтэй. 
  7. Бүрсэн зуурмагуудаа буцаад хэв дотор хийгээд хөргөнө.
  8. Нүд тус бүрт нэг нэг ширхэг M&M's чихэр нэмээд баярын үдэшлэг эхлэхээс өмнө хөргөгчид байлгана.

“Оршуулгын газар” бялуу

Орц:

  • 16 ш жирийн жигнэмэг.
  • 6 ш зууван хэлбэртэй жигнэмэг.
  • 15 ш Oreo жигнэмэг.
  • ½ стакан тасалгааны хэмтэй цөцгийн тос.
  • 1 л ванильтай зайрмаг.
  • 1 л шоколадтай зайрмаг.
  • 1 стакан Bounty чихэр.
  • 1 стакан Kit Kat чихэр.
  • 2 х.х. хайлуулсан сүүн шоколад.
  • 12 ш гавлын ясны дүрстэй зөөлөн чихэр.

Хийх жор:

  1. Шарах шүүгээгээ 160 хэм хүртэл халаана.
  2. Холигч машин ашиглан жирийн жигнэмгээ сайтар бутлах хэрэгтэй. Дараа нь халаасан цөцгийн тос нэмээд зуурна. Зуурмагаа 24x24 см хэмжээтэй тосолсон дугуй хэвэнд хийгээд 20 минут шарх шүүгээнд шарна. Бэлэн болсных нь дараа ойролцоогоор 45 минут хөргөнө.
  3. Ванильтай зайрмагийг гүнзгий саванд хийж бага зэрэг гэсгээгээд жижиглэж хэрчсэн Kit Kat дээрээс нь хийж хутгана. Энэхүү зуурмагаа шарх шүүгээнээс гаргаж ирсэн жигнэмэг дээрээс хийгээд жигд тараана. Харин дараа нь дор хаяж нэг цаг хөлдөөгчид бүрэн хөлдөх хүртэл нь байлгана.
  4. Шоколадтай зайрмагаа өөр нэг гүнзгий саванд хийгээд бага зэрэг гэсгээгээд жижиглэж хэрчсэн Bounty дээрээс нь хийнэ. Ванильтай зайрмаг дээр шоколадтай зайрмагаа жигд тарааж, дахин нэг цагийн турш хөлдөөгчид хөргөнө.
  5. Гавлын ясны дүрстэй чихрийг хайлуулсан шоколад ашиглан зууван жигнэмэг дээр тогтооно.
  6. Oreo жигнэмгийг холигч машинаар сайтар буталсны дараа зайрмаг дээгүүр жигд тараах хэрэгтэй. Энэ нь хөрс шороо мэт харагдах юм.
  7. Булшны чулуу мэт харагдах гавлын ястай жигнэмгийг байрлуулахын тулд бялуун дээр хутгаар бага зэрэг зүсээд зууван хэлбэртэй жигнэмгээ байршуулна.
  8. Зайрмагийг хайлж, урсахаас нь өмнө зооглох хэрэгтэй. Таны зочдод уг бялууны амт ихэд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

"Аалз" пицца

Орц:

  • Кетчуп.
  • Дурын бяслаг.
  • Ясгүй хар олив.
  • Стакан.

Хийх жор:

  1. Шарах шүүгээгээ 180 хэм хүртэл халаана.
  2. Стакан ашиглан дурын жороор хийж бэлтгэсэн пиццаны зуурмагаас дугуй хэлбэрүүд салгах хэрэгтэй. Дараа нь тус жижиг хэлбэрүүд дээр кетчуп түрхэнэ.
  3. Бяслагаа үрэгчээр үрээд пицца дээр тараах хэрэгтэй. 
  4. Олив жимсээ дундуур нь хуваагаад дээрх зургийг дагаад өрнө.
  5. Бэлэн болсон жижиг пиццануудаа 15-18 минут шарах шүүгээнд шарна. Ердөө ийм л хялбар.

“Муми” Хот-Дог

Орц:

  • Бэлэн Хот-Догний гурилан зуурмаг.
  • Дурын хэмжээтэй зайдас.
  • Хар үрлэн перец.
  • Хатуу бяслаг.

Хийх жор:

  1. Шарах шүүгээгээ 180 хэм хүртэл халаана.
  2. Гурилан зуурмагаа 1-2 см өргөнтэй хэсэг болгож хэрчинэ.
  3. Бяслагаа мөн адил байдлаар хэрчээд хэрчсэн зуурмаг дээр тавина.
  4. Бяслагтай зуурмагаараа зайдсаа орооно.
  5. Шарах шүүгээний тавцан дээр өрнө. Зайдасны дээд хэсэгт бяслаг болон үрлэн хар перец ашиглаж нүд хийнэ.
  6. Шарах шүүгээнд 10-15 минут хийгээд шарна. Хэллоуины баярт төгс зохицох Хот-Дог бэлэн боллоо.

Buro.Mongolia

2024-10-31, 14:19