Супер хүнс: Чиа үрийн ашиг тус болон бэлтгэх аргууд

Жижиг боловч тэжээллэг хүнс

Саяхан л "чиа" гэх үг харь гарагийн мэт сонсогдож байсан үе ард хоцорчээ. Одоо эрүүл мэнддээ анхаардаг, эрүүл хоолны дэглэм барьдаг хүн бүрийн цэсэнд чиа үр багтаж, Улаанбаатар хотод энэхүү хүнсний эрэлд гарсан хүмүүсийн тоо эрс нэмэгдсээр байна. Тиймээс Бюро 24/7 чиа үр эрүүл мэндэд ямар ашиг тустай болох мөн энэхүү хүнсийг хэрхэн бэлтгэж идэх талаар уншигчиддаа мэдээлэл хүргэхээр шийдлээ.

Чиа үр гэж юу вэ?

Чиа үр нь Латин Америк тэр дундаа Мексикт ургадаг "Salvia hispanica" гэх ургамлын үр юм. Чиа үрийг бүр Маяа ба Ацтек соёл иргэншлийн үед түгээмэл хэрэглэдэг байжээ. "Чиа" гэдэг нь хүч гэсэн утгатай үг бөгөөд дээрх соёл иргэншлийн үед энэхүү үрийг эрч хүчээ нэмэгдүүлэхийн тулд иддэг байсан гэж зарим нэг эх сурвалжууд үздэг юм.

Жижиг хэмжээтэй боловч маш их тэжээлтэй

Чиа үр нь асар жижиг хэмжээтэй хэдий ч маш тэжээллэг хүнс юм. WebMD вебсайтын мэдээллэснээр чиа үр нь эслэг, антиоксидант, B3, B2, B1 аминдэм, кальци, уураг, омега-3 тосны хүчлээр баялаг төдийгүй холестерин агуулдаггүй давуу талтай. Тэжээллэг чанарын хувьд ойролцоогоор хоёр цайны халбага чиа үрэнд 4гр уураг, 9гр тос, 12гр нүүрс ус, 11гр эслэг, минералууд болон 139 калори агуулагддаг байна. Мөн 100гр чиа үр нь гурван порц яргай загастай тэнцэх хэмжээний омега-3 тосны хүчил, дөрвөн гадил жимстэй ижил хэмжээний кали, 400гр бууцайнд байдаг төмөр болон хагас литр сүүтэй тэнцэх хэмжээний кальци агуулдаг тул супер хүнс болж байгаа юм.

Чиа үрийн ашиг тус

Эслэг ба уургийн агууламж өндөртэй энэхүү супер хүнс нь маш удаан хугацааны турш цатгалан мэдрэмж өгдөг учраас жин хасахад тусалдаг гэж хоол хүнсний мэргэжилтнүүд үздэг. Мөн кали, кальци, уураг нь бие организмын эрч хүчийг нэмэгдүүлэхээс гадна, тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг. Үүнээс гадна энэ үр нь Омега-3 тосны хүчил маш ихээр агуулдаг учир холестерины хэмжээг багасгаж, зүрх судасны үйл ажиллагааг сайжруулдаг байна. Мэдээж антиоксидантын арьсанд үзүүлдэг гайхамшгийг дурдахгүй өнгөрч болохгүй биз ээ.

Хэрхэн бэлтгэх вэ?

Чиа үрийг төрөл бүрийн аргаар өдөр тутмын хүнсэндээ хэрэглэх боломжтой. Жишээ нь чиа үрийг түүхийгээр нь өөрийн идэх дуртай салат, йогурт эсвэл смутинд нэмж болно. Хэрэв та нарийн боов, талх бэлтгэх гэж байгаа бол чиа үр нэмж, баяжуулж болох юм. Мөн чиа үрийг усанд дэвтээхэд хөөж, том хэмжээтэй болдог тул пудинг хийхэд гайхалтай тохирдог.

Г.Тэмүүлэн

2017-08-25, 18:00