Амстердамын нэгэн ресторан цар тахлын үеэр ажиллах сонирхолтой шийдэл олжээ

"Карантины хүлэмж"

Амстердамын Mediamatic Eten нэртэй ресторан коронавирусын тархалттай холбоотойгоор зоогийн газрын концепцийг бүрэн шинэчилсэн байна. Тодруулбал одоо тэд зочдыг шилэн ханатай, тав тухтай, тусгаарлагдсан хүлэмжид хүлээн авч, хөл хориог зөрчихгүйгээр хооллох боломж олгож эхэлжээ.

"Serres Sépparées бол бидний сүүлийн үед хэрэгжүүлж буй цоо шинэ концепци. Одоогийн нөхцөл байдалд тусгаарлагдсан орчин бий болгох маш хүнд. Тиймээс бид ресторанаа өргөжүүлж, хүмүүст аюулгүй, тухтай орчинд хооллох боломж бүрдүүлсэн юм" хэмээн тэд Instagram хуудаснаа бичжээ.

Зоогийн газрын ойр орчимд нийт таван ширхэг хэсэгчлэн тусгаарлагдсан "карантины хүлэмж" байрлуулсан байна. Харин зоогийн газрын ажилтнууд тусгай хаалт, бээлий зэрэг хамгаалалтын хэрэгслүүдээр "тоноглон" зочдод үйлчлэх юм. Мөн зоогийг тусгай хавтан дээр тавин, аюулгүй зайнаас хүргэх болно.

Энэхүү шинэ үйлчилгээг эхний ээлжид рестораны ажилтнуудын гэр бүл, найз нөхөд л туршиж үзээд байгаа юм. Гэхдээ өчигдрөөс эхлэн Нидерланд улс хөл хориогоо сулруулж эхэлсэн тул илүү олон хүн үйлчлүүлэх боломжтой болж байна. Харамсалтай нь тус рестораны захиалга зургаадугаар сарын 26 хүртэл дүүрсэн байгаа аж.

Buro.Mongolia

2020-05-12, 16:15

  • Зураг: