Батлагдсан: Долоо хоногийн дөрвөн өдөр ажиллах нь хүмүүсийг илүү үр бүтээлтэй болгодог

Бас аз жаргалтай

Ажлын долоо хоног маш урт гэдгийг бид даваа гарагийн өглөөнөөс л мэдэрдэг. Тэгвэл биднийг амралтын өдрүүдийг хүлээх зуур Их Британийн үйлдвэрчний эвлэлүүд амралтын өдрийг гурав хоног болтол нь нэмэх санал дэвшүүлж эхлээд байна. Уг саналыг Оксфордын их сургуулийн Saïd Business School-ийн эдийн засаг, стратегийн профессор Жан-Эммануэль де Нюв дэмжжээ.

"Долоо хоногийн дөрвөн өдөр ажиллах нь ажлын цаг ба амралтын хугацааг төгс тэнцвэржүүлж, ажилтнуудад эерэгээр нөлөөлдөг болохыг би батлахад бэлэн байна. Мөн ингэснээр тэд илүү үр бүтээлтэй ажиллана" гэж тэрээр онцолсон юм.

Энэ оны эхээр Шинэ Зеландад гурван амралтын өдөртэй ажлын хуваарийг туршиж эхэлсэн билээ. Нийт найман долоо хоног үргэлжилсэн туршилтын үр дүнд илүү амралтын өдөртэй долоо хоног нь багаар ажиллах чадварыг чанаржуулж, ажлын үйл явцад оролцох оролцоог нэмэгдүүлж, мөн ажилтнуудын стрессийг ч багасгаж байсан аж. Үүний зэрэгцээ зарим нэг туршилтад хамрагдагсад өөрийн залхуугаасаа болж шинэ хуваарийн дагуу ажиллахдаа асуудалтай тулгарч байжээ. Судалгааны дараа ажлын чанар сайжирсан гэсэн бодит үр дүн харагдаагүй ч туршилтад оролцсон хүмүүст гурван хоногийн амралтын өдөр таалагдсан нь илэрхий байсан юм.

Мөн 2015 онд Варвикийн их сургуулийн эрдэмтдийн явуулсан судалгаа энэхүү шинэ хуваарийг нухацтай авч хэлэлцэх бас нэгэн шалтгаан нь болжээ. Уг судалгаанд ажилтнуудын сэтгэл санааны байдал тэдний ажлын чанарт нөлөөлдөг болохыг тогтоосон байна. Өөрөөр хэлбэл аз жаргалтай, сэтгэл хангалуун хүмүүс стрессдсэн, ядарсан ажилтнуудаас хамаагүй үр дүнтэй ажилладаг гэжээ. Илүү амралтын өдөр нь тэдэнд нэмэлт эрч хүчийг өгнө гэдгийг судлаачид онцолсон юм.

Өнгөрсөн жилийн зургаадугаар сард ажлын өдрийн тоог багасгах талаар Alibaba компанийн үүсгэн байгуулагч Жек Ма ярьж байсан билээ. Түүний үзэж буйгаар ирэх 30 жилд долоо хоногийн ажлын өдөр дөрөв хоног болон багасч, мөн хүмүүс өдөрт ердөө дөрвөн цаг л ажиллах гэнэ. Ингээд ч зогсохгүй хүмүүс ирээдүйд илүү их аялдаг болно гэдгийг тэрээр мэдэгдэж байсан юм. Ямартаа ч биднийг сайхан ирээдүй хүлээж байгаа бололтой.

Buro.Mongolia

2018-10-03, 15:00

  • Зураг: