Бельгийн эмч нар коронавирусээр өвчлөөд эдгэсэн хүмүүст музейгээр зочлохыг зөвлөж байна

Бельгийн эмч нар “Covid-19” халдвараар өвчлөөд эдгэсэн иргэддээ хандан сэтгэлзүйн байдлаа сайжруулан дэмжихийн тулд музей болон галерейгаар зочлохыг зөвлөж эхэлсэн байна. Одоогийн байдлаар тус нөхөн сэргээлтийн аргыг Брюссель хотын Бругманы эмнэлэгт хэвтэж буй өвчтөнүүд дээр ашиглан туршилт явуулж байгаа билээ.

"Урлаг нь хүний сэтгэцийн болон бие махбодын эрүүл мэндэд тустай болох нь батлагдсан. Коронавирусын хямрал нь стресс, ядаргаа болон бусад эмгэгийг улам хурцатгахад хүргэж байгаа тул бид энэхүү аргыг маш хэрэгцээтэй гэж үзэж байна" хэмээн Брюссель хотын соёл, аялал жуулчлалын зөвлөлийн гишүүн Долфин Хуба хэлсэн юм.

Нэмж дурдахад, тус туршилтын хүрээнд оролцогчид Брюсселийн Орчин үеийн урлагийн төв, Загварын музей, Бохир усны музей гэх зэрэг урлагийн байгууллагуудаас сонголтоо хийж болох байна. Тус нөхөн сэргээх хөтөлбөрийн үр дүн ирэх онд олны хүртээл болох юм. Хэрэв туршилтын үр дүн амжилттай гарвал энэхүү аргыг цаашид сэтгэлзүйн асуудлуудтай тэмцэх зорилгоор ашиглах төлөвлөгөөтэй байна.

Коронавирусын дараах нөхөн сэргээлтийн талаар мэргэжилтний өгсөн зөвлөгөөнүүдтэй энд дарж танилцана уу.

Buro.Mongolia

2021-09-07, 11:00