Азийн бусад орны шөнийн гудамжууд ямар харагддаг вэ?

Хонг Конг, Сөүл, Бээжин, Бангкок

Өнөөдрөөс эхлэн Улаанбаатар хотын Сөүлийн гудамж нийслэлийн анхны "Шөнийн гудамж" болон хувирч байна. Аялал жуулчлалыг хөгжүүлэх мөн иргэдийн чөлөөт цагаа өнгөрөөх төв болох зорилготой энэхүү гудамж нь өнөөдөр 21:00 цагаас нээлтээ хийнэ. Бид үүнтэй холбогдуулж Азийн бусад өндөр хөгжилтэй орнуудын "Шөнийн гудамж" ямар байдгийг сонирхлоо.

"Temple Street Market", Хонг Конг

Энэхүү гудамж нь шөнийн цагаар жуулчдын цуглардаг хотын хамгийн хөл хөдөлгөөнтэй хэсгүүдийн нэг юм. Нийт нэг километр гаруй үргэлжлэх уг гудамжинд шоппинг, гудамжны хоол, үзвэр үйлчилгээ гээд чөлөөт цагаа зугаатай өнгөрөөх бүхий л зүйлс төвлөрсөн байдаг. Хонг Конгийн "Каулун" хэсэгт орших энэ гудамж орой 18:00 цагаас хойш "амилдаг" онцлогтой. Хоол, худалдааны төвүүдээс гадна уг гудамжинд оройн цагаар үнэ төлбөргүй Кантон дуурь үзэх боломжтой байдаг.

Хонгдэ, Сөүл

Залуусын гудамж гэж нэрлэгддэг Хонгдэд оройн цагаар инди хөгжмийн тоглолт, амьд хөгжимчид, орчин үеийн урлагийн үзүүлбэрүүд, мөн бусад сонирхолтой үзвэрүүдийг сонирхож болно. Хэзээ ч нойрсдоггүй гэх энэхүү гудамжинд ер бусын, эрч хүчтэй уур амьсгал мэдрэгддэг. Мөн энд төрөл бүрийн кафе, хувцасны дэлгүүрүүд олон бий.

Санлитун, Бээжин

Бээжин хотын Чаоянг дүүрэгт оршдог энэхүү гудамжинд асар олон худалдааны төв, ресторан, галлерей, үзэсгэлэнгүүд төвлөрдөг. Мөн энд Бээжин хотын шөнийн амьдралыг тодорхойлсон баарны гудамж бий. Санлитунд төрөл бүрийн коктейль амсаж болохоос гадна илбэчин, амьд хөгжмийн тоглолт гэх зэрэг сонирхолтой хөтөлбөрүүд олж харна. 

"RCA Bar Street", Бангкок

Royal City Avenue буюу товчхоноор "RCA" гэх энэхүү гудамжинд Бангкок хотын хамгийн алдартай шөнийн цэнгээний газрууд байрладаг. Жишээ нь хип хоп, электро мөн Тайланд амьд хөгжмийн "Route 66", Европ электро хөгжмөөр дагнасан Onyx нэртэй шөнийн цэнгээний газрууд энд бий. Үргэлж хөл хөдөлгөөнтэй байдаг Onyx клубд олон улсын алдартай DJ нар хүрэлцэн ирдэг онцлогтой. Уг гудамж нь мөн өөрийн коктейль баар, жазз клуб болон шар айрагны газруудаараа алдартай билээ. 

Г.Тэмүүлэн

2017-06-08, 18:00