Нийтлэлч О.Агиймаагийн Velin сэтгүүлийн тав дахь дугаарт зориулж бичсэн нийтлэлийг тус сэтгүүлийн зөвшөөрөлтэйгөөр хүргэж байна
Эрт урд цагт эмэгтэйчүүд нийгмийн шат ахих, нэр хүндээ хадгалах, өөртөө болон үр хүүхдэдээ баталгаатай амьдрал бэлэглэхийн тулд хүсэмжит гэр бүлтэй ураг барилдахаас өөр сонголтгүй байдаг байв. Энэ үед гэрлэлт эмэгтэйчүүдэд ашигтай байсантай маргах зүйлгүй. Гэтэл “ГАЙ” болж эмэгтэйчүүд сурч боловсрох, ажил эрхлэх, санхүүгийн хувьд бие даан амьдрах чадвартай болсноор уламжлалт гэрлэлтийн тогтолцоо, бүтцийн харьцаа орвонгоороо эргэв. Нэгэн цагт туйлын зорилго байсан гэрлэлтээсээ бүсгүйчүүд цааргалан зугтаж, төрөлт эрс буурч, салалт үлэмж өсөж буй энэ цагийг “АГУУ САЛАЛТЫН ЭРИН” гэж хочлох нь ч бий.
Эмэгтэй хүн энэ хорвоод мэндэлсэн цагаасаа гэрлэлтэд бэлтгэгдэж эхэлдэг. Охидод хандсан үлгэр, зохиол, киноны гол зангилаа үргэлж цасан цагаан даашинзтай сүйт бүсгүй, ханхүүгийнхээ гараас атгаад амар сайхандаа жаргаж буй дүрсийг харуулж төгсөнө. Ирээдүйн нөхрөөсөө гэрлэх санал тавих мөчөө төсөөлөн дүрслээгүй, сүйн бөгжнийхөө хэлбэрийг сонгоогүй, мөрөөдлийн хуримаа төлөвлөөгүй, ямар даашинз өмсөхөө шийдээгүй өссөн бүсгүй тун цөөхөн биз. Соёл уламжлал, гэр бүл, нийгмийн зүгээс ч эмэгтэй хүний амьдралын гол зорилго, хүмүүн биеийг олж төрсний утга учир нь эр нөхөрт гарч, үрийн зулай үнэрлэх гэдэг итгэлийг дуу нэгтэй итгүүлнэ. Ухаан орсон цагаас эхлэн танилцаа ч үгүй нэгэн эрд зориулан “Ирээдүйд эхнэр болно, ээж болно, ийм тийм байвал хадамдаа гологдоно, нөхөртөө хаягдана” хэмээн бэлдэж эхэлнэ. Энэ нормд захирагддаггүй бүсгүйчүүдийг “Эр хүнд тоогдохгүй ганц биеэрээ өтөлнө дөө. Баахан муур тойруулсан галзуу эмгэн болно” гэж айлгах нь түгээмэл. Олон арван, зуун, мянганы турш эмэгтэйчүүд л гэрлэлтийг хүсэж мөрөөдөж, хамаг арга чаргаа хэрэглэж, гоо үзэсгэлэн, авхаалж самбаа, ур чадвар, ухаанаа ашиглан байж эр нөхөр олж авах, түүнийгээ алдахгүй тогтоон барих учиртай гэсэн тогтсон хандлага бий.
Харин эрчүүдийн хувьд энэ бүхэн эсрэгээрээ. Зах хязгааргүй хээр тааваараа давхиж яваа зэрлэг адуутай тэднийг зүйрлэж болох юм. Эм хүйстнийг сургадаг гэр бүлийн хатуу шаардлагыг нийгэм хөвгүүдэд тавьж эр нөхөр байх, эцэг байх, эхнэрээ яавал урвуулж алдахгүй байх талаар хичээлийг зааж өгөх нь ховор. Тоосноосоо бусгаж, толгойгоороо тоглож яваа талын салхи шиг омголон залууг хэн нэг бүсгүй оосорлон барьж, арга ухаанаар тогтоон, аргадаж амьдрах жамтай. Атганаас нь алдуурах гээд байгаа эрийг базахын тулд бие давхар болж, дэргэдээ үлдээх нь бүсгүйчүүдийн хувьд “шилмэл” арга. Гэр бүл зохиохдоо ч эрчүүд дуртай дургүй байдалтай, аргагүйн эрхэнд бууж өгөх үзэгдэл түгээмэл. Хурим найрын үеэр эмэгтэйчүүд сүйт бүсгүйд цагаахан атаархах, азтайг нь гайхаж, булган сүүлд нь өртөх гэж баглаатай цэцгийг нь булаацалдан шүүрэх бол эрчүүдийн хувьд сүйт залууг эрх чөлөөгөө хасуулах ялд унаж, гав дөнгө зүүж, шоронгийн өрөөнд түгжигдсэн хоригдолтой зүйрлэсэн наргиа, ёжлол хийх нь түгээмэл. Эмэгтэй хүний нөхөн үржихүйн нас тодорхой хязгаартай тул аль болох эртхэн л гэр бүл зохиох “өрөнд” унана. Харин эрчүүдэд тийм “биологийн сэрүүлэг” байхгүй учир хэдэн ч нас хүртлээ гоонь эр хэвээр байх эрх бий. Нас явж, түрийвч зузаарч, үс бууралтах тусам “үнэ цэн” нь өснө гэж үздэг хэсэг ч байх. Байгалийн өгөгдөл, тогтолцоо, сэтгэлзүйн ялгаа ийм л байдаг гэдэгт, эрчүүд гэрлэлтээс битүүхэн дөлж, эмэгтэйчүүд уйгагүй дайрсаар ялалт байгуулж гэр бүл зохиодог гэх ойлголт тун саяхныг хүртэл бат үнэн байлаа.
“Гэрлэлт гэдэг чинь хүн төрөлхтний хамгийн том маркетингийн заль биш юм биз? Гэрлэсний дараах аз жаргалтай төгсгөл чинь хаана байна вэ? Биднийг бүх л амьдралын минь турш ийм зүйлд бэлдэж, итгүүлж байсан юм уу?”
Тун саяхан гэдгээрээ би үнэхээр л хүн төрөлхтөн үүссэн хугацаатай харьцуулбал тун саяхныг илэрхийлж байгаа юм шүү. Соёл иргэншил бий болсны дараа бид хэрэгтэй хэрэггүй олон нээлт хийсний нэг нь интернэт гэдэг зүйл байлаа. Интернэт бидний амьдралыг хэрхэн өөрчилсөн талаар сийрүүлэх нь илүүц биз. Харин нийтлэлийн сэдэвтэй хамаатуулбал интернэт сүлжээнд дэлхийн өнцөг булан бүрээс хэдэн ч насны хүмүүс холбогдож, юуны ч тухай хамаагүй хэлэлцэж болдогт оршино. Урд өмнө нь хөрш саахалтын өөртэйгөө ав адилхан амьдралын замналтай хүмүүстэй л харьцаж, амьдралыг харах өнцөг ч тэр хэрээр хязгаарлагддаг, их үсэрч уран зохиолын ном, киногоор хорвоог тольддог байсан хүмүүс гэнэт өмнө нь байдаг гэж төсөөлөө ч үгүй орны иргэдтэй харилцах боломжтой боллоо. Ярианы сэдэв цаг агаар, байгаль, хоол хүнс, соёл уламжлалаас улбаалаад нийгмийн харилцаа гээд янз бүрийн сэдвээр өрнөнө. Интернэтийн тоймгүй олон өнцгийн ганц буланд нэг эмэгтэй гэрлэлтийнхээ талаар гомдоллож эхлэх болжээ. Тэрээр бүтэн цагаар ажил эрхэлж мөнгө олохын зэрэгцээ, ар гэрийн бүх асуудлыг дааж, ядарч цөхөрсөн ч гомдоллох эрхгүй, нөхөртэй мөртөө ганц бие ээж шиг амьдарч байгаадаа сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлэв. Өөр нэг эмэгтэй адилхан байдалд байгаагаа тоочлоо. Удалгүй бас нэг өөр эмэгтэй нэмэгдэв. Тэдний тоо олширсоор нэг мэдэхэд хангалттай олон болжээ. Гайхалтай нь бүгд өөр өөр хэл, соёл, уламжлал, иргэншилтэй эмэгтэйчүүд боловч үл талархах, үл хүндлэх, үл үнэлэгдэх гэрлэлтэд гацсан гэдэг адилхан холбоо тэдэнд байв. Энэ үеэс эхлэн эмэгтэйчүүд “Гэрлэлт гэдэг чинь хүн төрөлхтний хамгийн том маркетингийн заль биш юм биз? Гэрлэсний дараах аз жаргалтай төгсгөл чинь хаана байна вэ? Биднийг бүх л амьдралын минь турш ийм зүйлд бэлдэж, итгүүлж байсан юм уу?” гэж асуух болов.
Эрдэмтэд эмэгтэйчүүдийн энэ асуултыг няцаахаар эрэл хайгуул, судалгаа шинжилгээ хийж эхэллээ. Гэтэл судалгаанууд гэрлэлтээс эмэгтэй хүн хожиж, эр хүн хохирдог гэх ойлголтуудыг бүрэн няцаагдаж, харин ч эсрэгээрээ эмэгтэйчүүд гэрлэлтээс болж сэтгэл санаа, санхүү, бие махбод, эрүүл мэндээрээ хохирдгийг баталчхав. Харин гэрлэлт гэх гав дөнгөнөөс үргэн зугтдаг эрчүүдийн хувьд гэр бүлтэй болсноор албан тушаал ахих, цалин нэмэгдэх, нийгэмд хүндлэгдэх, эрүүл байх бүр дундаж наслалт нь эрс өсдөг болж таарав. Гэрлэлт гэдэг систем хэнийг ялуулж, хэнийг ялагдуулах зохицуулалттай юм бэ гээд нэг өнгийгөөд үзье.
“Үгүй ер өө, гэр бүлтэй болчхоод тэднийг асарч халамжлахгүй гэдэг чинь юу гэсэн үг вэ? Чиний гол зорилго биш үү? Хийх ёстой ажлаа хийсний төлөө цалин авна гэж бодоо юу? Гэр орон, үр хүүхдээ эвтэйхэн аваад явах чинь тийм хэцүү эд биш”
Мичиганы их сургуулийн хийсэн судалгаагаар эмэгтэй хүн гэрлэснээр 7 хоногт хийх гэрийн ажил нь долоон цагаар нэмэгддэг гэжээ. Ганц бие бүсгүйтэй харьцуулахад сард эхнэр үндсэн ажлын хажуугаар хийдэг гэрийн ажил дээрээ 28 цаг илүү ажиллах нь. Харин гэрлэсэн эрчүүд ганц бие залуустай харьцуулахад 7 хоногт хийх гэрийн ажил нь ердөө ганцхан цагаар нэмэгдсэн байна. Хүүхдийн тоо нэмэгдэх тутам эхнэрийн ачаалал өсөж, нөхрийнх төдийлөн өөрчлөгддөггүй хэвээр. Товчхондоо нөхөртэй болсноор ямар ч цалингүй, хагас цагийн ажлын ачаалал сайн дураараа үүрнэ гэж ойлгож болох нь. Хүүхэд нэмэгдэх тоогоор, мөн хоёр талын аав ээжийн нас өндөр болж, асарч тойглоход ч мөн эмэгтэйчүүд л дайчлагдана.
-“Үгүй ер өө, гэр бүлтэй болчхоод тэднийг асарч халамжлахгүй гэдэг чинь юу гэсэн үг вэ? Чиний гол зорилго биш үү? Хийх ёстой ажлаа хийсний төлөө цалин авна гэж бодоо юу? Гэр орон, үр хүүхдээ эвтэйхэн аваад явах чинь тийм хэцүү эд биш” гэж хэлж магадгүй л юм. Гэтэл ээжүүд хүүхдийн тооноос шалтгаалаад 7 хоногт 51-98 цагийн хөдөлмөр буюу 2.5 бүтэн цагийн ажилтай дүйцэх хөдөлмөр эрхэлдэг байна. Үүн дээр нэмэгдээд бүтэн цагийн ажил эрхэлдэг бол хэр их ачаалал авдгийг тооцоолох бэрх биш. Махан бие, цусан зүрхнээс бүрдэх хүн 7 хоногийн 7 өдөр 14 цаг ажил эрхлэхэд ядрах, туйлдах, бухимдах үе тохиох нь мэдээж. Асрахуйн, ар гэрийн ажлын ачааллыг хамтрагч нь тэнцүү хуваалцан хийх үү, том хүүхдийн дүрд хувирах уу гэдгээс гэр бүлийн сэтгэл ханамжийн дийлэнх хувь хамаардаг ажээ. Эр нөхрүүд ажил хийж гэр бүлээ тэжээн тэтгэж байгаа нь үнэн боловч амьжиргааны өртөг тэнгэрт тулсан орчин цагт нэг хүний орлогоор амьдрах хангалтгүй болж, ихэнх тохиолдолд эхнэр нөхөр хоёулаа ажил эрхэлж байгаа нь үнэн. Гэртээ хүүхдээ асарч буй эмэгтэй ч бодит байдал дээр бүтэн цагийн ажил хийснээс илүү ачаалал үүрдэг ажил хийж байгаа учир гэрийн ажилд гар хүрэхгүй гэж өөрийгөө өмөөрөх нь оновчтой аргумент болж чадахгүй нь ээ.
Сүүлийн үед та чадваргүй байдлаараа зэвсэглэх (weaponised incompetence) гэдэг хэлцийг хаа нэгтээ олж харсан байж магадгүй. Энэ нь өөрийн хүлээх үүрэг хариуцлагыг булзааруулж, цаашдаа мултарна гэсэн тооцоололтойгоор чадах зүйлээ чадахгүй мэт аашлах, санаатайгаар дутуу юм уу буруу гүйцэтгэх заль юм. Хоол хийх гэж байгаад түлчихлээ, хувцас угаахдаа өөр өнгө холиод будагтай болгочихлоо, дэлгүүр явуулахад олохгүй буруу юм аваад ирлээ гэх мэт насанд хүрсэн хүний наад захын чадварыг эзэмшээгүй нөхрүүд бүх хариуцлагыг эхнэрийнхээ мөрөн дээр үлдээдэг нь асар түгээмэл байдаг нь интернэтийн ачаар улам бүр тодорч байна. Ийм байдалтай удсанаар юу тохиолддог вэ гэвэл эхнэрийн хувьд хүүхдүүдийнхээ хажуугаар нөхрийнхөө ээжийн үүргийг гүйцэтгэж эхэлнэ. Хүүхэдтэй адил байр сууринд очсон нөхөртөө эмэгтэй хүн татагдах, бэлгийн харилцаанд орох хүсэл нь унтрах бөгөөд энэ нь цэвэр байгалийн жам аж. Нөхрөө асарч бөөцийлөх үед эмэгтэй хүнд дааврын өөрчлөлт явагдаж, бэлгийн дур өдөөгч дааврын ялгарал буурна. Улмаар нөхөртэйгөө секс хийх буруу, таагүй мэдрэмж төрж, байнга ядарч байна, толгой өвдөж байна, хүсэхгүй байна хэмээн зугтах шалтаг хайж олно. Ийм тохиолдолд дотно харилцаа, хүндлэлээр цангаж, гачигдсан нөхрүүд эхнэрээ хуурах, араар тавих үйлдэл гаргах нь олонтоо. Энэ тохиолдолд эхнэрүүд нөхрийнхөө өмнөөс сэтгэлзүйн хөдөлмөр эрхлээгүй хэмээн өөрийгөө буруутгаж, уучлах эс бөгөөс гэр бүлээ цуцлуулж, хүүхдээ өнчрүүлсэн хэрэгтэн болж мөн л буруутах хоёр замтай нүүр тулна.
Фред Хатчинсоны хорт хавдрын судалгааны төвөөс гол гонсойм нэгэн судалгааны үр дүнг зарласан юм. Хорт хавдрын эерэг онош хүлээн авсан нийт хүмүүсийн 11.6 хувь нь гэрлэлтээ цуцлуулдаг байна. Хачирхалтай нь шинээр ганц бие болж буй хүмүүсийн хүйсийн харьцаа үлэмж ялгаатай. Хорт хавдар буюу эдгэшгүй өвчин туссан эмэгтэйчүүдийн 20.8 хувь нь нөхөртөө хаягддаг бол эрэгтэй өвчтөний хувьд эхнэртээ хаягдах магадлал 2.9 хувь байдаг байна. Өөрөөр хэлбэл эдгэшгүй хүнд өвчин туссан эмэгтэйчүүд нөхөртөө хаягдах магадлал зургаа дахин олон ажээ.
Энэ юуг илэрхийлж байна вэ гэхээр өнөөх л эмэгтэй хүнийг асрагч, халамжлагч, орон гэрийг нуруун дээрээ үүрч явдаг үйлчилгээний ажилтан гэж үздэг нийгмийн хандлагаас улбаатай. Нийгмийн зүгээс эмэгтэйчүүдэд асрахуйн ачааллыг бүрэн даалгаж, эрэгтэй хүүхдэдээ бусдыг хэрхэн асрах, халамжлах, хайрлаж энэрэхийг сургадаггүй, зөвхөн үйлчилгээ хүртдэг нэгэн болгож хувиргадаг байх нь. Эхнэр үйлчлэх, халамжлах үүргээ биелүүлэх чадваргүй болсон тохиолдолд буюу өөрт нь ашиггүй болсон үед хаяж, орлуулдаг ажээ.
Тэгэхээр хамгийн халамжтай, эр нөхрөө хүндлэн дээдэлж, ахуйн ажилд хурууг нь хүргэдэггүй эхнэр хүртэл хөдөлмөрийн чадвараа алдах юм бол өвчинтэйгөө тэмцээд ганцаар хоцрох магадлал тавд нэг байх нь ээ.
Хэд хэдэн судалгаагаар гэрлэлт эрчүүдэд албан тушаал, санхүү болон эрүүл мэндийн хувьд ашигтай байдгийг батлаад байна. Гэр бүлтэй болсон эр ажлын байранд илүү хариуцлагатай, хүндлэл хүлээм харагддаг тул албан тушаал ахих, цалин нэмэгдэх магадлал тэр хэрээр өсдөг байна.
Аз жаргалтай эрүүл гэрлэлт эхнэр, нөхрийн эрүүл мэндэд адилхан ашигтай. Харин хоорондоо ойлголцож чаддаггүй, тогтмол маргадаг, хүйтэн хөндий гэрлэлтийн үед эмэгтэйн зүрхний үйл ажиллагаа доголдох магадлал өсдөг бол эрчүүдэд тийм эрсдэл байдаггүйг Америкийн сэтгэлзүйн хүрээлэнгийн судалгаагаар тогтоожээ.
Харвардын Эрүүл мэндийн сургуулиас 127,545 америк эрэгтэйн дунд хийсэн судалгаагаар эхнэртэй эрчүүд хэзээ ч гэрлэж байгаагүй юм уу гэрлэлтээ цуцлуулсан эрчүүдтэй харьцуулахад эрүүл байгаа нь тогтоогджээ. Эр хүний гэрлэлт хэдий чинээ урт үргэлжилнэ, төдий чинээгээр нас нь уртасдаг байна. 3682 хүнийг 10 жилийн турш судалсан Фреймингхамын судалгааны үр дүнд гэр бүлтэй эрчүүд ганц бие эрчүүдтэй харьцуулахад нас барах магадлал 46 хувиар бага байсан байна. Бүр хөгшрөлт, таргалалт, тамхи, даралт, чихрийн шижин, холестеролын төвшин гэх мэт эрсдэлт хүчин зүйлүүд байсан ч гэсэн шүү дээ.
Эрдэмтэд үүнийг эмэгтэй хүн гэр бүлдээ эрүүл амьдралын хэв маяг, зөв дадал зуршилд уриалдагтай холбон тайлбарлаж байна. Эхнэрийн нөлөөгөөр эрчүүд тамхи татах, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх зэрэг хорт зуршлаа багасгаж, эрүүл хооллож, дасгал хөдөлгөөн хийх нь нэмэгдэнэ. Үүнээс гадна эмэгтэйчүүд нөхрөө эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдах, өөртөө анхаарал тавихад анхаардаг. Мөн эрчүүдийн хамгийн том чимээгүй алуурчин бол ганцаардал билээ. Ганцаардал хүйсээс үл хамааран бие болон сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, дархлаа сулруулах, үрэвсэл, зүрх судасны өвчин үүсгэх хүчин зүйл болдог ч эрчүүд ганцаардалд илүү хүчтэй өртдөг юм. Энэ сэдвийг дараагийн дугаараар дэлгэрүүлэн тайлбарлая.
Олон улсад гэр бүл цуцлуулах шийдвэрийг ихэвчлэн эмэгтэйчүүд гаргаж байна. Гэр бүлээ дөнгөж цуцлуулсны дараа эмэгтэйчүүдийн 53 хувь нь аз жаргалтай байдаг бол 66 хувь нь салсны дараа амьдралын чанар нь сайжирсан гэж мэдэгджээ. Салснаасаа 12 сарын дотор 61 хувь нь шинэхэн хайр дурлалтай учирдаг боловч дахин гэрлэх магадлал салсан эрчүүдийнхээс бага байдаг байна. Гэр бүлээ цуцлуулсан бүсгүйчүүдээс 2 жилийн дараа шийдвэртээ хэр сэтгэл хангалуун байгааг асуухад 57 хувь нь өмнөхөөсөө жаргалтай болсон хэмээн Лондоны Кингстон их сургуулийн судалгаанд дурдагджээ.
Мөн Лондоны Эдийн засгийн сургуулийн Зан төлөв судлалын профессор Пол Долан хамгийн аз жаргалтай, эрүүл, амьдралд сэтгэл хангалуун бүлэг бол гэр бүл, хүүхэдгүй ганц бие эмэгтэйчүүд, хамгийн богино насалдаг, аз жаргалын индексээр ганц бие эрчүүд сүүл мушгиж яваа хэмээн мэдэгдсэн. Ноён Долан нэмж: “Хэрэв та эрэгтэй хүн бол яаж ийж байгаад гэрлэсэн нь дээр биз. Харин эмэгтэй хүн бол аль болох гэрлэлтээс зугт” хэмээн нэмж хэлэв.
Жендерийн уламжлалт хандлага, эцэг эрхт ёсны ноёрхлоороо алдартай Өмнөд Солонгос улсын нэг эмэгтэйд ноогдох төрөлт 0.72 бөгөөд дэлхийн хамгийн бага төрөлттэй улсаар тодорсон. Энэ байдлаараа төрөлт буурсаар байвал тус улсын хүн ам 2100 он гэхэд 50 хувиар буурах төлөвтэй байгаа аж. Амьдралын зардал, байрны үнэ, хүүхэд өсгөх өртөг зэрэг санхүүгийн бэрхшээлүүд уг сэдэвт чухал нөлөө үзүүлж байгаа нь маргаангүй боловч солонгос эмэгтэйчүүдийн тэмцлийг дурдахгүй өнгөрч хэрхэвч болохгүй.
2019 оноос эхлэн солонгос бүсгүйчүүд 4B (4 Үгүй) хөдөлгөөнийг өрнүүлэн тав дах хавраа үдэж байна. “1982 онд төрсөн Ким Жи Ён” номоос сэдэл авсан уг хөдөлгөөн нь эмэгтэйчүүдэд эрэгтэй хүнтэй секс хийх, болзох, гэрлэх, хүүхэд төрүүлэх дөрвөн үйлдлийг огт хийхгүй байхыг уриалдаг юм.
Солонгос эмэгтэйчүүдийн цалин адил албан тушаалтай эрчүүдийнхээс 31 хувиар бага, хүүхэд төрүүлсний дараа ажлаа үргэлжлүүлэн эрхлэх боломж ховор, нөхрүүд хүүхэд өсгөх, ар гэрийн ажилд оролцдоггүй, гоо сайхны өндөр стандартаа тулгадаг зэрэг олон шалтгаанаас болж өндөр боловсрол эзэмшсэн эмэгтэйчүүд ганц бие амьдрах замыг сонгож байна.
Улс үндэстэн хүн амаа цөөрүүлэхгүй барьж, цаашид оршин тогтнохын тулд нэг эмэгтэйд ноогдох төрөлтийн тоо 2.1 байх ёстой байдаг. Өмнөд Солонгосын засгийн газраас сүүлийн 20 жилд төрөлтийг дэмжихийн тулд 286 тэрбум ам.долларыг зарцуулж, хүүхэд төрүүлсэн хосуудад боодол боодол мөнгө амлаад ч ач тусыг үзсэнгүй. Харин солонгос эмэгтэйчүүдийн хувьд засгийн газар болон солонгос эрчүүд тэдний тавьсан шаардлагыг ойлгохыг хичээхгүй, өөрчлөгдөхийг хүсэхгүй байгаад улам бүр хэгжүүрхэж байгаа аж. Хүйсээр ялгаварлах үзэл гүн шингэсэн Өмнөд Солонгост эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, бэлгийн халдлага, ажлын байрны дарамт, хүүхэдтэй ээжүүдийг ялгаварлах зэрэг үзэгдэл дэндүү түгээмэл байдгаас залхсан эмэгтэйчүүд энэ байдлыг өөрчлөхгүй бол үндэстнээрээ мөхөцгөөе гэсэн байр суурийг баримталж байна. Солонгосын засгийн газраас “Эмэгтэйчүүд зөрүүд зангаасаа болж үндэстнээ үгүй хийх замыг сонгож байна” хэмээн буруушааж байгаа бол эмэгтэйчүүд “солонгос залуус алдаагаа засахын оронд үндэстнээ үгүй хийх замыг сонгож байна” гэж үздэг.
Муухан амьдрахыг би ганцаараа ч чадна, амьдралд минь орж ирсэн бол сайжруулдаггүй юм гэхэд битгий дордуулаач гэсэн эмэгтэйчүүдийн тун ойлгомжтой зурвас яагаад ч юм зорилтот бүлгийн чихэнд хүрэхдээ өөр дуу чимээ болон хувирч, тайлал нь өөрчлөгдсөөр.
4B хөдөлгөөний эрч Өмнөд Солонгосоос давж, өөр орны бүсгүйчүүдэд нөлөөлөх хандлага ажиглагдаж байгаа нь орон орны эрх баригчдын санааг зовоож буй. Дэлхий даяар “Агуу салалтын эрин” эхэлчхээд байхад нэмээд төрөлт буурах юм бол эдийн засаг, хөдөлмөрлөх хүч, худалдаа наймаа, аялал жуулчлал гээд л хохирол амсах салбар тоймгүй олон. Тэгээд яах ёстой юм бэ?
Гаргалгаа таны бодож байснаас ч энгийн. Муухан амьдрахыг би ганцаараа ч чадна, амьдралд минь орж ирсэн бол сайжруулдаггүй юм гэхэд битгий дордуулаач гэсэн эмэгтэйчүүдийн тун ойлгомжтой зурвас яагаад ч юм зорилтот бүлгийн чихэнд хүрэхдээ өөр дуу чимээ болон хувирч, тайлал нь өөрчлөгдсөөр. Эрчүүдийн сонсож, итгэж ирсэн бүхнийг энэ нийтлэл үгүйсгэсэн байж болох юм. “Уг нь эмэгтэйчүүд хуримын бөгжний араас хөөцөлдөж, бид гэдийх ёстой бишсэн бил үү? Яг юу болоод байна аа” гэж бодож магадгүй. Гэвч өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөх, дасан зохицох нь байгалийн шалгарал, амьд үлдэх хамгийн анхны алхам шүү дээ.
Ашиггүй гэрээ хийхийг хэн ч хүсдэггүй гэдэг тун энгийн ойлголтыг санагтун. Гэрлэлт ч мөн хамтын амьдралын гэрээ мөн учир талууд аль аль талдаа ашигтай буюу win-win байх алтан дүрмийг мөрдөх үед салалтаас, ганцаардлаас айх шаардлагагүй болно. Өөрчлөгдөж буй ертөнцөд эхнэртэй (эхнэрийг дагасан эд хөрөнгө, эрүүл мэнд урт настай) байхын тулд эр хүнд дассан дадлаа өөрчилж, тав тух, залхуурлаас татгалзах багахан шаардлага үүсээд байна. Эмэгтэй хүнд оноогддог хөдөлмөрийн тэгш бус хуваарилалтыг хүлээн зөвшөөрөх, эхнэртээ ажил нэмж удахын оронд ачааллыг хуваалцах, түүний том хүү нь бус насанд хүрсэн хамтрагч шиг байх зэрэг энгийн хэдхэн зарчим баримталж чадвал “Агуу салалтын эрин”-ээс айх ямар ч шалтгаан танд үлдэхгүй. Эс бөгөөс эмэгтэйчүүдийн тэгш эрх эдлэхийг эсэргүүцэж, буцаан хумих, хүчээр богтлон гэр бүл болгож хүүхэд төрүүлэх зэрэг албадлагын чанартай бодлого боловсруулахад уриалж болох юм. Гэхдээ амжилт олох баталгаа өгч чадахгүй л болов уу?
(Энэхүү нийтлэлийг бичсэн зорилго эмэгтэйчүүдийг гэрлэлтээс татгалз, хүүхэд битгий төрүүл гэж уриалах, аль нэгэн хүйсийг шалтгаангүй харлуулах байсангүй. Харин ч ховор тохиох завшаанаар эн тэнцүү, аз жаргалтай гэр бүл үүсгэж чадсан нэгний хувьд, эрчүүддээ аз жаргалтай, бат бэх харилцаа үргэлжлүүлэх “шипи” өгөхийг зорьсон билээ. Нийтлэлч чи эсрэг хүйстнээ үзэн ядах хувийн итгэл үнэмшил, үзэл бодлоо бусдад тулгаж байна гэж үзэх нэгэн байж магадгүй. Нийтлэлээ бичих үедээ миний бие маш ихээр хайрладаг нөхөртэйгөө зөвлөлдөж, харах өнцгийг нь сонсож байсан болно. Нийтлэлд дундаж эрчүүд болон эмэгтэйчүүдэд үзүүлэх гэрлэлтийн нөлөөг практик болон шинжлэх ухаанаар тайлбарласан боловч энэ нь гэрлэлт бүр яг ийм байна гэсэн үг мэдээж биш. Нийтлэлч миний бие эсрэг хүйстнээ үзэн ядагч бүр ч биш билээ.)
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт