Хэрэв та аялалд гарч чадахгүй бол аялал тан дээр ирнэ
Энэ зун амралтаа авч, аялалд гарах төлөвлөгөө тань талаар өнгөрч байна уу? Гуниглах хэрэггүй. Учир нь амьдарч буй орчин тойрноо өөрчилснөөр сэтгэл санаагаа дээшлүүлэх боломжтой.
Аялал, амралтын үеэр хайхрамжгүй, баяр баясгалантай мэдрэмж төрж байсан бол доорх зөвлөгөөнүүдийг хэрэгжүүлж гэрээсээ гаралгүй тэдгээр мэдрэмжүүдээ сэргээж болно.
Амралтын газрын декор
Далайн эрэг дээрх зочид буудлыг санагдуулах хамгийн энгийн арга бол гэрийнхээ интерьерийг ижил стилиэр тохижуулах юм. Үүний тулд заавал нүсэр тавилга, чимэглэл худалдан авах шаардлагагүй. Харин ердөө л зэгсэн хайрцаг, сагс, гоёмсог хясаа, далайн чулуу, өвөрмөц хэлбэртэй мод гээд аяллын үеэр авч байсан зүйлсээ ил гаргаж ирэхэд л хангалттай. Мөн хүнд, бараан өнгийн хөшгөө цайвар, хөнгөн хувилбараар сольж, хулс модоор хийсэн тавиур, маалингын утсаар хийсэн гэрлийн бүрхүүл, сүлжмэл сандал, далайн хээтэй дэр зэрэг аяллыг санагдуулам эд зүйлсээр гэрээ тохижуулаарай. Хэрэв та тагтаa агуулах болгон ашигладаг бол энэ зуршлаа мартахыг зөвлөж байна. Үүний оронд тагтаа Грек эсвэл Сицил стилиэр тохижуулан, ном уншиж, бясалгал хийх өөрийн дуртай газраа болгоорой.
Халуун орны үнэр
Наран шарлагын газар, таван одтой резортыг гэртээ авчрахын тулд мэдээж хэрэг эфирийн тостой үнэртүүлэгч эсвэл лаа ашиглах хэрэгтэй. Лемонграсс, плюмерия ба халуун орны жимсний үнэр нь танд нарлаг өдрүүд болон халуухан шөнийг санагдуулах болно. Сэтгэл сэргээх эсвэл тайвшруулах гээд та зөвхөн өөрийн хүслээрээ л үнэрээ сонгох хэрэгтэй юм шүү.
Таван одтой унтлагын өрөө
Цасан цагаан даавуу, хөвсгөр дэр, торгон бүтээлэг гээд таван одтой зочид буудлын цэвэр цэмцгэр ор өөрийн эрхгүй сэтгэл ханамж өгдөг билээ. Тэгвэл өөрийн унтлагын өрөөнөөсөө ийм мэдрэмжийг авч яагаад болохгүй гэж? Чанартай цагаан хэрэглэл (Египет хөвөн даавуу байвал сайн) авахад мөнгө зарцуулж, шинэ дэр (ямар ч тохиолдолд таван жил тутам дэрээ сольж байх нь зүйтэй) худалдан авч, зочид буудлынх шиг хэрхэн ороо хураахыг Youtube тавцангаас сурч болно.
Угаалгын өрөөний спа
Түүнчлэн таны угаалгын өрөө яагаад таван одтой зочид буудлын спа салон шиг харагдаж болохгүй гэж? Энгийн шүршүүрийн толгойг аадар бороо шиг гэх мэт олон янзын тохиргоотойгоор солихын зэрэгцээ алчуур болон угаалгын өрөөний эд зүйлсээ шинээр худалдан аваарай. Таны угаалгын өрөө загварлаг, тав тухтай байх ёстой. Мөн хөвсгөр, зөөлөн халаат худалдан авахаа мартав аа.
Гэрийн ширэнгэн ой
Хүн байгальтай салшгүй холбоотой. Тийм ч учраас бид далай, нуур, ой модны дэргэд байхдаа гүн гүнзгий тайвшралыг мэдэрдэг. Гэртээ тасалгааны ургамал, ваартай цэцэг ургуулж, алтан загас тэжээх нь танд амар амгаланг бэлэглэх болно. Мөн өдрийн цагаар хөшгөө нээж, нарны гэрэл оруулан, өдрийн D аминдэмийн хэрэгцээгээ авахыг санал болгож байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт