"Видео тоглоомын Netflix" үйлчилгээгээ танилцууллаа
Яг одоо Сaн-Франциско хотноо "Gaming Development Conference 2019" буюу видео тоглоом хөгжүүлэгчдийн чуулган болж байна. Энэхүү чуулганы үеэр Google компани Stadia хэмээх видео тоглоомын шинэ платформоо танилцууллаа.
Stadia платформ нь хэрэглэгчдэд видео тоглоомуудыг төхөөрөмждөө заавал суулгахгүйгээр ердөө Wi-Fi сүлжээнд холбогдон платформ дээрх тоглоомуудыг тоглох боломжийг олгох юм. Нэг үгээр бол "видео тоглоомын Netflix" үйлчилгээ гэдгийг Google компани онцоллоо. Stadia платформыг ашиглахын тулд тоглогчид нэмэлт тоног төхөөрөмж шаардлагагүй бөгөөд гар утас, таблет, компьютер гээд аль ч төрлийн дэлгэцэн дээр ажиллах боломжтой ажээ.
Түүнчлэн Google компани Stadia платформд зориулсан тоглоомын гар танилцуулсан байна. Хэрэв хэрэглэгч энэхүү тавцанд Google Сhrome хөтчөөр дамжуулан орсон тохиолдолд уг тоглоомын гарыг ашиглан тоглох боломжтой байна. Stadia платформ 2019 онд багтан АНУ, Их Британи, Канад болон Европын зарим орнуудад ашиглалтад орохоор төлөвлөгдсөн ба Stadia дээрх хамгийн анхны тоглоомоор "Doom Eternal" болон "Assassin's Creed Odyssey" тоглоомууд сонгогджээ.
Дашрамд дурдахад Google компани видео тоглоомын салбарт нэгдэхээр олон жилийн турш төлөвлөн ажилласан бөгөөд тэд Sony Studios болон Xbox компанийн захирал асан Фил Харрисон, “Assassin's Creed” тоглоомын продюсер Жейд Рэймонд зэрэг видео тоглоомын мэргэжилтнүүдийг багтаа элсүүлсэн билээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт