Хүүхдийн инээд хөөрөөр дүүрэн Букингемийн ордон
Энэ онд хатан хааны гэр бүлд шинээр гурван үрс мэндэлж хатан хаан ийнхүү нийт 11 зээнцэр болон жичтэй боллоо. Бид Их Британийн хаан ширээг залгамжлах жагсаалтад багтдаг тэдгээр өхөөрдөм бяцхан үрсийг төрсөн он, сар, өдрийнх нь дэс дарааллаар илүү дэлгэрэнгүй танилцуулж байна. Танд сануулахад, зээнцэр гэж охины хүүхдийн хүүхдийг нэрлэнэ, жич гэж хүүгийн хүүхдийн хүүхдийг нэрлэнэ.
Саванна Филлипс
Төрсөн огноо: 2010 оны арванхоёрдугаар сарын 29
Хатан хаан II Элизабетийн зээ хүү болох Питер Филлипсын том охин Саванна нь хатан хааны анхны зээнцэр юм. Тэрээр хаан ширээ залгамжлах жагсаалтын 16-д байрлаж байна. Мэддэг хүмүүс нь түүнийг дүрслэхдээ маш нийтэч бөгөөд сахилгагүй хүүхэд гэж хэлсэн байдаг. Тэр ч үнэн байх. Яагаад гэвэл Саванна бүх л арга хэмжээн дээр дэггүйтэх, хөгжилтэй царай гаргах зэрэг үйлдлүүдээрээ олны дунд танигдсан юм.
Айла Филлипс
Төрсөн огноо: 2012 оны гуравдугаар сарын 29
Саваннатай насны зөрүү бага учир тэд маш дотно найзууд шиг эгч дүүс юм. Гэхдээ эгчийгээ бодвол арай тайван бөгөөд дуулгавартай ааш араншинтай байна. Айла аав Питер Филлипсээсээ салдаггүй бөгөөд түүний мөрөн дээр суух боломжийг хэзээ ч алддаггүй.
Хунтайж Жорж
Төрсөн огноо: 2013 оны долдугаар сарын 22
Хунтайж Уильям ба Кейт Миддлтон нарын ууган хүү хэзээ нэгэн цагт Их Британийн хаан ширээг өв залгамжлах болно. Тэрээр дарааллаараа гуравт жагсдаг. Харин тэр хооронд жаал хүү үе тэнгийнхний хийдэг жирийн зүйлсийг хийж байна. Хунтайж Жорж сургуульдаа явж, хоёр дүүтэйгээ хөгжилдөн наадан цагийг өнгөрөөдөг. Нэмж хэлэхэд, хунтайж төрсөн цагаасаа л дурангийн гэрэлд өртөж явсан ч хэт их анхааралд дургүй тул албан ёсны арга хэмжээнд эцэг эхтэйгээ аль болох явахгүй байхыг хичээдэг гэнэ.
Миа Тиндалл
Төрсөн огноо: 2014 оны нэгдүгээр сарын 17
Хатан хааны зээ охин Зара Тиндаллын анхны хүүхэд. Бяцхан Миагийн хүүхэд нас спортоор дүүрэн өрнөж байна. Түүний аав Майк Тиндалл регбигийн тамирчин бөгөөд ээж нь морин спорт сонирхдог. Тийм ч учраас охиныг ихэвчлэн морь унах уралдаан тэмцээн үзээд сууж байхыг харж болно. Мөн Миа хөлбөмбөг тоглох дуртай тул охин ирээдүйд спортын ертөнцөд амжилт гаргах нь гарцаагүй юм.
Шарлотта гүнж
Төрсөн огноо: 2015 оны тавдугаар сарын 2
Шарлотта гүнж хаан ширээг залгамжлах дөрөв дэх хүн юм. Бяцхан гүнж анхаарлын төвд их байдаг бөгөөд үүндээ ч их дуртай. Гэрэл зурагчдыг харах даруйдаа мишээж, гоёмсог даашинзуудаа гайхуулаад сурсан тэрээр Англичуудын хайрыг татсан нэгэн билээ.
Хунтайж Луи
Төрсөн огноо: 2018 оны дөрөвдүгээр сарын 23
Хунтайж Жорж болон Шарлотта гүнж нарын өхөөрдөм бяцхан дүү. Одоогоор арга хэмжээнүүдэд оролцох нь бага ч түүний үг бол зарлиг гэдгийг хатан хааны гэр бүлийн гишүүд бүгд мэднэ.
Лена Тиндалл
Төрсөн огноо: 2018 оны зургаадугаар сарын 18
Миагийн бяцхан дүү Ленаг эцэг эх нь аль болох жирийн хүүхэд шиг амьдруулахыг хичээдэг тул Австрали улс руу гэр бүлээрээ нүүхээр төлөвлөж байна. Түүнчлэн охиныг хэвлэл мэдээллийнхнээс хол байлгаж, түүний талаар их яриад байдаггүй юм.
Арчи Маунтбеттен-Виндзор
Төрсөн огноо: 2019 оны тавдугаар сарын 6
Хунтайж Харри болон Меган Маркл нарын ууган хүү мэндэлсэн нь бараг л 2019 оны хамгийн баяртай үйл явдал болж байсан. Арчи амьдралынхаа эхний зургаан сарын хугацаанд эцэг эхийнхээ хамт Ибица, Ницца болон Өмнөд Африкаар аялаад амжсан бөгөөд анхны зул сарын баяраараа Канад улсад очин тэнд хагас жил болсон билээ. Залуу гэр бүл өнгөрсөн жилийн гуравдугаар сард АНУ-ын Калифорни муж руу нүүж тэндээ суурьшиж байна.
Огаст Бруксбэнк
Төрсөн огноо: 2021 оны хоёрдугаар сарын 9
Хатан хааны ач Евгения гүнжийн ганц хүү юм. Энэ хорвоод мэндлээд удаагүй байгаа ч ээжийнхээ Instagram хуудсаар дамжуулан од болж байгаа бөгөөд дэлхийн өнцөг бүрийн дагагч нар энэхүү гэр бүлд сайн сайхныг хүсэж байна.
Лукас Тиндалл
Төрсөн огноо: 2021 оны тавдугаар сарын 21
Миа, Лена нарын эцэг эх хүүтэй болохыг маш их мөрөөддөг байсан. Харин саяхан тэдний хүсэл биелэн Лукас хүү төрсөн билээ. Зара Тиндалл эмнэлэгт очиж амжаагүй тул Лукас угаалгын өрөөнд мэндэлсэн болохыг хүүгийн эцэг Майк өөрийн подкастаар дамжуулан хэлсэн юм. Мөн тэрээр “Тэр үед би сандран спорт заал руу хивс авчрахаар гүйж угаалгын өрөөний шалан дээр дэлгээд дээр нь алчуур тавьсан” хэмээн төрөлтийн үйл явцаас хуваалцжээ.
Лилибет Маунтбеттен-Виндзор
Төрсөн огноо: 2021 оны зургаадугаар сарын 4
Энэ сард мэндэлсэн бяцхан Лилибет эцэг Харри, эх Меган болон бусад хатан хааны гэр бүлийн гишүүдийн хооронд үүссэн таагүй харьцааг сэргээж чадах байх гэж хүмүүс үзэж байна. Лилибет одоогийн байдлаар эцэг, эх болон Арчи ахынхаа хамт АНУ-д амьдарч байгаа билээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт