Загварын ертөнц хөгжилтэй байх боломжгүй гэж ер нь хэн хэлсэн юм бэ? Төрөлхийн хошин шогийн мэдрэмж, бүтээлч чанар, гярхай нүд ба фотошоп дээр ажиллах чадвар байхад л элэг хөшөөм, онцгой бүтээлүүд бий болох нь тэр. Жишээ нь тайзан дээрх загвар өмсөгчдийг хэний ч төсөөлөөгүй газар байрлуулж чаддаг @siduations, фотошопын мастер @copylab, хошин шогийн нарийн мэдрэмжээрээ алдартай @angelicahicks болон бусад олон Instagram хуудаснууд таны өдрийг улам бүр гэгээлэг болгоно гэдэгт бид итгэлтэй байна. Харин одоо Instagram дахь хамгийн хөгжилтэй загварын хуудаснуудтай танилцаж, яагаад тэднийг заавал дагах хэрэгтэйг дэлгэе.
Загвар ба урлагийн нэгдэл
@copylab нэртэй энэхүү хуудасны ард Крис Реллас гэх 22 настай залуу байдаг аж. Тэрээр Рембрант, Леонардо да Винчи, Фрида Кало зэрэг домогт уран бүтээлчдийн суут бүтээлүүд дээр алдартай брэндүүдийн хувцас, аксесуар нэмж эсвэл нүүр будалт хийж, хөгжилтэй зургуудыг бүтээдэг байна. Жишээ нь түүний бүтээлд Prada-г чөтгөр биш харин Мона Лиза өмсөж байгаа харагдана.
Загварын ертөнцийг өөр өнцгөөс
Krupp Group гэх загварын PR агентлагийн дэд ерөнхийлөгч Сидни Праватиотины сонирхол 58,000 дагагчтай @siduations нэртэй нөлөө бүхий хуудас болтлоо хөгжжээ. Хэрэв та брэндүүдийн шинэ цуглуулгыг танилцуулж байгаа загвар өмсөгчдийг өдөр тутмын, хөгжилтэй нөхцөл байдалд харахыг хүсвэл энэхүү хуудсыг дагаарай.
Анжелика Хиксийн хөгжилтэй иллюстрациуд
Их Британийн иллюстратор Анжелика Хикс Gucci брэндтэй хамтран хөгжилтэй зургуудтай футболкуудыг гаргаж загварын ертөнцөд танигдсан билээ. Гэхдээ тэрээр энэхүү төслөөс өмнө загварын салбарыг егөөдсөн бүтээлүүдээ өөрийн @angelicahicks гэх Instagram хуудастаа нийтэлдэг байсан нь Gucci-гийн бүтээлч захирал Алессандро Микелегийн нүдэнд өртсөнөөр тэдний хамтын ажиллагаа эхэлсэн байна. Уран бүтээлч бүсгүй одоо ч гэсэн өөрийн хуудсаараа дамжуулан загвар, урлаг соёл ба нийгэм рүү чиглэсэн хөгжилтэй, өнгөлөг зургуудаа харуулсаар байгаа юм.
Харри Поттер ба кутюр загвар
Харри Поттерын шидэт ертөнц болон Dior загварын ордныг шүтдэг бол танд @gryffindior гэх хуудас гарцаагүй таaлагдана. Тухайлбал Dior-ын хавар-зун 2017 цуглуулгад багтсан арьсан берет малгай өмссөн профессор Дамблдорыг харж, Мария Грация Кьюригийн зохион бүтээсэн хүрэм Хермайнид зохиж байгаа эсэхийг эндээс дүгнээрэй.
"Buffy" цувралын жүжигчин алдартнуудыг дуурайж байна
Та "Buffy the Vampire Slayer" цувралын жүжигчин Том Ленк сүүлийн хэдэн жилд юу хийж байгаа тухай гайхаж байв уу? Тэгвэл тэрээр саяхнаас нэгэн шинэ хоббитой болжээ. Тодруулбал жүжигчин залуу @tommylenk гэх Instagram хуудастаа алдартнуудыг элэглэж, тэдний өмссөн хувцсыг паста гоймон, ванны алчуур болон бусад эд зүйлс ашиглан яг таг дуурайн, хөгжилтэй дүр төрх бүтээж байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт