Ирээдүйн хот: Саудын Араб 500 тэрбум ам.доллараар цоо шинэ хот босгоно

NEOM

Өчигдөр Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мужаммед бен Сальман Улаан тэнгисийн эрэг дээр цоо шинэ футурист хот байгуулна гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. NEOM гэх нэртэй энэхүү хот нь Саудын Араб, Египет ба Йордани улсын хил орчим сүндэрлэх бөгөөд нийт 26,500 км2 талбайг эзлэнэ гэж Bloomberg мэдээллэж байна. Энэ нь Нью-Йорк хотоос ойролцоогоор 33 дахин том гэсэн үг юм. NEOM хот нь бүхэлдээ дахин сэргээгдэх эрчим хүчээр хангагдаж, робот, автомат жолоодлоготой автомашин, дрон болон бусад дэвшилтэт технологиор бүрэн тоноглогдсон байх юм. Ерөнхийдөө уг хот нь эдийн засаг, бизнесийн нэгдсэн төв болох ба биотехнологи, эрчим хүч, ус хангамж, хоол хүнс, үйлдвэрлэл, энтертейнмент салбарыг түлхүү хөгжүүлэх аж.

"NEOM хот цоо шинэ газар нутаг дээр, тэгээс эхлэн баригдах болно. Ингэснээр энэхүү хот нь олон зуун жилийн турш баригдсан бүх хотуудаас эрс ялгарч харагдах юм. NEOM  хот нь нийтлэг хүмүүс, нийтлэг компаниудад зориулагдахгүй. Харин дэлхийн бүх мөрөөдөгчдийн цугларах газар байх болно" гэж угсаа залгамжлах хунтайж албан ёсны мэдэгдэлдээ дурджээ.

Одоогийн байдлаар Саудын Арабын засгийн газар, гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчид энэхүү төсөлд зориулж эхний ээлжинд нийт 500 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх нь тодорхой болоод байна. Нийт гурван улсыг холбосон энэхүү бие даасан тогтолцоотой онцгой бүс нь дэлхийн худалдааны урсгалын 10%-ийг хамарсан байршилд оршиж байгаа гэдгээрээ онцлогтой. Албан ёсны мэдэгдэлд NEOM хотын барилгажилтын эхний үе шат 2025 он гэхэд дуусна гэж мэдэгдсэн байна.

Buro.Mongolia

2017-10-25, 16:00

  • Зураг: