Өөрийгөө үнэлэх үнэлэмж хайр дурлалын харилцаанд хэрхэн нөлөөлдөг вэ?

Бидний өөрийгөө болон бусдыг үнэлэх үнэлэмжээс романтик харилцаа шууд шалтгаалж байдаг. Ингээд ч зогсохгүй өөрийгөө үнэлэх үнэлэмж хамтрагчаа сонгох сонголтод хүртэл нөлөөлдөг аж. Тиймээс өөртөө итгэх итгэл нь бидний дэргэдэх хүн болон харилцааны хэв маягт хэрхэн нөлөөлдөг тухай сэтгэлзүйч, сексологич, Alter сэтгэл заслын үйлчилгээний төвийн мэргэжилтэн Артем Химичээс тодруулъя.


Артем Химич

Alter сэтгэл заслын үйлчилгээний төвийн мэргэжилтэн


Бодит ба бодит бус өөрийгөө үнэлэх үнэлэмж гэж юу гэсэн үг вэ?

Өөрийгөө үнэлэх үнэлэмжийг ихэвчлэн түвшин (өндөр, дунд, бага), тогтвортой байдал (тогтвортой, тогтворгүй), бодит байдал (бодит ба бодит бус) зэргээр тодорхойлогддог. Өөрийгөө үнэлэх үнэлэмж бол дотоод (өөрийгөө яаж хардаг) болон гадаад (өөрийг тань хэрхэн хардаг) үзэмж хоёрын тэнцвэр юм. Дээрх хоёр зүйл таарах үед бид өөрийгөө зөвөөр харж, үнэлж эхэлдэг. Жишээ нь, та өөрийгөө ухаантай, царайлаг гэж боддог бөгөөд үүнийг бусад хүмүүс бататгаж, хүлээн зөвшөөрч байвал бодит үнэлгээ болно. Харин хэрэв та өөрийгөө "төгс" хэмээн боддог ч бусдын таныг харах өнцөгтэй нийлэхгүй бол та өөрийгөө бодит бусаар үнэлж буйг илтгэж байгаа юм. Бусад хүмүүсийн биднийг үнэлэх үнэлэмж шударга эсэх нь мэдээж тусдаа асуудал. Гэвч хүн бол нийгмийн амьтан учраас бусдын харах өнцөг ямар нэгэн байдлаар өөрөө өөрийгөө үнэлэх үнэлэмжид, мөн бусадтай үүсгэх харилцаанд хүртэл нөлөөлдөг.


Өөрийгөө үнэлэх үнэлэмж хамтрагчаа сонгоход нөлөөлөх боломжтой гэдгийг харуулах жишээ:

1. Хамтрагчийн хүсэлд нийцүүлэх

Өөрийгөө үнэлэх үнэлэмж доогуур байвал өөрийгөө бусдын төлөө золиослох магадлал өндөр. Тухайлбал, хамтрагчийн хүсэлд нийцүүлэхийн тулд өөрийнхөө төлөвлөгөөг өөрчлөх, хойш тавих гэх мэт. Энэ байдал нь хэн нэгний хэлснээр хийхгүй бол тэр хүнийг “алдчих юм шиг” айдас таны дотор байдаг гэдгийг харуулж буй дохио юм. Ингэснээр тэнцвэртэй бус харилцаа үүсдэг. Нэг нь үргэлж буулт хийж, нөгөө нь аль хэдийн энэ байдалд дассан байдаг.

2. Өөрийн амжилтаа нуух

Өөртөө итгэлгүй хүн өөрийн амжилт, боломжтой амьдралаа харуулахаас айдаг. Жишээлбэл хамтрагчаа хөндийрүүлэхгүйн тулд аль эсвэл атаархал төрүүлэхгүйн тулд амжилтаа нуух нь элбэг. Өндөр орлого, амжилттай карьер зэргээ дурдахгүй өнгөрөх тохиолдол их бөгөөд үүний үр дүнд хөнгөн, хийсвэр харилцаа бий болдог.

3. Байр суурийн төлөөх харилцаа

Өөртөө хэт итгэлтэй хүн нийгэмд эзэлж буй байр сууриа бүр илүү хүчтэй, бат бөх болгохын тулд үүндээ нийцэхүйц хамтрагч сонгох нь олонтоо. Ийм төрлийн хүн нийгэмд бий болгосон "дүр төрхөд" тохирсон хүнийг хайдаг. Асуудлын гол нь ийм харилцаанд нандин, дотно холбоо алдагдаж, хамтрагчийг “хувь хүн” гэдгээр биш зүгээр л “бэлгэ тэмдэг” хэмээн хүлээн авна. Мэдээж энэ харилцаанд ямар ч хайр сэтгэл байх боломжгүй. Мэргэжлийн ном, нийтлэлүүд дээр “нарциссист тэлэлт” гэх ойлголт бий. Энэ бол хамтрагчаа өөрийн үргэлжлэл хэмээн харах ба зөвхөн тодорхой зорилгын төлөө ашиглахыг хэлнэ.


Өөрийгөө үнэлэх үнэлэмж харилцааны хэв маягт хэрхэн нөлөөлдгийн жишээ:

Өөрийгөө үнэлэх үнэлэмж зөвхөн хамтрагчаа сонгоход нөлөөлөөд зогсохгүй харилцааны хэв маягт хүртэл давхар үр нөлөө үзүүлж байдаг. Өөртөө итгэх итгэлийн түвшнээс хамаарч хүмүүс өөр өөр харилцааны хэв маягийг сонгож болно.

Хамтрагч яг л “үүрэг” шиг

Өөрийгөө үнэлэх үнэлэмж бодит биш байх үед тодорхой “үүргийн харилцаанд” орох эрсдэлтэй. Энэ харилцаа бол хосын нэг нь эсвэл хоёул бие биедээ ямар нэгэн “үүрэг” гүйцэтгэдэг харилцааг хэлж байгаа юм. Тухайлбал санхүүгийн дэмжлэг, ахуйн тав тухтай байдал, үр удмаа үргэлжлүүлэх гэхчлэн янз бүрийн үүргийг гүйцэтгэдэг байж болно. 

Өөрийгөө бодитоор үнэлдэггүй хүн зөвхөн тодорхой үүрэг гүйцэтгэх нэгнийг хайдаг ба тэд тухайн үүргийг нь гүйцэтгэсээр байвал харилцаагаа үргэлжлүүлсээр байх болно. Ихэнх хүмүүс “хүүхдийн”, “ээж аавын”, “том хүний” гэх мэт үүрэг гүйцэтгэх хүнийг хайдаг. Жишээлбэл хайрлаж халамжлах, туслалцаа дэмжлэг үзүүлэх (эцэг эх), халамжлуулах, хяналтад байх (хүүхэд), яг л алгоритм мэт үргэлж ухаалаг, найдвартай байх (том хүн) үүргийг гүйцэтгэдэг.  Гүйцэтгэж байсан үүрэг нь өөрчлөгдөх юм бол хамтрагчийнхаа гол хэрэгцээг хангаж чадахаа больсноор харилцаанд асуудал үүсэж эхэлдэг. Учир нь хамтрагч бусад үүргээ ганцаар гүйцэтгэж чадна. Харилцаа дуусгавар болоход тухайн үүргийг гүйцэтгэх өөр нэгэн хамтрагчийн эрэлд гардаг байна.

Хамтрагч яг л “зугаа” шиг

Зарим нэгэн хүн зөвхөн уйдсандаа эсвэл ганцаардсандаа хостой болдог. Учир нь өөртөө итгэлгүй хүнийг өдөр тутмын амьдралаас сатааруулах, зугаацуулах хэн нэгний хэрэгцээ гарах нь элбэг.

Мэдээж цаг хугацаа өнгөрөхийн хэрээр “зугаацуулах” үүрэгтэй хамтрагч нь тухайн үүргээс залхаж эхэлдэг бөгөөд удалгүй харилцаа дуусгавар болоход хүрдэг.


Өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлж, хэрэгцээгээ ойлгосны үндсэн дээр хосоо хэрхэн сонгох вэ?

Өөрийгөө үнэлэх үнэлэмж бол өөрчилж болохгүй зүйл биш бөгөөд үүнийг хэзээд нэмэгдүүлэх боломжтой. Хэрхэн өөрчлөх болон хамтрагч сонгох талаар хэд хэдэн зөвлөгөөг хүргэе.

    Хил хязгаар тогтоож сурах

    Өөрийнхөө юу хүсэж буйг тодорхойлж, үнэт зүйлээ ойлгосноор хил хязгаар тогтоож сурна. Өөрөөр хэлбэл бусдын хүсэлд нийцүүлж шийдвэр гаргахаас зайлсхийх боломжтой.

    Хэрэгцээгээ ярих

    Эрүүл харилцаа хүсэж байвал шударга байх хэрэгтэй. Өөрийгөө бодитоор үнэлдэг хүн хамтрагчтайгаа хэрэгцээ, хүсэл сонирхлоо хуваалцахаас айдаггүй бөгөөд цаг үргэлж санаанд нь нийцүүлэхийг шаарддаггүй. Хэрэв одоогийн харилцаа тань сэтгэлд хүрэхгүй байгаа бол яагаад нээлттэйгээр ярилцаад үзэж болохгүй гэж?

    Харилцаандаа ямар үүрэг гүйцэтгэж буйгаа анхаарах

    Хамтрагч бол үүрэг гүйцэтгэгч нэгэн биш хувь хүн гэдгийг хүлээн зөвшөөрөгдөх ёстой. Өөрийн хүлээлт, боломжийг хамтрагчийн хүлээлт, боломжтой харьцуулаад үзээрэй. Жишээлбэл, зөвхөн сексийн төлөө эсвэл зөвхөн өөрийгөө материаллаг байдлаар хангуулахын төлөө хамтрагч хайж байгаа гээд төсөөлөөд үзье. Хэрэв хосууд үүнийг ярилцаж тохироод, зөвшөөрөлцсөний үндсэн дээр ийм харилцаанд орсон бол энэ огт асуудал биш. Харин ярилцалгүй, аль нэг тал нь үүнтэй санал нийлэхгүй бол асуудал үүсэх өндөр магадлалтай.

    Тааламжгүй харилцаанаас татгалзах зоригтой байх

    Эрүүлээр өөрийгөө үнэлдэг хүн хувь хүний хүсэл, сонирхол нь үл ойшоогдож буй ямар ч нөхцөлд “үгүй” гэж хэлж чаддаг. Өөрийнхөө үнэ цэнийг мэддэг байснаар хий хоосон зайг нөхөх хэн нэгнийг олох бус, өөрт тохирох хамтрагчаа ухамсартайгаар сонгох боломжийг олгодог.


    Юунд анхаарал хандуулах вэ?

    Зарим хүмүүс нэг нэгнээ “хувь хүн” гэдгийг нь хүлээн зөвшөөрч гайхалтай гүн гүнзгий, бүрэн бүтэн харилцааг бий болгож чаддаг. Бодит бус өөрийгөө үнэлэх үнэлэмжтэй хүмүүс хүлээлт үүсгэсэн, нэгнээсээ хамааралтай, үүрэг гүйцэтгэх харилцааг үүсгэх хандлагатай байдаг.

    Мэдээж хэрэг өөрийгөө үнэлэх үнэлэмж нь харилцааны бүх асуудалд нөлөөлдөг гэж бүү бодоорой. Энэ бол таны харилцааны асуудлын зарим хэсгийг ойлгох боломжийг олгодог жижигхэн түлхүүр юм. Хүний оюун санаа бол “эвлүүлдэг тоглоом шиг” маш олон хэсгээс бүрддэг. Өөрийгөө үнэлэх үнэлэмж бол түүний нэгээхэн хэсэг. Энэ бол цогц ойлголт бөгөөд харилцаанд тань тохиолдож буй зүйлсийн цор ганц тайлбар биш гэдгийг тэмдэглэх нь зүйтэй биз ээ.

    Ц. Усанболор

    2025-01-16, 14:32