Сальвадор Дали таны төрсөн эцэг болох нь тогтоогдвол яах вэ?

Пилар Абель гэх эмэгтэй Сальвадор Далигийн цогцсыг ухан гаргахыг шаардаж байна

Пилар Абель гэх 60 настай эмэгтэй өөрийгөө алдарт сюрреалист зураач Сальвадор Далигийн төрсөн охин хэмээн 10 гаруй жилийн турш батлахыг оролдож байна. Тэрээр анх 2007 онд олон нийтийн анхааралд өртсөн бөгөөд энэ хугацаанд Сальвадор Далигийн цогцсыг ухан гаргаж, шинжилгээ хийхийг шаардсан байдаг. Харин Абелийн энэхүү хүсэлтийг саяхан Испанийн шүүх хүлээн авчээ. Ингэснээр Сальвадор Далигийн цогцсод ДНХ шинжилгээ хийн түүнийг тухайн эмэгтэйн төрсөн эцэг мөн эсэхийг баттай тогтоох боломжтой болж байгаа юм. Пилар Абель өмнө нь уран бүтээлчийн шохойн масканд хадгалагдан үлдсэн үс ба арьсны хэлтэрхийгээр шинжилгээ хийлгэж байсан боловч ямар нэг үр дүнд хүрээгүй билээ.

Пилар Абелийн үзэж буйгаар Сальвадор Дали 1955 онд Порт-Льигат гэх газар түүний ээжтэй танилцан хайр сэтгэлийн нууц холбоотой байсан гэнэ. Энэ тухай Абельд түүний эмээ ярьж өгчээ. Тухайн үед Сальвадор Дали 49 настай байсан бөгөөд Гала гэх эхнэртэй байсан аж. Мөн Гала ба Дали нар хэзээ ч хүүхэдтэй болж байгаагүй юм.  

Алдарт зураачийн булш Фигарес дахь Далигийн музейн нутаг дэвсгэрт байршдаг. Түүний булшийг хэзээ ухан гаргах нь одоогоор тодорхойгүй байгаа ч испанийн хэвлэл мэдээллийн мэдэгдсэнээр сарын дараа гэхэд шинжилгээ хийх боломжтой болох гэнэ. Хэрэв Пилар Абель Сальвадор Далигийн төрсөн охин мөн болох нь батлагдвал тэр уран бүтээлчийн 300 сая еврогоор үнэлэгдэх эдлэн газраас тодорхой хэмжээний хувь хүртэх болно.

 

 

Buro.Mongolia

2017-06-27, 15:00

  • Зураг: