Хэрхэн хатан хаан шиг удирдах вэ: II Элизабетээс суралцах хэрэгтэй манлайллын хичээл

Их Британийн хатан хаан 92 нас хүрчээ

Их Британийн хатан хаан II Элизабет өчигдөр 92 насыг зооглосон гэдгийг хүн бүр мэдэж байгаа биз ээ. Их Британийг 66 жилийн турш удирдсан тэрбээр мэдээж хэрэг манлайллын маш арвин туршлагатай байх нь гарцаагүй. Тиймээс бид зөвхөн хатан хааны гэр бүлийнхэн төдийгүй энгийн хүмүүс ч сурч, бодит амьдрал дээр хэрэгжүүлж болох удирдагчийн чанаруудыг нийтлэхээр шийдлээ.

Үүрэг хариуцлагаа нэр төртэйгөөр хүлээн авах

Анхандаа II Элизабет хаан ширээнд суух төлөвлөгөөгүй байсан юм. Их Британийн хаан ширээг түүний авга ах VIII Эдвард ба түүний удам угсаа залгамжлах ёстой байлаа. Харин VIII Эдвард хаан ширээнээс татгалзсанаар энэ үүрэг нь түүний дүү, Элизабетийн аав VI Георгод шилжин ирсэн юм.

II Элизабетийн хаан ширээнд суух ээлж ирэхэд залуу бүсгүй юу мэдэрч байсныг хэлэхэд бэрх ч тэрээр олон нийтийн өмнө бие болон үйл хөдлөлөө төгс захирч чадаж байсан билээ. Тэрбээр өөрийн үүрэг хариуцлагыг ямар ч гомдол, эсэргүүцэлгүй хүлээн авсан нь авга ах нь хаан ширээнээс татгалзсанаас болж улс оронд нь үүсээд байсан тогтворгүй нөхцөл байдлыг "зөөллөж" өгч байсан юм.

Олон нийтээс нуугдалгүй, дэс дараалалтай ажиллах

Хатан хаан "үндэсний бэлгэ тэмдэг болж, нэгдэл, бахархал, тэнцвэртэй, бат бөх байдал ба залгамжийг илтгэх" үүрэгтэй байдаг. Харин II Элизабет өөрийн үүргийг домог болгож чадсан юм. Тухайлбал түүний нэг өнгийн хувцаснууд, уламжлалт үс засалт, тэр ч бүү хэл хатан хааны хайртай корги ноход нь түүхэнд үүрд бичигдэн үлдэнэ. Хатан хаан маш олон жилийн туршид Их Британийн тэсвэр тэвчээр, бат бөх байдлыг төгс илтгэсэн хэв маягийг баримталж ирсэн юм.

Хатан хаан II Элизабет одоо ч гэсэн маш эрчимтэй хуваарийн дагуу ажиллаж, олон нийтийн үйл ажиллагаанд оролцдог. Жишээ нь тэрбээр 2015 онд 89 насандаа нийт 341 уулзалт хийсэн бөгөөд үүнээс 35 нь хилийн чанадад товлогдсон байдаг.

Шаардлагатай үед тайлбар хийх хэрэггүй

Их Британийн хатан хаан улс төр, нийгэмд тулгамдсан хурц асуудлын үеэр бараг л мэдэгдэл хийдэггүй нь түүний удирдлагын нэгэн стиль болон хувирчээ. Тэрбээр өөрийн илтгэлдээ ихэвчлэн гэр бүл, шашин шүтлэг, улс орны тухай дурдсан байдаг. Мөн хатан хаан хүүхэд, амьтан, байгаль орчин ба урлагийг чиглэсэн сайн үйлсийн ажил хийдэг байна.

Тэрбээр 2014 онд Шотланд улс Нэгдсэн Вант улсаас гарах тухай бүх нийтийн санал асуулгын талаар цорын ганц удаа мэдэгдэл хийж байжээ. Хатан хаан "Ард түмэн өөрсдийн ирээдүйн талаар маш сайн бодно гэдэгт би найдаж байна" хэмээн хэлсэн байдаг.

Buro.Mongolia

2018-04-23, 15:00

  • Зураг: